Moderator: mgl_300
Урьд цагийн эмэгтэйчүүд борооны усаар үсээ угаадаг байсан гэнэ. Гэвч өнөөгийн бохир экологиос болж ингэх боломжгүй болсон нь харамсалтай. Бид өдөр бүр үсээ крантны хлоржуулсан усаар угаагаад байвал үс хэврэгшдэг аж. Тиймээс та хааяадаа буцалгаж, хонуулсан усаар үс, нүүрээ угаагаад үзээрэй. Эсвэл бага зэрэг хүнсний сод нэмж болно.
Өөрт яв цав тохирсон шампуниа сонгоход бидэнд өөрийнхөө үсний төрөл болон өвчлөл, гэмтлийг нь зөв тодорхойлуулах хэрэгтэй юм. Иймд улиралд нэг удаа мэргэжлийн үсчнээс зөвлөгөө авч байгаарай.
Шампунийн үүсэл гарал: “Шампунь” гэдэг нь “champo” /шампу/ хэмээх Энэтхэг улсад хэрэглэгдэж байсан нэр томъёоноос гаралтай бөгөөд анх тусгай тос ашиглан толгойнд хийдэг массажийг ийн нэрлэдэг байжээ. Энэ үгийг 1762 онд анх хэрэглэж эхэлсэн аж. 1814 онд Sake Dean Mahomed хэмээх хувиараа аж ахуй эрхлэгч Энэтхэг хүн өөрийн Ирланд эхнэрийн хамт Их Британий Брайтон хотод “Энэтхэгийн ууран ванн” нээж түүндээ шампу массажийн газар ажиллуулан ихээхэн хэмжээний амжилт олсон нь, улмаар Их Британий хаад ноёдын ч үйлчилдэг газар болмон байна.
1900-аад оноос шампу гэдэг ойлголт нь толгойны массаж биш үсэнд хэрэглэдэг саванг илэрхийлэх болсон байна. Тэр үед үс угаахад саван хэрэглэдэг байсан ба тэр нь үсний эрүүл мэнд, өнгө үзэмжинд төдий л сайнаар нөлөөлдөггүй байжээ.
Тухайн үеийн гоо сайханчид үсийг гялалзуулж сайхан үнэртэй болгохын тулд саванг төрөл бүрийн ургамлын хамт усанд буцалгаж шампунийг гаргаж авдаг байв. Kasey Hebert гэдэг хүн анх шампунийг санаачилсан гэж тооцогддог. Тэр үед шампунь, саван хоёрын ялгаа тун бага байсан гэнэ.
Бидний одоо хэрэглэдэг шампунийг анх 1934 онд Drene хэмээх нэрээр “Procter and Gamble” компани бүтээсэн байна.
Тослог үсний шампунь: Уг шампуньд их хэмжээгээр үс болон хуйхны тослогийг арилгаж цэвэрлэх зориулалт бүхий угаагч бодис агуулагдаж байдаг. Иймээс тослог үсни шампунийг өдөр бүр хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Өдөр бүр хэрэглэвэл үс болон хуйх хуурайшиж болно. Дундуур нь зөөлөн чанарын шампунаар ч бас угааж байгаарай. Ямар ч тослог үсэнд ургамлын гаралтай шампунь зохидог.
Хагны эсрэг шампунь: Арьсны эсийн хуваарилалтыг удаашруулах, хогжирсон үхмэл эд эсийг арилгах үйлчилгээтэй бодис агуулагддаг. Ийм шампунийг ердийн шампуньтай ээлжлэн хэрэглэвэл зүгээр. Тогтмол хэрэглэснээр үс хуйх хуурайшин өнгөө алддаг. Хагны эсрэг шампунь нь хуйхыг эрүүлжүүлж, толгойг сэргээдэг.
(Гоолингоо танд: Head & Shoulders “Лёд” /Мөс/, “Освежающий” /Сэрүүцүүлэгч/ шампуниудыг санал болгож байна)
Хэвийн үсний шампунь: Тослог үсний шампунийг бодвол угаагч бодис харьцангуй бага агуулагддаг. Үсийг сайн цэвэрлэх бөгөөд тослогийн балансыг алдагдуулдаггүй.
Хуурай үсний шампунь: Угаагч бодис бага агуулагддаг ба үс хуйхыг хуурайшуулахгүй байхад хангалттай хэмжээний чийгшүүлэгчтэй байдаг. Хуурай үсэнд протейн ихээр агуулагч өндөг, зөгийн балтай маск тавибал сайн. Мөн эдгээрийг агуулсан шампунь ч байж болно.
Өдөр тутмын зөөлөн шампунь: Үсийг хуурайшуулдаггүй, хуйхыг гэмтээн цочроодоггүй. Ерөнхийдөө бол зөвхөн угаах, үсийг цэвэрхэн болгох үйлчилгээтэй жирийн шампуниуд үүнд орно.
Эмчилгээний зориулалттай шампунь: Ийм шампунийг хими хийлгэсэн болон будуулсан, мөн үргэлж ороож индүүдэж, сэнсдэж байдаг үсэнд хэрэглэнэ. Мөн гадны нөлөөллөөс болж гэмтсэн болон витамин тэжээлийн дутагдалд орсон үсэнд ч тохиромжтой юм. Гол нь үсийг дотроос нь тэжээл өгч эмчилдгээрээ давуу талтай.
(Гоолингоо танд:”Pantene Pro-V”- “Интенсивное восстановление” эрчимт арчилгааны шампунийг санал болгож байна)