Тува улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамъянг нийслэлд дөрөө мултлаад байхад нь уулзаж ярилцлаа. Тэрбээр төрсөн нутаг Завхан аймагтаа ажиллаж амьдран уран бүтээлээ туурвиж, Баруун бүсийн Хөгжим бүжгийн коллежийн захирлын албыг хашиж буй. Хөдөөгийн гэх тодотголтой хөгжмийн зохиолчийг хүмүүс тэр бүр таньдаггүй ч “...Аав минь та, амьдрал тэмцэлд нугараагүй нуруу...”, “... Ай, Завхан гол анир үргээж адуу тургилна...”, “...Намрын борооноор цувгүй алхахдаа...”, “... Цэлгэр нутгийн минь буйлс цэцэглээд...” зэрэг олон сайхан дуугаар нь түүнийг эчнээ таних биз ээ.
-Хотод хэзээ ирээ вэ. Ямар ажлаар ирэв?
-Завханы өдрүүдийн хүрээнд манай сургуулийн оюутан, сурагчид тайлан тоглолтоо нийслэлчүүдэд толилуулахаар ирсэн. Тэднийгээ дагуулаад, зааж зураад явж байгаа минь энэ.
-Таныг төрсөн нутгаасаа холдох дургүй хөгжмийн зохиолч гэдэг. Хэдэн жил хөдөө ажиллаж байна?
-Би Завхан аймгийн Тэс суманд төрсөн. Багадаа хөгжимчин болно гэж мөрөөддөг хүү байлаа. УБИС-ийн Соёлын сургуулийн хөгжмийн ангийг төгсөөд аймагтаа очиж, дуу хөгжмийн багшаар нэг жил ажилласан. Тэгж байтал Соёлын яамнаас намайг Орос руу явуулах болов. Тэр үед сурлага сайтай, гайгүй гэж үзсэн хүнийг бодлогоор гадаадад сургадаг байлаа шүү дээ. Би орос хэлний шалгалтаа өгтөл тэнцсэнгүй.
Ингээд ЗХУ-д суралцах аз дутдаг юм байжээ гэж бодож байтал Г.Бирваа гуай хөөцөлдөж, “арын хаалгаар” орос хэлний шалгалтыг аргалаад намайг Ленинградын Урлагийн сургуулийн босго алхуулж байлаа. Тэнд таван жил сурч, удирдаач мэргэжлээр төгсөж ирээд нутаг руугаа явсан даа. Завхан аймгийн Хөгжимт драмын театрт 30 жил ажиллаад 1997 онд Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлын албыг авсан. 44 жил урлагт зүтгэж явна.
Аймгийн театрт удирдаач гэдэг тушаалтай ч хөгжмийн зохиолч, уран сайхны удирдагч, хөгжмийн багш зэрэг олон албыг давхар гүйцэтгэдэг байлаа. Энэ сургуульдаа захирал сэтэртэй ч хичээлээ заана, хөгжмөө бичнэ, зун хүмүүс амарчихаар сургуулийнхаа цэцэрлэгч, цэвэрлэгч, мужаан гээд бүгдийг хийнэ. Манай хөдөөгийнхөн иймэрхүү маягаар ажиллаж, амьдардаг юм шүү дээ.
-Залуудаа нийслэлээ бараадъя гэж бодож байсангүй юу?
-Хөдөөдөө л байх заяатай, жалга довын уран бүтээлч юм аа, би. Дээхнэ үед ЗХУ-д төгссөн хүн “хаалгагүй” хотод ажилладаг байлаа. Би ч бас муугүй ээ, улаан диплом өвөртлөөд ирсэн. Намайг хотод ажиллуулъя гэсэн газар байсан. Соёлын яамныхан ч хөдөө явуулах дургүй байлаа. Би “Нутагтаа очиж ажиллана” гээд зүтгэсээр байгаад явсан. Сүүлд ч гэсэн “Хотод ирж ажиллаач” гэсэн санал олон ирдэг байлаа. Нийслэлд ажиллах боломж надад нээлттэй байсан. Харин би нутгаасаа явна гэхээр нэг л болмооргүй санагдаад байдаг юм. Нийслэлийнхний уур хүрэх байх даа. Уучлаарай гэж байгаад өөрийнхөө зовлонг хэлье. Үнэнийг хэлэхэд Улаанбаатарт ирэхэд надад сайхан санагддаггүй. Замын бөглөрөл, дуу чимээ, утаа униар нь нас ахиж яваа над шиг хүнд хэцүү л санагдах юм. Хөдөөгийн агаарт дэндүү дасчихаж дээ.
-Хүмүүс хотод үлдье гэдэг байхад та яагаад хөдөө ажиллахаар тэмүүлсэн юм бэ?
-Их дэврүүн сэтгэлтэй байжээ. Бүх юмыг чадах юм шиг санагдаж, бяр амтагдаж хөдөө явсан. Намайг хөдөө явна гэхэд “Чи хөдөө очоод Соёлын төвийн эрхлэгч л болно биз. Мэргэжлээрээ өсөж чадахгүй зэвэрнэ” гэх хүн олон байсан. Залуу байсан, аатай ч байж. Хүний хийгээгүйг хийнэ, чадаагүйг чадна гэж олон мөрөөдөл өвөртлөөд нутаг руугаа зүтгэсэн. Завхан аймагт 1983 онд Хөгжимт драмын театр байгуулагдахад наймдугаар анги төгссөн хүүхдүүд шалгаж аваад, ёочин, хуучир, морин хуур хөгжмийг өөрөө зааж, найрал хөгжим байгуулсан. Орон нутгийн найрал хөгжмүүдээс хамгийн сайн нь манайх байлаа шүү дээ. Одоо бодоход мөн их зүрх шүү. Хууль зүйн яаманд бүртгэлтэй морин хуурын хоёр чуулгын нэг нь Завханд бий. Мөн “Хос вансэмбэрүү” цэнгээнт бүжгийн чуулга, улсад ганц байдаг хуучир, шанзны чуулгыг манай сургуулийнхан байгуулсан. Эргээд харахад хэтэрхий их мөрөөдөөд, үүнийхээ нэлээд хувийг биелүүлсэн байна. Малчны хотонд очиход найран дээр миний дууг дуулж, радио асаахад миний дуугаар бие биедээ ая дууны мэндчилгээ дэвшүүлж байна. Өвөрмонголоос Чибулаг ирээд “Таны дууг өвөрмонголчууд их дуулдаг” гэсэн. Уран бүтээлч гэдэг нэр зүүж яваа хүнд үүн шиг сайхан шагнал хаана байна. Завханы нэг муу уран бүтээлчийн дуу ингээд тарчихсан байна гэж бодоход өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг шүү.
-Хотод байсан бол бүр илүү сайн уран бүтээл хийх байсан гэж боддог уу?
-Хотод байсан бол миний уран бүтээл хүмүүст илүү хүрч, тоо, чанарын хувьд ч дөнгүүр байж магадгүй. Энэ олон богино долгионы радио, телевизээр цацагдах, яруу найрагч, дуучидтай хамтарч ажиллах боломж илүү байх биз. Гэхдээ л би хөдөөдөө байх дуртай. Хотод байсан бол өдий дайтай байх байсан уу, үгүй юү. Таашгүй шүү дээ. Орон нутаг маань намайг ийм сайхан санаа сэдэл аялгуугаар хөглөдөг ч юм бил үү.
-Хөдөө уран бүтээл хийхэд хүндрэлтэй тал байдаг уу?
-Мөнгө л байвал Улаанбаатарт уран бүтээл
хийх амархан болжээ. Хөдөө уран бүтээл хийгээд байж болох ч 1000 км зам
туулж хотод ирж бичүүлэх хэрэгтэй болдог. Нэг юм хийчихээд л наашаа
яваад байх боломж байхгүй.
Би баян хүн биш, онгоцны зардал, хөгжимчид, дуучид хөлслөх гээд бэрхшээл бий л дээ.
-Таны ихэнх дууг гавьяат жү жигчин С.Батсүх дуулдгийг хүмүүс мэднэ. Харин та хөгжмийн томоохон зохиол бичиж байна
уу?
-С.Батсүх миний шавь л даа. Бид уран бүтээл дээр гар нийлдэг юм. Хөдөө симфони оркестр байхгүй учраас томоохон бүтээл бичлээ гэхэд тоглох боломж хомс байдаг. Дуунууд л хүмүүст хүрэх юм даа. Би дөрвөн уран сайхны кино, гурван баримтат киноны хөгжим бичсэн. 2009 онд Б.Явуухулангийн 80 насны ойд зориулж өөрөө хөгжим, цомнолыг нь бичээд “Гэрэлтэй хүүхэн” мюзиклийг аймгийнхаа Хөгжимт драмын театрт тавьсан. Энэ бүтээл сайн, муу болсныг одоо хэлэхэд хэцүү. Арав, хорин жилийн дараа XXI зууны эхэн үед тавьсан мюзиклүүдийн энэ нь сайн, тэр нь тааруухан байж гэдэг дүгнэлтийг өгөх байх.
-Гэр бүлийнхээ талаар яриач?
-Манайх нэг хүү, гурван охинтой. Хүүхдүүд
маань бүгд гэр бүлтэй болж, сайн сайхан яваа. Том охин маань 40 дөхөж
яваа гэж бодохоор би ч хөгширчээ. Ач, зээ өнөр болсон. Тэдэндээ
дөрлүүлсэн өвөө шүү дээ, би.
-Та урлагт зүтгэсэн 40 жилийн ойгоороо тоглолт хийж байсан. Дахин тоглолт хийх үү?
-Гавьяат жүжигчин С.Батсүх, У.Далантай хоёр “Та одоо нэг тоглолт хий. Хөдөө суучихаад хотод ч орж ирэхээ байлаа. Хүрээд
ир” гэсэн. Би нэг их хүчлээгүй чимээгүй байж байтал С.Батсүх “Хүрээд ир. Тоглолт чинь
бэлэн болсон.Тоглолтын тов чинь гарч, заал танхимыг нь авчихсан” гэдэг
юм. Тоглолт маань сайхан болсон. Одоогоор дахин тоглолт хийх талаар
төлөвлөсөн зүйл алга.