
Тус хорооны тэргүүн Цүрүта Такүхико “Түрүүлж чадахгүй байлаа ч сайн барилдвал ёкозүна болгох бодолтой байна. Гэхдээ 14-нөөс бага ялбал хэцүү” гэж ярьсан байна. Сүмогийн холбооны дүрмээр озэки цолтой бөх хоёр тэмцээн дараалан түрүүлэх, эс бөгөөс түүнтэй адилхан амжилт үзүүлбэл ёкозүна болгоно гэж заасан байдаг. Гэхдээ 1987 онд Фүтабаяма ганц ч түрүүлээгүй байж мэргэжлийн сүмогийн 60 дахь ёкозүна болоод оякатагийнхаа эхнэрийг зодоод сүмогийн холбооноос хөөгдсөнөөс хойш заавал хоёр дараалан түрүүлэх гэсэн хэцүү болзол тавьсан билээ.
Гэвч Асашёорюү зодог тайлснаас хойш Хакүхогийн үе эхэлж, хоёр дараалан түрүүлэх нь маш хэцүү болж эхэлсэн тул шинэ ёкозүна төрөх магадлал багассан юм. Цүрүта ч “Харүмафүжи хүч чадал, зан төлөв ч аварга болоход тохирно. Аварга хүн гэмээр барилдаж, ёкозүна болоосой гэж хүсэж байна” гэсэн бол тус хорооны бусад гишүүд ч үзүүрлэсэн ч ёкозүна болгох хэрэгтэй гэж санал нэгдээд байгаа аж. Хэрэв Харүмафүжи тавдугаар сарын тэмцээнд 10-аас дээш ялаад, Нагояд ганц ч унаагүй байсан бол ёкозүна цолд их ойрхон очих байлаа.
Харин озэки Харүмафүжи “Боломж олдож байгаа дээр нь ашиглах хэрэгтэй. Өдрийн 24 цаг тэр чигээр нь сүмо бодож, амьсгалж 9 сарын тэмцээнд бэлтгэнэ” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Харүмафүжи одоо Монголд амрахаар ирээд байгаа бөгөөд баруун хөлийн шагайны бэртлээ Хужиртын рашаанд эмчлүүлэх гэнэ. Хоёр жилийн өмнө түүнд ёкозүна болох боломж гарсан ч дөнгөж 9 ялсан юм. Түүнээс хойш Харүмафүжи туршлага суусан нь лавтай. Хэрэв тэрбээр аварга болбол сүмогийн холбоонд 4 жилийн дараа шинэ аварга төрж байгаа хэрэг болно. Мөн Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны хурлаар найм дараалан түрүүлж чадаагүй Хакүхогийн талаар “Харамсалтай нь түрүүлж чадаагүй ч дандаа Хакүхо түрүүлээд байснаас өөр бөх түрүүлсэн нь энэ тэмцээний нэг сайн тал байлаа” гэж дүгнэсэн байна.
Какүрюү озэки цолны төлөө
Баруун жигүүрийн сэкивакэ Какүрюү М.Ананд есдүгээр сарын тэмцээнд арслан болохын төлөө зодоглоно. Нагоягийн тэмцээнд 10 ялснаар тэр ийнхүү анх удаагаа озэки болох боломжтой боллоо. Ёкозүна болох гэж байгаа Харү- мафүжитэй харьцуулахад түүнд гайгүй даалгавар тулгараад байгаа. Хэрэв Какүрюү 11 ялбал арслан болох бөгөөд энэ нь түүний хувьд тийм боломжгүй зүйл биш юм. Кисэносато, Котошёогикү, Гойэдо нарыг мэргэжилтнүүд дараагийн арслан хэмээн нэрлэж байсан ч эд нар дунд Какүрюү шиг жигд, хийгүй барилддаг бөх ховор байна.
Өрсөлдөгч нараасаа түрүүлэн арслан болбоос цол дагаж бяр гэгчээр түрүү бөхийн цом бариад зогсож байх цаг түүнд ойрхон байгаа. Тэрбээр сэтгүүлчдэд “Сэкивакэ цолтой гурван удаа барилдаад дандаа 50 хувийн амжилт үзүүлж чадахгүй байсан. Одоо бол сэтгэл санааны хувьд ч амар болсон. Гэхдээ озэки болно гэсэн илүү дутуу юм бодолгүй барилдаандаа л анхаарна” гэж ярьсан байна. Сүүлийн гурван тэмцээнд давсан даваа 33 болбол озэки цол олгох дүрэмтэй. Тавдугаар сард комүсүби цолтой барилдан 12 ялсан дээр нь энэ тэмцээний 10-ыг нэмбэл нийт 22 ялалт. Есдүгээр сард 11 ялахад л Монголоос төрсөн дөрөв дэх арслан болно.
Нагояд арслан болох гээд чадаагүй Котошёогикү ирэх тэмцээнд дахин зүтгэх боломжтой үлдсэн. Харин түүнд 12 ялалт хэрэгтэй. Таканохана ояката “Хоёулаа озэки болж чадах байх” гэж тэдэнд итгэл найдвар хүлээлгэсэн байна. Кайо зодог тайлснаар үзэгчдийн тоо буурна хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа ч шинэ арслан хоёр, аварга нэг гараад ирвэл үзэгчдийг буцаан авчрах нь гарцаагүй.
Найраа гараагүй гэж дүгнэв
Сүмогийн холбооноос Нагоя башёогоос эхлэн бөхчүүлийн барилдааныг дүгнэж, найраа байгаа эсэхийг тодруулдаг шинэ хороо байгуулсан билээ.
Тэд бөхчүүлийн барилдааныг харахаас гадна хувцас солих өрөөнд ч хяналт тавин эгээ л нууц цагдаагийн газар мэт ажиллаж буй. Завсраар нь бас үзэгчдээс эргэлзээтэй барилдаан гарсан эсэхийг асууж лавлаад цаг зав муутай ажиллажээ. Шинэ хороо ажлаа тайлагнаж, найраа гэхээр барилдаан ганц ч гарсангүй хэмээн мэдэгдсэн байна.
Гэхдээ гадаад бөхчүүлийн гар барин мэндэлдгийг л болиулчихвал найраа гэж сэжиглэх зүйл байсангүй гэж илтгэжээ. 7 ялалт, 7 унаатай бөхчүүл сүүлийн өдөр ихэнхдээ ялж, 50 хувийн амжилт үзүүлдэг байсан бол тавдугаар сард 7 ялалттай 10 бөхийн 4 нь, энэ тэмцээнд 7 ялаад байсан 6 бөхийн 3 нь л ялснаар үндсэндээ найраа байсангүй гэж дүгнэжээ. Гэхдээ хэрэв ялаад 50 хувиа хийчихвэл найраа хийсэн гэж сэжиглэгдэж магадгүй тул 7 ялаад байсан бөхчүүл сэтгэлийн ихээхэн дарамтанд байсан нь ойлгомжтой.
Монголын шинэ цолтон
Японы сүмогийн холбоо энэ сарын 27-нд Нагоя хотын Спортын ордонд хуралдан, есдүгээр сарын тэмцээнд цол ахисан бөхчүүлийн нэрийг зарлалаа. Макүүчи, жюүрёо зиндаанд тус бүр хоёр бөх нэмэн, зодог тайлсан Кайогийн оронд нэгийг, нийт 9 бөх цол ахижээ. Жюүрёо зиндаанд шинээр 6, дахин 3 бөх дэвшсэн байна. Оошима дэвжээний монгол бөх Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар тэдний нэг байлаа. Кёкүшюүхо 22 настай. 190 см өндөр, 120 кг жинтэй.
Жонидан зиндаанд нэг удаа түрүүлж байсан тэрбээр 2004 онд Японы Гифү мужийн дунд сургуульд жүдо бөхөөр хичээллэсэн. 100 кг-ийн жинд мужийн аварга болоод Оошима дэвжээнд орсон байна. Оошима ояката “Манай Кёкүшюүхо хөл сайтай сайн бөх” гэж магтсан бол Кёкүтэнхо “Жюүрёод дэвшлээ гээд сэтгэл ханаж болохгүй. Дээд зиндаанд хурдан орох хэрэгтэй” гэж зөвлөсөн байна. Цол дэвшсэн Кёкүшюүхо дэвжээндээ хэвлэлийн бага хурал хийлгэн “2007 онд сүмо болсноос хойш зөндөө л бэртэж, гэмтэж байлаа. Цолтой болсондоо их баяртай байна. Байнга нүүрэндээ гэмтээд ээж маань Монголдоо харь гэж уурладаг үе байлаа” хэмээн ярьсан байна.
9 САРЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ ГАРЛАА
Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 26-нд Намрын тэмцээний хуваарийг гаргаснаа зарлалаа.
8 дугаар сарын 6- Намрын тэмцээний тасалбар зарж эхэлнэ. 8 дугаар сарын 29- Шинэ банцүкэ гарна.
8 дугаар сарын 30- Сүмо бөхчүүлийн хуралтай.
9 дүгээр сарын 2- Шинэ бөхчүүлийн шалгалт
9 дүгээр сарын 3- Бөхчүүлийн хамтарсан бэлтгэл 9 дүгээр сарын 9- Эхний 2 өдрийн барилдааны товыг гаргана.
9 дүгээр сарын 10- Дохё баяр.
9 дүгээр сарын 11-25 Намрын тэмцээн 9 дүгээр сарын 26- Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны хурал.
С.ИЛД