Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Б.Одончимэг: Охин минь жоохон юм чинь арай ч хүний наймаанд өртөөгүй байлгүй дээ |
Эх үр хоёр хүйн холбоотой гэдэг билээ. Эх хүн үр хүүхдийнхээ төлөө өөрийн амь нас, бүх л сэтгэл зүрхээ зориулж байдаг. Гэтэл өнөөдөр 21-хэн настай нэгэн эх арван сар хэвлийдээ тээж төрүүлээд үрийн зулай дөнгөж үнэрлээд удаагүй байхдаа амьдын хагацал үзэн шаналан суугааг хараад өөрийн эрхгүй туслах хүсэл төрсөн юм. Б.Одончимэг гэх энэ бүсгүй таван сартай бяцхан охиноо хулгайлуулаад чимээ сургийг нь гаргаж чадалгүй хоёр сарын хугацааг өнгөрүүлчихжээ. Сайхан сэтгэлтэй хүний дүр үзүүлж, төрсөн эхээс нь бяцхан үрийг нь хулгайлсан тэр шившигт нэгэн эмэгтэй хүн байжээ. Санаанд багтамгүй энэ хэргийн талаар үнэн мөнийг тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэсийг зорьж, охины эх Б.Одончимэгийг олж уулзсан юм. -Таны хүүхдийг хулгайлсан хүний юунд нь та итгэсэн юм бэ? -Би охин Номин-Эрдэнийхээ чихрийн хордлогыг үзүүлэхээр нийслэлд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоноос авч ирсэн юм. Тэгээд Харшлын төвд үзүүлж, эм тариаг нь авчихаад тавдугаар сарын 14-нд Төмөр замын Вокзал дээрээс гэрлүүгээ “Зардлын мөнгө явуул, эм тариа аваад ямар ч мөнгөгүй болчихлоо” гээд утсаар ярьж байтал нэг эгч хүрч ирээд “Танилцье” гэсэн. Тэр эгч өөрийгөө Наранчимэг гэж танилцуулаад, охин бид хоёрыг цайнд оруулахаар дагуулж явсан юм. Дараа нь бид хоёрыг “Салхинд алхая” гэж дагуулж явж байгаад “Гурвуулаа манайд очоод мөнгө аваадахъя” гээд такси бариад, Хархорин захын тэнд байдаг 20-аар байрны урд хамт буусан. Тэгээд надад 5000 төгрөг өгч “Миний дүү дэлгүүр ороод юм аваад ир” гэхээр нь “Та өөрөө орчихож болохгүй юм уу?” гэхэд “Чи орчихоод ирээ, би хүүхдийг чинь тэврээд энд сууж байя. Миний бие жоохон өвдөөд байна” гэж хэлээд нэг сандал дээр суугаад хоцорсон. Би дэлгүүр орж, захисан юмыг нь авчихаад гараад иртэл тэр эгч охиныг минь аваад явчихсан байсан. Охин маань тэр үед тавхан сартай байсан. Одоо долоон сар гарантай болж байгаа /уйлав/. -Таны хүүхдийг ямар зорилгоор хулгайлсан юм бол оо? - Эргээд бодоход тэр эгч миний гэрлүүгээ явах гээд зардлын мөнгө байхгүй гэж утсаар ярьж байхыг сонссон юм шиг байна лээ. Би “тэр эгч хүүхэдгүй байсан юм болов уу?” эсвэл “би жижигхэн биетэй болохоор намайг өсгөж чадахгүй гэж бодсон юм болов уу?” гэж бодогдоод байдаг. Гэхдээ вокзал дээр байхдаа надад “би гурван хүүхэдтэй, одоо дөрөв дэхийг нь тээж байгаа” гэж хэлсэн. Зарим хүмүүс хүүхдүүдийг хулгайлж, гадаад руу худалдаалдаг, цус, эрхтэн зэргийг нь зардаг гэж яриад байх юм. Гэхдээ миний охин чинь жоохон юм чинь арай ч тэгэхгүй байлгүй дээ. -Хүүхдийн тань эцэг хаана байдаг вэ? Хэргийн талаар мэдэж байгаа юу? -Хүүхдийн маань эцэг намайг гурван сартай жирэмсэн байхад орхиод явсан. Гэхдээ охин алга болсныг мэдэж байгаа. Манай аав хувиараа ажил эрхэлж, ээж гэртээ ажилгүй суудаг. Би аав, ээж, хоёр дүү, охиныхоо хамт амьдардаг байсан. Гэтэл охиноо алдчихлаа. Хэрвээ тэр эгч энэ ярилцлагыг уншиж байгаа бол “Та яагаад миний хүүхдийг аваад явсан юм бэ?, охиныг минь авч явсан газраа авчираад өгөөч дээ” гэж чин сэтгэлээсээ гуйж байна гэж яриад Б.Одончимэг нүүрээ даран уйлж эхэлсэн юм. ![]() Ээжийнх нь итгэлийг алдах, залилах замаар хүүхдийг авч явсан хэрэг гарч байгаагүй Тэрбээр охиноо алдсан өдрөө Төмөр замын Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд уг хэрэг одоо Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа аж. Хохирогчийн мэдүүлгээр мөрдөн байцаагч нь залилагч эмэгтэйн аман зургийг гаргасан бөгөөд улс орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн байна. Хэргийн мөрдөн байцаалтын явц хэр байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны дарга, цагдаагийн хошууч Б.Оюунчимэгээс тодруулсан юм. -Хэргийн нотлох баримт хэр байгаа вэ? Сэжигтний ам зургийг гаргаж авсан гэсэн үү? -Энэ хэрэг 2011 оны тавдугаар сарын 14-нд үйлдэгдэж, “Таван сартай хүүхдээ хулгайд алдлаа” гэсэн өргөдлийг Төмөр замын Цагдаагийн хэлтэст ирүүлсэн байсан. Одоо Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж эхлээд байгаа. Хүүхдээ алдсан Б.Одончимэг гэх эмэгтэй өөрийгөө Наранчимэг гэж танилцуулсан эмэгтэйд хууртагдаж, охиноо өгөөд дэлгүүр орсон байсан. Хүүхэд хулгайлсан эмэгтэй нь 35- 40 орчим насны дунд зэргийн нуруутай,богино шулуун үстэй, тухайн өдөр хар өнгийн өмд цамц, бор өнгийн нүдний шилтэй явсан байна. Харин алга болсон Номин-Эрдэнэ охин тэр өдөр ягаан өнгийн хослолтой байжээ. Номин-Эрдэнэ баруун талын чихэн дээрээ тод хар мэнгэтэй, нүүрэн дээрээ чихрийн хордлогоны сорвитой, гарын алгандаа мэнгэтэй. -Эрэн сурвалжлах ажил хэр ахицтай байна вэ? -Хүүхдийн эхийн мэдээлснээр ам зураг гаргаад, хүүхдийн зурагны хамтаар улсын хэмжээнд тараан, мөрдөх үйл ажиллагаа зохион байгуулж байна. Хэрэг одоогийн байдлаар мөрдөн байцаах шатандаа, хийгдэх ёстой ажиллагаа бүгд хийгдээд явж байна. Одоогийн байдлаар хүүхдийн талаар мэдээ, мэдээлэл ирээгүй байгаа. -Хүүхдийг ямар зорилгоор хулгайлсан гэж үзэж байна? -Яг одоогийн байдлаар бол тийм зорилгоор хулгайлсан байна гэсэн тодорхой зүйл байхгүй. Авч явсан хүн тодорхойгүй байгаа учраас зорилго, зорилтыг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан ээжийнх нь хэлж байгаагаас дүгнэлт хийж үзэхэд арай ч хүний наймааны золиос болгочихгүй, хүүхдийн эд эрхтэнийг худалдах зорилгоор аваагүй байх гэж үзэж байгаа. Учир нь таван сартай хүүхэд учраас ямар нэгэн эд эрхтэний донор болох боломжгүй нь үнэн. Мөн гадаадын иргэнд зөвхөн халамжийн төвийн хүүхдүүдийг үрчлүүлдэг. Тиймээс маш олон бичиг баримт шалгуурын дараа үрчлүүлдэх асуудал яригддаг. Бидний таамаглаж буйгаар бол хэрэгтэн хүүхэдгүй ч юмуу гэр бүлийнх эгч, дүү нь хүүхэд гаргах боломжгүй нэгэн хөдөө орон нутаг руу аваад явсан байж магадгүй гэж үзэж байгаа. -Урд нь хүүхэд хулгайлах гэмт хэрэг гарч байсан уу? -Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой хугацаагаар эцэг эхийн болгоомжгүй байдлаас болоод хүүхэд гэрээсээ хоёр, гурав хоногоор алга болдог. Долоогоос дээш насны хүүхдүүд найзуудтайгаа PC тоглоом тоглоод, олон хоногоор гэр орноосоо дайжаад явчихдаг тохиолдлууд байдаг. Үүнийг манай иргэд хүүхэд алга болчихлоо гэж мэдэгддэг. Үүнийг эрэн сурвалжлах ажиллагаагаар хайгаад олчихдог. Яг ингээд ээжийнх нь итгэлийг алдах, залилах замаар хүүхдийг авч явсан ийм хэрэг гарч байгаагүй. -Хүүхэд хулгайлах гэмт хэрэгт ямар ял, шийтгэл өгдөг вэ? -Цагдаа хэргийг шалгаад шүүхэд хүлээлгэж өгдөг. Шүүхээс сэжигтэнг болсон явдалд гэм буруутай гэдгийг тогтоогоод хуулинд заагдсан ял шийтгэлийг нь оногдуулдаг. Хэрэв Наранчимэг хэмээх бүсгүйг харсан, таньдаг хүн байвал Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн 70170133, 98022028 дугаарын утасанд мэдэгдэх болон хэлтэс дээр өөрийн биеээр ирж мэдээлэл өгхийг хичээнгүйлэн хүсч байна. Иргэдээс ирсэн мэдээллийг чанадлан нууцлах болно. Цагдаагийнхан арга хэмжээ авч, шаардагдах ажиллагааг хийж эхэлсэн ч бяцхан охины сураг одоо хүртэл гараагүй хэвээр байна. Эхийнхээ хөхөөр хооллож, дөнгөж биеэ дааж сурч байсан тэр охин өнөөдөр ямар айлд, ямар нөхцөлд, ямар хүний царайг хараад сууж байгаа бол. Муу зүйл тохиолдоогүй, жижигхэн биеийг нь зовоогоогүй байгаасай л гэж найдъя. Элэг нэгт монголчуудаасаа ам зураг нь нийтлэгдсэн энэ хүүхнийг үзсэн харсан даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эх үрийн хагацлыг эцэслэж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна. |
hed honogiin umnu l neg ni chirtsen bsn dag haa bgaagaa mederdeggui balai hun be mgld bolson yumiig sod gej ireel