
Үндэсний уул уурхайн Энержи Ресурс компанийн хувьд Ухаа Худаг нүүрсний уурхайд 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уурхай дагасан дэд бүтцийн асуудлуудыг цогцоор нь шийдэж, төслийг бүхэлд нь аж үйлдвэрийн цогцолбор утгаар хөгжүүлж байгаа юм байна. Энэ оны 6-р сард тус уурхайд Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, нэмүү өртөг шингэсэн нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлох ажлыг эхлүүлсэн. Ус хангамжийн орчин үеийн систем мөн л өнгөрөгч зун ашиглалтад орсон бол араас нь цоо шинэ цахилгаан станц ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Шинэ станц уурхайн цогцолборын эрчим хүчний нийт хэрэгцээг хангаад зогсохгүй төвийн эрчим хүчний системээс алслагдсан Цогтцэций сумыг эрчим хүчээр хангаж байна.
Станцын төслийн менежментийг дотоодын эрчим хүчний салбарт 20 шахам жилийн туршлагатай М-Си-Эс Интернейшнл компани хариуцаж, зураг төсөл, барилга угсралт, туршилт тохируулгын ажлуудыг олон улсын стандартын түвшинд өндөр хурдтайгаар хийж гүйцэтгэсэн байна. Дан монгол инженерүүдийн ур ухаан, хүч хөдөлмөрийн дүнд боссон анхны цахилгаан станц гэдгээрээ ч энэ нь улс орны хэмжээнд онцлохуйц чухал үйл явдалд тооцогдож байгаа юм. Нөгөө талаас уурхайн дэд бүтцийг монголчууд дангаараа шийдвэрлэхэд хүндрэлтэй, боломжгүй гэх ойлголт өөрчлөгдөж байгааг энэ бүхэн бэлхнээ харуулж байна. Ер нь Ухаа Худагт явагдаж байгаа цогц бүтээн байгуулалтын ажил олон улсын шилдэг технологид суурилсан хэр нь дан монгол залуусын хүчээр бүтэж, хурдацтай өргөжиж байгаа юм.
Ухаа Худагийн цахилгаан станцын нээлттэй холбогдуулан бид Энержи Ресурс компанийн Төслийн удирдлага хариуцсан Дэд Ерөнхийлөгч Ч.Даваахүүтэй уулзаж, товч тодруулга авлаа.
-Юуны өмнө шинэ станцыг говь нутагт амжилттай барьж байгуулсан танай хамт олонд баяр хүргэе. 18 мегаватт гэхээр жирийн хүмүүсийн хувьд ойлгомжгүй байж магадгүй юм. Хэдий хэр хүчин чадалтай болохыг хамгийн энгийнээр тайлбарлавал?
-Хамгийн ойрын жишээ татахад, нэг аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ ойролцоогоор 3 Мвт байдаг. Цогтцэций сумын хувьд сүүлийн үед эрчим хүчний хэрэглээ нь нилээдгүй нэмэгдэж, 0.3 Мвт болсон. Тэгэхээр 18 Мвтын хүчин чадал гэдэг нь дунджаар 6 аймгийн төвийн эрчим хүчний хэрэглээг хангахуйц эх үүсвэр гэж ойлгож болно. Ухаа Худаг уурхай болон түүнийг дагасан бүтээн байгуулалт, хэрэглээний өсөлтийг тооцон 18 Мвт суурилагдсан хүчин чадалтай байхаар сонголтыг хийсэн.
-Барилгын ажил хэдий хэр хугацаанд явагдав? Мөн гүйцэтгэгчээр ямар компани ажилласан бэ?
-Манай станцын төслийн менежментийг МСи- Эс Интернейшнл компани бүрэн хариуцаж, мэргэжлийн өндөр түвшинд ажилласан. Туслан гүйцэтгэгчээр Мез, Эрчим Сүлжээ, Хасу мегаватт гэх мэт дотоодын эрчим хүчний салбарт баялаг туршлагатай, нэр хүндтэй компаниуд гар нийлж ажиллалаа. Ерөнхийдөө барилгын ажилд дотоодын 120 орчим компанийн 1500 гаруй хүн гар бие оролцож, өвлийн улирлыг хасвал ердөө жил гаруйхны хугацаанд үргэлжилсэн гэхээр маш эрчтэй ажилласан нь ойлгогдож байгаа байх.
Үйлдвэрлэл, дэд бүтэц сайн хөгжсөн, цаг агаарын таатай нөхцөлтэй БНХАУ-д иймэрхүү төстэй станцыг 24-30 сард барьдаг туршлага байдаг юм байна лээ. Харин бидний хувьд дэд бүтэц сул хөгжсөн, алслагдмал бүс нутагт, цаг агаарын эрс тэс нөхцөлд шинэ технологийг нэвтрүүлж цахилгаан станц барих төслийг маш богино хугацаанд амжилттай дуусгалаа. Гол гүйцэтгэгч М-Си-Эс Интернейшнл компани маань сүүлийн 20-иод жилийн хугацаанд гадаад, дотоодын олон төсөл амжилттай хэрэгжүүлж, эрчим хүчний бүхий л чиглэлээр баялаг туршлага хуримтлуулсан, төслийн удирдлага ба инженерингийн арга барилыг үр дүнтэй нэвтрүүлж чадсаны үр дүн гэж үзэж байгаа
-Цахилгаан станцын технологийн онцлог давуу талуудын тухайд?
-Монголд ажиллаж байгаа цахилгаан станцууд голцуу усны хөргөлтийн системтэй байдаг. Харин говь нутагт дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд хамгийн гол харгалзаж үзэх ёстой зүйл бол усны асуудал байдаг. Энэ утгаараа бид говь нутгийн байгалийн онцлогт дээд зэргээр тохирсон, усны “0” хэрэглээ бүхий хуурай хөргөлтийн системийг станцдаа нэвтрүүлсэн. Мөн Цогтцэций сум орчмын цаг агаарын олон жилийн дундаж үзүүлэлтэнд суурилж, өвлийн хүйтэн, зуны халуунд тэсвэртэй, уян хатан ажиллах нөхцлийг бүрдүүлсэн онцлогтой. Ер нь олон талаараа Монголд анхдагч, өртөг өндөртэй, дэвшилтэт технологи ашиглахыг зорьж ажилласан. Олон улсын байгууллагуудаас тавигддаг байгаль орчны болон холбогдох стандартуудад ч бүрэн нийцэж байгаа. Мөн шинээр 230 гаруй ажлын байр бий болгож байгааг дурдах нь зүйтэй байх.
-Шинэ дэвшилтэт технологи ашиглаж, богино хугацаанд барьсан гэхээр өртөг өндөртэй байх нь ойлгомжтой. Дунджаар хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдсан бэ?
-Тийм ээ, өртөг зардал гэхээсээ үр дүнтэй ажиллагааг илүүтэй харгалзаж үзсэн. Дэд станц болон дамжуулах шугамын зардлыг тооцохгүйгээр бодоход нийт 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон байгаа.
-Ярилцсанд баярлалаа.