Moderator: mgl_300
Эмэгтэй хүн төрдөггүй, харин эмэгтэй хүн болдог
Эмэгтэйчүүд өөрсдөө сайн дураараа эрчүүдэд байр тавьж өгсөн явдал мөн, ингэснээрээ эмэгтэйчүүд экзистенциал хариуцлагаас мултрах бололцоотой болсон хэмээжээ. Энэ нь “сонголт” бол үргэлж “хариуцлага”-ыг дагуулж байдаг гэсэн Сартрын экзистенциалист үзлээс үүдэлтэй юм. Эмэгтэйчүүд өөрийн чөлөөт сонголтоосоо сайн дураараа татгалзан хариуцлагаас зугтаж оршихуйнхаа мөн чанарыг гээсэн юм. Тэд эрчүүдийн ертөнцөд “зочин” байх сонголтоо өөрдсөө хийдэг. Тиймээс Бовуар “Эмэгтэй хүний оршихуй” гэсэн ойлголтыг экзистенциалист философид гарган ирсэн билээ. Энэ үзэл нь эмэгтэйлэг болон эрэгтэйлэг байдал гэгч нь хэрхэн бүтээгддэг болон хэрхэн дэлхий улс төр тодорхой нэг төрлийн "эрэгтэй" болон "эмэгтэй" хүмүүсийг бий болгодог талаарпост-модернист феминизмд нөлөөлсөн юм.
Эмэгтэй хүнийг бага наснаас нь л эцэг эхийн хайр халамжинд өлгийдөн өсгөдөг байна. Энэ нь эмэгтэй хүнийг хэн нэгнээр хайрлуулах гэсэн, хамгаалалтанд байх гэсэн инстинктийг бий болгодог төдийгүй, өөрөө өөрийгөө бүтээх мэдрэх, өөрийн гэсэн зорилготой байх гэсэн оршихуйн асуудлыг нь үгүй хийдэг байна. Хүн өөрт байхгүй зүйлдээ тэмүүлэн түүнд хүрэх, түүнийг авах гэсэн эрмэлзлэлтэй байдаг ба түүнийгээ хэрэгцээ, хүсэл хэмээн зөөлнөөр нэрлэж, бусдын тийм хүслийг харахаараа шунал гэж зэвүүцэцгээдэг нь жам ёс юм. Хүний энэхүү шунал нь лавшрахаараа эд баялаг, эсвэл өөрөөсөө сул дорой байгаа хэн нэгэн хүнийг эзэрхэх гэсэн хүсэл болж хувирдаг билээ. Нөгөө талд мазохист шинжийн үр сууна.
Өмнөх онолууд эмэгтэй хүний нийгмийн нөхцөл байдлыг өөрчилж, эмэгтэйг “хамаарал”-тай байдлаас чөлөөлөх тухай ярьсан бол Симон Дө Бовуар нийгмийн хүрээнээс хальж, бие хүний үл давтагдах бодгаль шинжийн хүрээнд асуудлыг дэвшүүлж, эмэгтэй хүний экзистенциал нөхцөл байдлыг бүх үе шатаар нь авч үзэхдээ: хүүхэд байхаас эхлээд нас өтөлтлөө “эмэгтэй хүн байна” гэдэг нь “хувь тавилан бус харин байгаа байдал л” юм гэдгийг илтгэн харуулсан байна. [1] Эмэгтэй хүний трансцендэнт байдал ямагт бусдын мөн чанарлаг, бие даасан ухамсраар дамжин хэрэгждэг учир ийнхүү обьект болгон тодорхойлсноороо имманент байдалд царцаахыг зорьдог. Өөрийгөө ямагт хамгийн чухал гэж үзэх аливаа субьектын суурь санаархал ба түүнийг чухал биш хэмээн тодорхойлж буй нөхцөл байдлын шаардлага хоёрын дундах зөрчил нь эмэгтэй хүний зовлон болдог. Тиймээс хүн өөрийгөө эмэгтэй хүний байрь сууртнд хэрхэн дотоод, өөрийн мөн чанараа хэрэгжүүлж болох вэ? гэсэн асуултандаа хариулт олохыг оролдохдоо эмэгтэй хүний “аз жаргал”-тай байх гэсэн ойлголтыг бус “эрх чөлөө”-тэй байх гэсэн ойлголтонд суурилан тайлбарласан нь “эмэгтэй хүн” гэдэг ертөнцийг психологи, түүх, биологи, нийгэм, эдийн засаг, философийн үүднээс нээсэн нь түүний философийн онцлог юм.
Тиймээс Симон Дө Бовуар эмэгтэй хүний оршихуйн асуудлыг дотоодоос нь гарган ирснээрээ нийгэм дэх зөрчил, эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалт нь зөвхөн гадны нөлөө буюу эрчүүдийн ертөнцөөс бус харин эмэгтэйчүүдийн “дотоод колончлол”-ын ч үр дагавар юм хэмээн үзсэн. Хүйс доторх зөрчил буюу эмэгтэйчүүдийн өөр хоорондын дайсагналцал, бусдын обьект болгон үзэх үзэл нь тэднийг басхүү сул дорой, зөрчилт , дайвар, барьцгүй ертөнц болгон нийгэмд, олонхид харуулдаг. Тиймээс “эмэгтэй хүн төрдөггүй, харин эмэгтэй хүн болдог” байна.