
Наймдугаар сарын 5-12-нд БНСУ-ын Инчён хотноо боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ явагдаж өндөрлөлөө. 26 дахь удаагийн тивийн аваргад 22 орны 150 гаруй боксчин 10 жин аваргаа тодруулав. Манайхан энэ тэмцээнд найман тамирчнаа сойсноос нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвт жагссан байна. Манай шинэ бээлийтнүүд тэмцээнд хэрхэн оролцсон тухай болон жин бүрт хаанахын тамирчид медаль авсныг сонирхуулья.
49 кг: 1.Шин Жон Хун (БНСУ) 2.Амандеп Сингх (Энэтхэг)3.Асалбек Назаралиев (Кыргызстан), Алишер Махмудов (Узбекистан) 2009 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, боксын хүрээнийхэнд танилж болж байсан Шин Жон Хун нутгийнхаа рингэнд аваргалж, тивийн аваргаас анхны медалиа зүүв. Энэ амжилтаараа тэр тэмцээний шилдэг боксчноор шалгарчээ. Финалд түүнд хожигддог А.Сингх 2007 онд манайд болсон Азийн аваргаас хүрэл авч байв.
52 кг: 1.Чан Ёнг (БНХАУ) 2.Илияс Сулейманов (Казахстан) 3.Абделазиз Аль-Вади (Йордан), Рей Салудар (Филиппин) Шигшээгийн ¹2 Чан Ён тивийн аваргаас алт зулгааж, ДАШТ-д өрсөлдөх боломжтой гэдгээ харуулав. Тэрбээр өнгөрсөн жил Азийн наадмаас мөнгөн медаль авсан юм.
56
кг: 1.Анвар Юнусов (Тажикистан) 2.Доржнямбуугийн Отгондалай (Монгол)
3.Чин Юань Као (Тайвань), Ли Жин Юн (БНСУ) Сүүлийн 2-3 жил 60 кг-д
тоглосон Д.Отгондалай энэ тэмцээнд жин хасч орж ирээд мөнгөн медаль
авлаа. Энэ нь түүний Азийн аваргын анхны медаль юм. Манай хүн хагас
шигшээд Солонгосын Ли Жин Юнийг нутаг дээр нь 12:9- өөр давамгайлж
аваргын төлөө тоглох эрхтэй болсон. Түүнд хожигддог солонгос нь ноднин
улсынхаа аваргаар тодорсон, 2009 оны ДАШТ-д хүч сорьсон эвгүй өрсөлдөгч
байв. Гэвч Отгондалай финалд Тажикистаны Юнусовт 13:10- аар ойрхон
хожигдож, мөнгөн медальтайгаа эвлэрэхээс аргагүй боллоо. Тоглолтын эхний
үед Отгондалай бага зэрэг давамгайлсан ч 3:3-аар тэнцэв. Харин
хоёрдугаар үед манай тамирчин өрсөлдөгчийнхөө урд гарын цохилтод хэд хэд
өртсөнөөр оноогоор хоцрох боллоо (7:9). Ингээд шийдвэрлэх үед
Отгондалай хожигдож байгаагаа мэдээд нэлээн дайрсан ч нөгөөх нь шигүү
хамгаалсаар цагаа дуусгаж дөнгөв. Юнусовын хувьд тивдээ түрүүлсэн
Тажикистаны хоёр дахь боксчин болжээ.
Өмнө нь 2005 онд Жахон Курбанов Азийн аварга болж байв. Юнусов 2007 онд манай эх оронд болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байлаа. 60 кг: 1.Аидар Амирзаков (Казахстан) 2.Лиу Чан (БНХАУ) 3.Абдилай Анарбай (Кыргызстан), Мадади Нагзибеков (Тажикистан) Шигшээ тоглолт маш өрсөлдөөнтэй болж, есөн минутын тоглолтын дараа 12:12 болон тэнцсэн. Ингээд туслах оноо тоолоход казах боксчин давамгайлсан юм.
64 кг: 1.Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ (Монгол) 2.Пак Сан Хьюк (БНСУ) 3.Балвиндер Бенивал (Энэтхэг), Кобилжон Бобожанов (Узбекистан) Гавьяат тамирчин У.МөнхЭрдэнэ дэлхийн хэмжээний боксчин гэдгээ харуулж, тивийнхээ аваргад түүртэлгүй түрүүллээ. Тэрбээр хагас шигшээд Энэтхэгийн Бенивалыг 22:13-аар давамгайлж, Азийн аваргын финалд анх удаагаа шалгарсан. Улмаар финалд нутгийн боксчин Пак Сан Хьюкийг 21:8-аар илт давуу хожсон юм. Тулааны нэгдүгээр үед л тоо 8:2 болж, ялалт манай хүнд ирэх нь тодорхой болжээ. Ингэснээр Мөнх-Эрдэнэ тивийн аварга болсон Монголын 10 дахь боксчин боллоо. Өмнө нь Х.Алтанхуяг (1971,1975), Р.Отгонбаяр (1980), Г.Батбилэг (1980), Н.Баярсайхан (1987, 1989), Н.Энхбат (1989), Т.Үйтүмэн (1995), П.Сэрдамба (2007), Э.Бадар-Ууган (2007), З.Энхзориг (2007) гэсэн үе үеийн шилдгүүд тивийн аваргаас алтан медаль хүртэж байлаа. 69 кг: 1.Маиматти Тусунчонг (БНХАУ) 2.Рустам Сваев (Казахстан) 3.Бямбаагийн Түвшинбат (Монгол), Нодирбек Косимов (Узбекистан) Жин өгсөн тулалдсан Б.Түвшинбат хүрэл медалийн эзэн болсон. Тэрбээр хагас шигшээд Хятадын Маиматти Тусунчонг-д 29:10- аар хожигдсон юм. Хагас шигшээгийн нөгөө хос тоглолт маш сонирхолтой, өрсөлдөөнтэй өрнөж, хоёр боксчин энэ тэмцээний хамгийн өндөр оноог авсан. Ингээд гурван үеийн тулаан дуусахад Казахстаны Сваев Узбекистаны Косимовыг 38:34-өөр хожжээ. Гэвч Сваев тэрхүү тулаанд хамаг хүчээ шавхсан бололтой, финалд 19:24-өөр хожигдлоо.
75 кг: 1.Шухрат Абдуллаев (Узбекистан) 2.Төмөрхуягийн Чулуунтөмөр (Монгол) 3.Ян Ю Тин (Тайвань), Нурсахат Пазиев (Туркменистан) 75 кг-д олон жил тогтвортой тоглосон Т.Чулуунтөмөр энэ жил өөрийн оргил амжилтаа үзүүлж, тивийн аваргаас мөнгөн медаль зүүлээ. Тэрбээр хагас шигшээд Туркменистаны Пазиевийг 16:11-ээр ялж, финалдсан. Харин аваргын төлөө узбек боксчны эсрэг олигтой тэмцэж чадахгүй байсаар 24:13-аар дийлдлээ.
81 кг: 1.Ким Хьюн Кү (БНСУ) 2.Мен Фанлон (БНХАУ) 3.Ахмад Аль-Таймат (Йордан), Арман Риспек (Казахстан) Энэ жингийн финал өрсөлдөөнтэй болсон. Эхний хоёр үеийн дараа оноо 7:7 болон тэнцсэн. Ингээд сүүлийн гурван минутад бүх зүйл шийдэгдэх болоход эзэн орны боксчин 8:6- гаар илүүрхэж, эцсийн дүндээ 15:13-аар хожсон юм.
91 кг: 1.Мохаммад Госун (Сири) 2.Ван Шуаншуан (БНХАУ) 3.Мохаммад Норипоур (Иран), Парамжет Самота (Энэтхэг) Сирийн Госун сүүлийн үед тивдээ өрсөлдөгчгүй болж байна. Тэрбээр өнгөрсөн жил Азийн наадамд аваргалсан бол сая Инчёний рингэнд итгэлтэй түрүүллээ.
+91 кг: 1.Дошжан Оспанов (Казахстан) 2.Абдулмажид Сепахванди (Иран) 3.Жан Жилей (БНХАУ), Мустафа Махди (Ирак) Олимпийн мөнгө, ДАШТ-ий хошой хүрэл медальт Хятадын Жан Жилей хагас шигшээд ялагдсан нь томхон сенсаац байлаа. Улсынхаа аварга ч болж үзээгүй Казахстын Оспанов түүнийг хагас шигшээд 16:15-аар сөхрүүлсэн юм. Сонирхолтой нь Жан Жилей олимп, ДАШТ-ээс тогтмол медаль авдаг дэлхийн хэмжээний боксчин боловч тивийнхээ аваргад ганц ч удаа түрүүлж үзээгүй аж. Тэрбээр өмнө нь 2007 онд мөнгө, 2004 онд хүрэл медаль хүртэж байв.