
Мэргэжлийн сүмогийн 68 дахь
их аварга Асашёорюү Д.Дагвадорж CNN телевизэд ярилцлага өгчээ. Тус
сэтгүүлийн сурвалжлах баг Монголд ирж, Асашёорюүгийн ажлын өрөөнд зураг
авсан байна. Ширээний ард компьютер ширтэн, хэзээний бизнесмений төрхтэй
болсон тэрбээр “Японд 15 жил амьдарч сүмогийн оргилд хүрсэн. Харин одоо
бизнесмений хувьд амжилтад хүрэх зорилготой байна” гэж ярьсан байна.
CNN телевизийнхэн түүнтэй цуг Улаанбаатар хотын гудамжаар алхахад хүмүүс
Асашёорюүг “Аварга аварга” хэмээн хүндэлж байгааг хараад түүнээс
алдартай хүн Монголд бий болов уу хэмээн гайхширчээ. Асашёорюү “Миний
үеийнхэн Монгол Улс ардчилсан замд орохыг нүдээрээ харсан улсууд. Энэ
эрх чөлөөт орондоо байхад үнэхээр аз жаргалтай байдаг. Дэлхийд алдартай
тэрбумтан болж чадахгүй байж магадгүй ч ямар ч гэсэн энэ салбарт
амжилтад хүрэх болно. Гэрэлт ирээдүйтэй Монгол оронд амьдарч байгаа хэн ч
амжилтын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй” хэмээн ярьжээ. CNN телевизийн
сурвалжлагч Стан Грант “Асашёорюү барилдаж байсан үеийнхээсээ турсан
боловч амжилтанд хүрэх, ялах гэсэн чин сэтгэл нь хувираагүй байна. Та
хэзээ нэгэн цагт Монголын Ерөнхийлөгч болох юм биш биз гэж асуухад
инээгээд яаж ч магад гэж хариулсан” хэмээн ярьж байна.