У.С.САЙМОН: Монгол Улс геополитикийн хувьд Орос, Хятадын эрхшээлд яагаад ч орохгүй
Уншсан 7717 vote 0 2011.09.05 15:43:24
Саймон Уйлхам Смитт монгол хэлийг бие даан сурсан, лам хүн. Америкт амьдардаг тэрбээр Монголын уран зохиолыг 12 жил орчуулж байгаагаас гадна Вашингтоны их сургуульд энэ сэдвээр докторын ажил хийж байгаа. Саймон миний хувьд их өвөрмөц ертөнцтэй нэгэн мэт санагдсан. Лам хүн байсан болохоороо ч тэрүү уран зохиол нь хүний зүрхийг эмчилж аз жаргалтай болгодог гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг юм билээ. Түүнийг ойлгоход надад хялбар байсан гэж худлаа ярихгүй. Түүний ертөнцөд нэвтрэхэд юмыг харж, хүлээж авах өнцөг зэрэг нь тун сонирхолтой байсан. Тиймээс хамтдаа Саймоны ертөнцөөр аялахыг урья.
-Оройн мэнд, бидэнтэй ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Та юуны түрүүнд Монголын уран зохиолыг орчуулах болсон талаараа ярихгүй юу?
-Би лам байхдаа Данзанравжаагийн тухай мэдэх болсон. Түүний бүтээл сонирхлыг минь татаж, орчуулах хүсэл төрсөн юм. Ер нь тэр цагаас хойш би Данзанравжаатай их ойрхон болсон. Тэр миний сахиус болж одоо ч намайг хамгаалж явдаг гэдэгт би итгэдэг. Түүний бүтээлийг орчуулж дууссаны дараа би яруу найрагч Мэнд-Ооёотой танилцсан. Тэр намайг Монголд урьж олон сайхан зохиолчтой танилцуулсан. Тэгж л монгол уран зохиолын орчуулгын ажил жинхэнэ утгаараа эхэлсэн юм даа. Би өөртөө таалагдсан шүлэг, зохиолыг л орчуулдаг. Одоо Д.Нацагдоржийн бүтээлүүд болон хувьсгалын өмнөх үеийн тухай бүтээл орчуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, хувьсгал хэрхэн уран зохиолд нөлөөлөв гэдгийг гаргаж ирэхийг хичээнэ.
-Бусад орны уран зохиолтой харьцуулахад Монголынх төвөгтэй орчуулагддаг уу?
-Үгүй ээ, миний бодлоор үгсийг нь орчуулна гэдэг нэг хэрэг, харин соёл заншлыг нь орчуулна гэдэг шал өөр. Тиймээс ихэнх үед би Монголын соёлыг орчуулах гэж илүү их хөдөлмөр зарцуулдаг. Ааруул гэдэг үгээр л жишээ авъя л даа. Англи хэлэнд ааруул гэдэг үгийг төлөөлөх үг огт байхгүй. Тэгэхээр би ааруул гэж ямархуу дүрстэй, яаж хийдэг эд вэ гэдгийг нь тайлбарласан нэлээд урт өгүүлбэр бичих хэрэгтэй болдог. Гэтэл монголчууд ааруул гэж хэлэнгүүт юу байдгийг нь шууд ойлгоно шүү дээ. Ер нь Монголын соёлыг барууныханд ойл гомж тойгоор буулгахад төвөгтэй байдаг гэж хэлж болно.
-Бидний нүүдэлчин соёлыг дүрсэлсэн бүтээл эрэлт хэрэгцээтэй байдаг нь мэдээж хэрэг. Харин орчин цагт бичсэн, өнөөгийн Монголын тухай ном гадаадынхны анхаарлыг татах болов уу?
-Миний бодлоор сайн ном байвал тэр сонирхолтой байдаг. Хаанахын зохиолч бичсэн нь тийм ч чухал биш. Нигер, индонез, монгол, америк ч ном байж болно шүү дээ. Сайн бичиж, сайн орчуулсан эсэх нь чухал. Ном нь монгол гэдгээрээ анхаарал татахаасаа илүүтэй ерөнхий утга сайтай бол хүмүүст сонирхолтой.
-Европчуудын ойлголтоос тэс ондоо Монголын өдөр тутмын амьдралыг дүрсэлсэн бүтээлүүдийг барууны уншигчид хэр хүлээн авч байна вэ?
-Миний орчуулсан бүтээлүүдийг уншсан хүмүүс дуу алдан хүлээн авдаг.
-Одоогийн байдлаар таны бүтээлүүд хаана зарагдаж байна вэ?
-Англи, Америк болон Монголд “Интер ном” болон Их дэлгүүрт зарж байгаа. Илүү олон газарт зарах бодолтой. Учир нь Мэнд-Ооёогийн “Алтан овоо”-г л жишиж үзье л дээ. Энэ бүтээл барууныханд их ойлгомжтойгоос гадна эрэлт хэрэгцээтэй болно гэдэгт би зуун хувь итгэлтэй байна. Мэдээжийн хэрэг тэдний сонирхлыг улам татахын тулд Мэнд-Ооёо гэж хэн бэ гэдгийг бас танилцуулах хэрэгтэй л дээ. Энэ нь мөн л миний ажил. Би Монголын соёлыг барууныханд тайлбарлаж энэ тухай унших нь яагаад сонирхолтой гэдгийг ойлгуулах үүрэгтэй хүн.
Одоо цагт Монголын тухай мэдлэг их чухал болж. Барууныхан монголчуудын зан заншлыг ойлгохгүйгээр уул уурхайн олон компани байгуулчихвал энэ нь жинхэнэ сүйрэлд хүргэж магадгүй. Барууны соёлтой хүмүүс Афганистаны соёлыг ойлгохгүй тус улс руу орсон гашуун туршлага бий шүү дээ.
-Уран зохиолоор нь дамжуулан тухайн улсын үнэт зүйл, бодол санааг мэдэрч болдог. Монголын уран зохиол бусад орныхоос юугаараа ялгардаг вэ?
-Хүмүүс нь газар дэлхийтэйгээ хэрхэн холбогддогийг харуулдаг юм. Энэ холбоо нь их өвөрмөц болоод онцгой. Мөн бөөгийн шашинтан болон буд дистуудын итгэл үнэмшил нь үгс дотор нь нууцхан байдаг юм шиг санагддаг. Монголын хэлзүй барууныхаас их ялгаатай.Тиймээс монголчууд хэрхэн бодол санаагаа илэрхийлдэг нь тэдний эртнээс уламжилж ирсэн нийгмийн ДНХ-тэй холбоотой байх. Орчуулагчийн хувьд монгол сэтгэхүйг ойлгохоос гадна үүнийг нь америк юм уу, англи сэтгэхүй рүү буулгах нь их чухал.
-Миний хувьд тантай уулзах нь нэр төрийн хэрэг. Учир нь Монголын залуус өөрийн уран зохиолыг уншихаас илүүтэйгээр гадаадынхруу шуурдаг. Ялангуяа цус сорогч, шидтэн зэргийн тухай бүтээлийг сонгох болсон энэ цагт гадаад хүн манай уран зохиолд ийм их дуртай нь сайхан санагдаж байна. Яагаад Монголын залуус монгол бүтээлээ шимтэж уншихгүй байгаа юм бол?
-”Twolight”, “Harry potter” зэрэг бүтээл нь олон хүний хувьд муу сортых мэт санагддаг. Гэхдээ чи бид хоёрт энэ нь сохирхолтой санагдахгүй ч бусдын ийм сонголт нь буруу гэсэн үг биш шүү дээ. Тэдэнд Д.Нацагдоржийн бүтээлээс илүү цус сорогчийн түүх ойрхон санагдаж байгаа. Ямартай ч иймэрхүү бүтээлийг уншаад ч болтугай унших дур хүслийг хөгжүүлэх юм бол яагаад уншиж болохгүй гэж. Ер нь бол хүн болгон өөрсдийнхөө сонголтыг хийх хэрэгтэй шүү дээ.
-Монгол хэлний үгийн баялаг хэр байна гэж Та боддог вэ?
-Миний бодлоор хэл болгон хэлж дүрслэх хэрэгтэй бүхнээ л хэлж дүрсэлдэг. Англиар ярьдаг бидэнд хэлэх хэрэггүй ч монголчуудад өдөр тутмын хэрэглээ болсон үгс бий. Үүнтэй адил монголчуудад хэлэх шаардлагагүй юмс англиар ярьдаггүй хүмүүсийн хувьд тун хэрэгтэй байдаг. Монгол хэлэнд байдаг морины өнгө, зүс насыг тодорхойлох олон үг бидэнд ямар ч хэрэггүй шүү дээ. Харин монгол малчдын өдөр тутмын хэрэглээ болсон байдаг, өөр ч яах билээ. Би олон хүн монгол хэл хэр баялаг тухай мэтгэлцэж байсныг мэднэ. Гэхдээ энэ мэтгэлцээн ямар ч ашиггүй тэнэг зүйл гэж боддог.
-Коммунизмийн үед нууцхан ч гэсэн уран зохиол эрх чөлөөг дуулдаг байсан, хүйтэн дайны үед эрэлхэг зоригтой байвал эх орноо амь насаа хайрлалгүй хамгаалахыг уриалдаг байсан. Өнөөдрийн Монголын уран зохиол юуг дуулж байна вэ?
-Миний бодлоор Монголын эрх чөлөө, байгаль орчныхоо нь тухай. Илүү европжсон Аюурзана, Өлзийт өгс, Галсансүх, Од гэрэл нарын зохиолч Монголын дэлхийн тавцанд эзэлж буй байр суурийг ойлгож, Монгол хэрхэн барууны орнуудтай холбогдож байгааг харуулахыг хичээдэг. Б.Явуухулангийн шавь нар бол харин үндэсний соёл заншлаа алдалгүйгээр хөгжүүлэх вэ гэж тэмцэж байгааг харуулдаг. Үүний жишээ нь Мэнд-Ооёогийн зохиолууд юм. Миний бодлоор хуучин ба шинэ үеийн тэмцэл сүүлийн 20 жилийн турш Монголын уран зохиолын хамгийн чухал сэдэв байсан.
-Хэрвээ та барууныханд Монголын тухай ганцхан зүйлийг ойлгуулах боломжтой байсан бол юуг ойлгоосой гэж хүсэх вэ?
-Монголын тусгаар тогтнол нь монголчуудын эх дэлхийтэйгээ холбогдсон гүн холбоостой шууд хамаатай. Геополитикийн хувьд Монгол улс Орос Хятадын эрхшээлд яагаад ч орохгүй.