Бичлэгийн тоо 3,329
Шашин шүтлэг, арьс өнгө, яс үндэс, нийгмийн байдлаас үл хамааран хүн төрөлхтөн өчигдөр Дэлхийн энх тайвны өдрийг арав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэв. Эл өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд Бан Ги Мүн энхтайвны хонх цохиж, дэлхий даяар үдийн 12.00 цагт нэг минут чимээгүй зогсохыг уриалсан. Манайд ч мөн шашны урсгалын төлөөллүүд их жанжны талбайн урдах Энхтайвны хонхыг цохиж, лаа асаан, нэг минут чимээгүй зогслоо.
Энэ арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу нээж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг сонордуулсан. Түүнчлэн манайд үйл ажиллагаа явуулдаг шашны бүх урсгалынхан өчигдөр сүм, хийддээ энх тайвны төлөө мөргөл үйлдэн, ном хурсан байна. Анх 1954 онд Нью-Йоркт Энхтайвны хонхыг 60 гаруй орны хүүхдийн хандивласан зоосон мөнгөөр бүтээснээс хойш хагас зууны турш хүн төрөлхтөнд энхийг “уриалан” жингэнэсээр иржээ.