
Монголд цөмийн хаягдал
булшлахыг эсэргүүцэж, Монголын эрсдэлийн менежментийн холбооноос
Сүхбаатарын талбайд өчигдөр тайван цуглаан хийлээ. “Цөмийн хаягдлын
эсрэг Монголын залуусын боловсролын өдөрлөг”-т нэгдэхээр ирсэн залуус
цацраг идэвхт бодис, цөмийн хаягдал гэж юу болох талаар иргэдэд мэдээлэл
өглөө. Монголын эрсдэлийн менежментийн холбооны захирал Д.Ганбаяр
“Цөмийн урвалын төгсгөлд үүсэх цацраг идэвхт бодисууд 20-4000 сая жилийн
турш хорт цацраг ялгаруулсаар байдаг. Аймшигт цөмийн хаягдлыг сааруулах
шийдлийг олсон улс дэлхийд ганц ч байхгүй. Иймээс Монголд цөмийн
хаягдал булшлах хэлэлцээр худал байгаасай гэж залбирах л үлдлээ. Манай
улсад цөмийн хаягдал булшлах гэрээний тухай “Ройтерс”, “Майничи”, “Уолл
стрийт журнал”, “Чайна дэйли”, “Известия”, “Кореа таймс” зэрэг нэр
хүндтэй томоохон хэвлэлд удаа дараа мэдээллээ. Бид чихээ бөглөөд суух
эрхгүй” гэсэн юм.