Бичлэгийн тоо 91

 -Харин тэр дээрэм хийсэн, хүн буудсан, хүн зодсон гэмт хэрэгтнүүдийг олж, хатуу хариуцлага тооцох ёстой. Дахиж ийм аймшигтай үзэгдэл гарахгүй болтол нь дарах хэрэгтэй-

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дүгнэлт хийхээс урьтаад Улаанбаатарын төв гудамжинд болсон үйл явдлыг хараад танд ямар сэтгэгдэл төрснийг мэдмээр байна. Олон хүн таны үгийг хүлээж байгаа нь тодорхой?

-Намайг анх Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд байхад манай эхнэр "Хүүе ээ, цаана чинь сүйд болж байна. Телевиз үзээрэй" гэснээр үзсэн. Тэр үед МАХН-ын нэг давхарт гал гарч, хэсэг залуус тэргүүлээд дайрч байсан. Тухайн үед надад энэ ямар ч байсан Ардчилсан намынхан биш байна. Бид хэзээ ч ингэж авирлаж байгаагүй шүү дээ гэдэг бодол төрсөн.

-Намынхаа гишүүдийг л бодсон гэж үү?

-Тийм ээ, бидний ардчиллыг авчирсан түүхэнд хэзээ ч ийм ул мөр үлдээгүй гэдгийг бүх монголчууд мэднэ. Эсэргүүцлийн цуглаан эхлээд бяцхан мөргөлдөөн байснаа сүүлд өрнөсөн үйл явдлыг хараад үнэхээр цочирдсон. Тэр аймшигтай танхайрал, дээрэм, тонуул, хөлчүүрхэл, солиорлыг хараад зэвүү хүрсэн. Монголын ардчиллын түүхэнд хэзээ ч ийм үйл явдал болж байгаагүй. Би үнэхээр их цочирдсон.


-Эсэргүүцлийн жагсаал тэр шөнөдөө дууссан. Харин та онцгой чуулганы танхимд хаалттай хуралдахыг санал болгосон. Яагаад ингэсэн юм бэ?

-Чуулганы хуралдаан 15.00 цагт эхэлнэ гэхэд би танхимд орсон. Тэгээд гишүүдтэй жаахан ярилцсан. Дараа нь аяга цай уухаар ордны кафед ороод чуулганы танхимд байгаа гишүүдийг харахад Б.Жаргалсайхан, Ц.Нямдорж хоёр барилцаж авах нь холгүй байсан. Ер нь л гишүүдийн уур амьсгал хэрэв энэ байдлаар нээлттэй хуралдах юм бол ард түмний эсэргүүцэл дээр тос нэмэхээр байсан учраас хаалттай хуралдах горимын санал гаргасан.


-Харин Ц.Нямдорж гишүүн хоёр утгатай зүйл яриад байсан?

-Яагаад тэгснийг нь ойлгоогүй. Э.Бат-Үүлийн зөв. Гэхдээ ард түмэнд нээлттэй мэдээлэл хэрэгтэй гээд байсан. Миний хувьд ард түмэн биднийг харж, ямар шийд гаргах бол, эд нар яаж ярих бол гэж харж байгаа үед нүдэн дээр нь зөрчилдөөд, нэг нэгнийгээ элдвээр хэлээд, барилцаж авахад хүрвэл бүх зүйл хяналтаас гарахаар байсан учраас хаалттай хуралдах хэрэгтэй гэдэг байр сууриа хатуу хамгаалсан.


-Санал хураалтаас харахад М.Энхсайхан гишүүн нээлттэй хуралдах хэрэгтэй гэж саналаа өгсөн. Дараа нь та хоёр бас багагүй зөрчилдөөд камер унтарсан?

-М.Энхсайхан, Б.Жаргалсайхан хоёрт ашиг сонирхлын зөрчил байсан. Тэд сонгуульд ялагдсан хувийн хорслоороо чуулганыг улс төрийн индэр болгохыг хүссэн. Тэд энэ шийдвэрээрээ олон түмнийг турхирч, хорслоо тайлах гэсэн зорилгоор над руу хашгирахад миний уур хүрсэн.


-Тэр хоёр хүн ялагдсандаа хорсч байгаа юм байна. Тэгвэл Ардчилсан нам бас л ялагдлаа шүү дээ. Танай намд тэдэнд төрсөн хорсол үүссэн үү?

-Ардчилсан нам бол ялж, ялагдаж сурсан улс төрийн хүчин. Манай намд хорсох зан байхгүй. Бид хорсох юм бол аль 1992 он, 2000 онд хорсохоор л байсан шүү дээ. Ардчилсан нам иймэрхүү цохилтыг дааж сурсан улс төрийн хүчин.


-Гэхдээ Ц.Элбэгдорж даргыг ялагдсандаа бачуураад байгаа гэх дүгнэлтийг тал талд л хийж байгаа?

-Ц.Элбэгдорж буруугүй. Түүний сонгуулийн тодорхой тойрогт луйвар болсныг шалгах хэрэгтэй гэж хэлснийг хүмүүс мушгиж байгаа. Яах вэ, маргааны явцад янз бүрийн алдаатай үг хэлснийг хүлээн зөвшөөрнө.


-Тухайлбал, ямар алдаа гэж?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр Ерөнхий сайд С.Баяр Ц.Элбэгдоржийг хатгаж байгаад алдаатай үг хэлүүлж байгаа дуулдсан. Дээр нь, зөвхөн нэг тойрогт сонгуулийн луйвар илэрвэл бүх тойргийн сонгуулийг дахиж явуулна гэсэн нь буруу. Ард түмэнд дахиж сонгууль хийх тэнхэл байхгүй. Тэгээд ч ийм үйл явдлын дараа бүгд шоконд орсон байгаа. Тэдэнд ямар ч сэтгэл зүйн бэлтгэл байхгүй.


-Тэр нөхцөл байдалд сонгуулийн дүн ярьсан нь үнэхээр олон нийтэд таалагдаагүй байх?

-Ямар ч үнэ цэнээр хамаагүй тэр балмад үйлдлийг таслан зогсоох дээр хоёр тал тархиа уралдуулах ёстой байсан. Залуус бие биеэ алж, дээрэм хийж, машин шатааж байсан үе шүү дээ, тэр чинь.


-Энэ үйл явдлаас үүдээд С.Баяр, Ц.Элбэгдорж хоёрын хэн хэнийх нь нэр хүнд унасан гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Нэр хүнд нь хэр унасан бэ гэдэгт хариулж мэдэхгүй байна. Гудамжинд явж байхад Элбэгээ хатуу чанга байлаа, зөв гэх хүмүүс таарсан. Нөгөө талд Баяр харин ч буурьтай, тууштай байсан нь сайн гэсэн ч үг дуулдаж байлаа. Миний хувьд тэр хоёрын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд орж суучихаад ярих гол зүйл нь гадаах нөхцөл байдлыг яаж тайвшруулах вэ гэдэг л байсан. Тэр өдрийн тулгамдсан асуудал нь ердөө л энэ. Энэ үед би Ерөнхийлөгч Н.Энхбаярын арчаагүй байдлыг харсан. Би өмнө нь арчаагүй гэдгийг нь мэддэг байсан л даа. Гэхдээ тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга огт өөр үг хэлэх ёстой байсан юм.


-Ямар үг?

-Ерөнхийлөгчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх вэ гэдэг эрх мэдэл нь байдаг. Иймд та хоёр одоо наад сонгуулийнхаа асуудлыг боль. Битгий дэмий юм ярьцгаагаад бай, гадаа үүсээд байгаа нөхцөл байдлыг зогсоо гэж тас загнаад, мань эр л удирдах ёстой байсан. Гэтэл хэрэлд, хэрэлд гэж байгаа юм шиг хараад байсанд нь арай ч дээ гэж бодсон. Үнэхээр харамсмаар, Ерөнхийлөгч шиг байж чадаагүй.


-Тэр хүн өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд онц байдал зарласан шүү дээ?

-Онц байдал зарласан нь зөв. Зөвхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр улс төрийн намын дарга нарыг хэрүүл хийлгэдэг нь буруу. Тэгээд чимээгүй хараад суух байсан юм бол яах гэж тэднийг дуудсан юм. Зүгээр л "Наад сонгуулиа дараа ярь. Одоо гадаах асуудлыг яаж шийдэхээ хэлэлц" гэхэд л болох байсан.


-Монголчуудын хувьд ийм аймшигтай тэмцлийг хэзээ ч үзэж байгаагүй учраас их хэцүү байсан. Бид оготнын хамраас ч цус гаргаж үзээгүй гэж бахархдаг?

-Гол нь, 1990 онд Монголын ард түмэн үзэл бодлын төлөө тэмцсэн. Өнөөдөр бол тэмцлийн зорилго нь огт өөр тийшээ эргэсэн байна. Зөвхөн Монголын баялагт хяналт тавьж, тэр баялгийг захиран зарцуулах эрх мэдлийн төлөө тулалдах болж. Монголд хэн хяналт тавьж, хэн хожих вэ гэдгийн яг л араатан шиг эрх мэдэлд шунаж байгаа хүмүүс эрүүл ухаанаа алдаснаас ийм байдал үүссэн. Тэгэхэд 1990 оны ардчилсан хувьсгалыг цэвэр оюун ухаан удирдсан юм.


-Гэхдээ жагсагчдын олонх нь "Би ардчиллыг хамгаалж байна" гэдэгтээ итгэлтэй байсан?

-Тийм ээ, тэд бол зөвхөн л ардчилал ялагдлаа гэж зүрх сэтгэлийн дуудлагаараа очсон. Харамсалтай нь, Б.Жаргалсайхан мэтийн хүмүүс эрх мэдлийн зэвсэг болгож ашиглахыг оролдсон. Үүнд л гол эмгэнэл нь байгаа юм.


-Тэгвэл чуулганы танхимд яг юу болсон юм бэ?

-Нэгэнт телевизийн дуран байхгүй учраас их ажил хэрэгч хуралдаан болсон. Гишүүд хоорондоо уужуу тайвуу ярилцаж, аль аль талдаа ойлголцоод ард олонд нэгдсэн уриалга гаргая гэж тохиролцсон.


-"Зууны шуудан" сонины орлогч эрхлэгч Г.Отгонбаяр "Э.Бат-Үүл Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн дараа гарч ирж, МАХН-ын байр руу нэвтрэх гэсэн хүмүүсийг тайвшруулж байсан. Тийм лидер дутлаа" гэж бичсэн байна билээ?

-Би 1990 оноос анх тэмцэхдээ л ямар ч зорилгод хүрэх байсан ард олныг хооронд нь тулалдуулахгүй гэдэг тангараг тавьсан. Өнгөрсөн хугацаанд тангаргаа зөрчөөгүй. 1990 оны гуравдугаар сарын 9-ний өдөр өлсгөлөн зарлачихаад "МАХН-ын төв хороог тараах, Онц их хурал хуралдуулах, түр хурал байгуулах, онцгой шүүх байгуулах" гэсэн большевик шаардлага тавьж байсан. Энэ хувьсгалын арга "Ленин-17" гэдгээрээ их алдартай. Тухайн үед Орост ийм замаар л хувьсгал хийсэн. Жагсагчид ийм шаардлага гаргачихаад намайг бие засах майхан руу ороход малыш Энхтүвшин орж ирээд "Эрх баригчид бидэн рүү дайрах гээд танк, хуягт тэрэг авчирсан байна. Тэднийг дайрахад нь бүгдээрээ баахан эхнэр, хүүхэд цуглуулаад өмнөөс нь оруулъя. Мэдээж эхнэр, хүүхдээ алдсан ард олон бослого гаргах нь тодорхой. Хувьсгалыг ингэж хийе" гэхэд нь би хөөгөөд гаргаж байсан. Тухайн үед би удирдаж байсан учраас яаж асуудлыг эвээр шийдэх вэ гэж бодож байгаад ерөөсөө Монголыг атгаж байгаа, хаанаар нь суусан улс төрийн есөн хүнийг огцруулах нь зөв юм байна гэж үзээд "Монгол телевизэд нээлттэй хэлэлцүүлэгт суух үеэрээ сөөсөн хоолойгоор ардчиллынхаа хэнд нь ч хэлэлгүйгээр шууд "Улс төрийн товчооны есөн хүнийг огцрохыг амь насаараа шаардаж байна" гэсэн мэдэгдэл гэнэт уншиж байсан юм. Тэр үед бид бүхэл бүтэн намтай тэмцээд, төв хороог огцруул гэхээр амжилт олохгүй байсан. Харин улс төрийн товчооны есөн хүнийг огцруул гэсэн нь Ж.Батмөнх даргын хувьд жижиг асуудал болж, нааштай шийдэгдсэн. Мөн 1990 оны дөрөвдүгээр сарын 27-нд ч тэр бидэн рүү цэрэг дайруулах гэж байхад С.Зориг агсан бид хоёр ярьж байгаад жагсагчдыг хоёр хэсэг хуваан талбайгаас авч гарсан. Манай С.Зориг агсны хүмүүсийн мөрөн дээр суугаад цагаан хоолойгоор орилдог алдарт зургийг тэр үед авсан юм шүү дээ.


-С.Зориг агсны аллага болсны маргааш өглөө болж мэдэх байсан эсэргүүцлийн жагсаалын тухайд?

-Өглөө нь Төв шуудангийн өмнөх намынхаа байрны гадаа очиход нийгэм тэр чигтээ цочролд орж, уурлаж бухимдсан олон мянган хүн "МАХН руу дайръя" гээд улангассан байхад нь би "Та нар тэгж болохгүй ээ. Хэн алсан бэ гэдэг нь тодорхойгүй, алуурчин нь олдоогүй байхад ингэж хэрэггүй. Тайван бай" гэж хэлээд болиулсан. Азаар олон түмэн тийм үед миний үгийг сонсдог юм.


-Гурван өдрийн өмнөх тэр жагсаал дээр та уриаллаа гээд таны үгийг сонсох байсан болов уу?

-Сонсуулахын төлөө байдгаа хийх байсан. Сонсохгүй байна гээд хаяад явж болохгүй. Үгүй ядах нь ээ, МАХН-ын хаалгыг цээжээрээ хамгаалаад үлдэх байсан. Энэ бол бидний хүлээсэн үүрэг.


-Гэсэн ч энэ байдал нь өөрөө Монголд анархизм бий болсныг баталсан гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Ардчиллын дайсан бол хүчирхийлэл. Хүчирхийлэл фашизм, нацизм, коммунизмын таних тэмдэг. Ардчиллынх биш. Ардчилал өөрөө хүчирхийллийн эсрэг байдаг. Ер нь улс төрд сэтгэлийн тэвчээр, сэтгэлийн хат л хэрэгтэй.


-Одоо нөхцөл байдал тайван болж чадсан болов уу. Онц байдал цуцлагдахаар дахиад жагсаал үүсэхгүй гэх баталгаа байна уу?

-Цаашид намжмал байдал үргэлжилнэ. Ард иргэдэд айх хэрэггүй гэж уриалмаар байна. Тайван байдал эргэлт буцалтгүй тогтсон. Харин тэр дээрэм хийсэн, хүн буудсан, хүн зодсон гэмт хэрэгтнүүдийг олж, хатуу хариуцлага тооцох ёстой. Дахиж ийм аймшигтай үзэгдэл гарахгүй болтол нь дарах хэрэгтэй.


-Танай намын Үндэсний зөвлөлдөх хороо хэдийд хуралдах бол. Намын даргын асуудал ярих болов уу. Сая та бид хоёрыг ярьж байхад та "Юун цуурхал вэ, намайг намын дарга болсон гэж юу яриад байгаа юм бэ" гэж хүмүүс рүү ярьж байна шүү дээ?

-Харин намайг намын дарга болсон гэдэг шуугиан гадуур дэгдчихсэн бололтой. Би өөрөө юу яриад байгаа юм бэ гээд л сууж байна. Өнөөдөртөө намын даргыг хална, солино гэж ярихад эрт байна. Энэ асуудлыг намын дүрмийн хүрээнд л шийднэ. Тэгэхгүй бол ардчилал нурна.


-Хэрэв энэ цуурхлыг олон хүн бодит байдал болох хэрэгтэй гэж үзвэл та ямар шийд гаргах вэ?

-Үнэхээр намын их хуралд ингэж яривал нэрээ дэвшүүлнэ. Одоо бол энэ талаар ярих сонирхол алга. Гол нь нийгмийн амгалан тайван байдлыг тогтоох хэрэгтэй. Улс төрийг бол хэзээ ч ярьж болно шүү дээ. Дахиад хэлэхэд гол нь нийгмийн амар амгалан байдал. Үүнээс өөр зүйлд анхаарал хандуулах эрх бидэнд байхгүй ээ.


-Та намын их хуралд яривал нэрээ дэвшүүлнэ гэж байна. Мянга мянган монголчууд таныг болон хамтран зүтгэгчдийг тань ардчиллыг бэлэглэсэн гэдгээр хүндэлдэг. Үүнийг үгүйсгэхгүй. Гэвч өнөөдрийн нөхцөл байдлаас хараад байхад Монголын ардчилалд залуу хүн, залуу сэтгэлгээ хэрэгтэй болсон юм шиг надад санагддаг. Та санал нийлэхгүй байж болох ч цаг үе нь шаардаад байна гэвэл хүлээн зөвшөөрөх үү?

-Харин ч санал нийлж байна. Яагаад гэвэл би хувьдаа энэ цаг үеийг төлөөлж чадахуйц залуу хүн гарч ирээсэй гэж хүсдэг. Гэхдээ хувь хүнийг нь биш зорилгыг харах нь чухал. Үнэхээр нийгмийн ардчиллыг авч явж чадах залуу лидер гарч ирэхийг хүлээж байна. Харамсалтай байна, залуус албан тушаал, эрх мэдэл рүү тэмүүлдэг. Тэд албан тушаал гэдэг хүслээ биелүүлэх хөдөлмөрийн багаж зэвсэг гэдгийг ойлгох хэрэгтэй.


-Таны хэлээд байгаа шиг зорилго зөвтэй залуу гарч ирвэл та халаагаа өгч чадах уу. Хараад байхад манай улстөрчид "тэтгэвэр"-т гарах тухай бодохоос айдаг юм шиг санагддаг?

-Би бусад хүмүүсийг бол мэдэхгүй. Миний хувьд 1988 онд ухуулах хуудас нууцаар нааж явснаас хойш 20 жил улс төрд явлаа. Одоо миний хувьд зорилгоо зөв тодорхойлсон залуус гараад ирвэл улс төрөөс гараад явахад бэлэн байна. Наад зах нь, амьдралаа дээшлүүлмээр байна шүү дээ.


-Хүмүүс улс төрд орж амьдралаа дээшлүүлнэ гэдэг байхад та гарч дээшлүүлнэ гээд тэс хөндлөн юм яриад байх шиг?

-Үнэндээ манай эхнэр л бүх зүйлийг болгож, бүтээж ирсэн. Тэр амьдралд миний оролцоо тун бага байж дээ гэсэн бодол орж ирдэг юм.


-Тэгээд амьдралаа дээшлүүлэх боломж Монголд хэр байна?

-Байна аа, бүр ямар их боломж байна гээч. Хүүтэйгээ нийлж кино хиймээр байна. Эхнэртэйгээ хамтарч ток шоу хийвэл би их сайн продьюссер болно гэдэгтээ итгэлтэй байгаа. Манайх чинь удмаараа л урлагийнхан гэдгийг бүгд мэднэ. Бас номоо дуусгамаар байна.


-Та өнгөрсөн хугацаанд тэмдэглэл хөтөлж байсан биз дээ?

-Үгүй ээ, тэмдэглэл хөтлөөгүйдээ одоо харамсаад байгаа. Гэхдээ улс төрөөс гарахаараа хамгийн түрүүнд эрх чөлөөний гайхамшигтай, сэтгэл татам байдаг хэрнээ хувь хүнээс асар их хүч шаарддаг зүйл гэдэг утгатай номоо дуусгана.


-Нэрээ олсон уу?

-Уг нь би анхнаас нь "Эрх чөлөө ба чалхгүйдэл" гэж нэрлэхээр шийдээд байтал эхнэр "Жаахан онцгүй байна" гэхээр нь нэрээ өөрчлөхөөр болчихоод байгаа. Тэгээд одоогоор "Эрх чөлөө ба амьдрах ухаан" гэвэл яах бол гэж бодоод л байна.


-Эхний нэр нь илүү сонирхолтой санагдаж байна. Хүмүүс нэг их нөгөө утгаар нь ойлгохгүй байлгүй дээ?

-Уг нь ч тийм л дээ. Гэхдээ л эхнэр дэмий гээд байгаа болохоор бодох хэрэгтэй болсон. Амьдрах ухаан гэдэг нь ч бас болж байгаа л даа. Яагаад гэхээр миний өнгөрсөн 20 жилийн амьдрал асар их хүч чадал, зориг тэвчээр шаардсан. Ардчилал гэдэг ерөөсөө хүнээс амьдрах ёсыг шаарддаг юм байна. Иймд би өөрийнхөө оюун ухаанд үлдсэн тэр баялаг материалыг үеийн үед, 100 жилийн дараа ч гэсэн залуус эргүүлж тойруулаад уншдаг, эрх чөлөөний үнэ цэнийг миний номноос олж хараад, монголчууд эрх чөлөөтэй болох гэж, эрх чөлөөгөө авч явахын тулд ямар замаар, юу туулсныг ойлгохуйц тийм бүтээл хийнэ. Хүн албан тушаалаараа бус хийж, бүтээснээрээ мөнхөрдөг. Аз болоход би гэдэг хүн түүхийн огцом хувирлын үед амьдарсан учраас хойч үедээ гайхалтай түүхийг ойлгуулж үлдээж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.


-Та эрх чөлөөний үнэ цэнэ, амтын тухай яриад байна. Гэтэл өнөөдрийн залуус эрх чөлөөг байх ёстой зүйл гэж боддог. Тухайлбал, энгийн жишээ өөр дээрээ авъя л даа. Хэрэв та ямар нэгэн байдлаар миний хүсч байгаа зүйлд хориг тавих юм бол би шууд л "Энэ Бат-Үүл гэдэг хүн яагаад миний эрх чөлөөг боогдуулаад байгаа юм бэ" гээд зогсч байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл миний үеийнхэн бүгд л эрх чөлөөг байх ёстой, байсаар ирсэн гэж бодож байгаа. Тэгэхээр бидний эрх чөлөөний тухай ойлголт таны бодолтой зөрчилдөх бололтой, тийм үү?

-Шуудхан хэлэхэд, анх 1990 оны үед эрх чөлөөний үнэ цэнийг амталсан бидний мэдрэмж та нарт байхгүй болчихсоныг анзаарч харалгүй яах вэ. Үнэхээр өөрийн тань хэлж байгаа шиг залуус эрх чөлөөг зүгээр л байх ёстой зүйл гэж үздэг болсон. Эндээс нэг дүгнэлт хийхэд эрх чөлөө амтгүй болчихож. Үүний шалтгаан нь сая болж өнгөрсөн жагсаал цуглаан.


-Сонирхоод асуухад АНУ-ын эрх чөлөө хэр амттай байгаа бол. Монголтой харьцуулахад?

-АНУ-ын эрх чөлөө тодорхой хэмжээнд амт нь буурсан уу гэвэл буурсан л байх. Гэхдээ тэнд эрх чөлөөт хүмүүсийн соёл, амьдралын хэм хэмжээ тогтсон. Гэтэл манайд тэр соёл нь тогтож амжаагүй байна. Нэгэнт соёл нь байхгүй болохоор эрх чөлөөнийхөө амтыг мэдэрч чадахгүй нь тодорхой. Ерөөсөө л эрх чөлөөний соёл гэдэг чинь өөрөө хүлцэх чадвар. Хүн бүр хувь хүнийхээ эрх чөлөөг гайхуулаад байна. Уг нь эрх чөлөөтэй байхын тулд бусдыг хүлцдэг байх ёстой. Хэрэв хувь хүний эрх чөлөөг түрий бариад тулалдаад эхлэх юм бол эмх замбараагүй байдал л үүснэ. Гол нь хүлцэж сурах хэрэгтэй. Нэг нэгнийхээ хамрыг нульж эрх чөлөөг тунхаглах хэрэггүй.


-Нөгөө талд манайхан өнөөдрийг хүртэл бие дааж амьдрах арга ухаанд суралцаж чадахгүй байгаа юм биш үү?

-Би бол ерөөсөө л төрийн боолоос ардчиллын төлөөх тэмцэлд боссон хүн. Тэр үед амны уншлага минь нам засаг л байсан. Тэр чөдөр тушаанаас чөлөөлөгдсөн ард түмэн ямар их аз жаргалтай, баяр баясгалантай байсан гэж бодож байна. Юм бүхэн л тэмдэглэлт баяр байсан. Энэ бүхэнд дүгнэлт хийхэд ерөөсөө боолын эзэн боолоо тэжээдэг. Нэгэнт тэр эзний баялаг бүтээх хэрэгсэл нь боол нь юм чинь арчилж, тэжээж, цалинжуулах нь тодорхой. Үүний балаг нь боол нь эргээд бие дааж амьдрах чадваргүй болдог. Социализмын үед биднийг яг тийм байдалд оруулсан. Бүгд эрх чөлөөтэй болсон. Гэтэл бие дааж амьдрах чалх дутсан. Өнөөдрийн нийгмийн гол шаналал бол энэ. Гэнэт олдсон эрх чөлөөгөөр хүмүүсийн баяжих, эрх мэдэлд хүрэх дур хүслийг өдөөсөн. Нэгэнт хүслээ хангаж чадахгүй юм чинь олонх нь сэтгэл санааны хүнд байдалд орчихсон. Болж өгвөл бусдыг үзэн ядаж, бусдад атаархаж байна. Энэ нь эргээд тэднийг хүнд байдалд оруулж, хүнд байдаг бүх муу чанарыг цуглуулахад хүргэдэг. Үүнд сайн хариу өгдөг философи бол буддын шашин. Чадахгүй зүйлээ битгий хүс, өөрийнхөө хүч тэнхээнд тааруул гэдэг юм. Ядуу хүн ядуудаа зовдоггүй, харин ч их бодь, сэтгэл ханамжтай байх нь бий. Тэд шаналлаа гэхэд нэг л зүйлд шаналдаг гэдэг. Тэр нь баян болж чадаагүй дээ, хэрэгтэй зүйлээ авч чадахгүй байгаадаа шаналдаг. Манай нийгэмд энэ үзэгдэл түгээмэл болчихоод байгаа нь л гол эмгэнэл нь.


-Хүмүүс ядуу байгаагаас, эрх чөлөөнийхөө амтыг мэдрэхгүй болсноос та айж байгаа бололтой. Энэ бүхнийг нэгтгэсэн айдас нь бүр хүчтэй байгаа болов уу?

-Монголчууд асар их үнэ цэнээр олж авсан эрх чөлөөндөө түүртэж байна. Үүнээсээ болоод тэр эрх чөлөөг буцаачих вий гэдгээс үнэхээр их айдаг. Хүссэн хүсээгүй манай үеийнхэнд чалх дутагдаад эхэллээ. Тун удахгүй, их бодож арван жилийн дараах амьдралыг, нийгмийг зөв аваад явчих тэр залуу хүнд энэ эрх чөлөөг байгаагаар нь хүргээд өгчих юмсан гэж хичээж байна. АНУ-д хүн хэрэв хийж чаддаг ажил л байдаг юм бол тэр ажлаа сайн хийгээд байхад л сайхан амьдраад байдаг. Монголд тэр нийгмийг бий болгох хэрэгтэй.


-Та эрх чөлөөнөөс буцчих вий гэж айж байна гэлээ. Гэтэл саяны жагсаал цуглаанаас үүсээд олон хүн Монголд хатуу гар хэрэгтэй юм байна. Хатуу биш ч зөөлөн лантуугүй бол Монгол хоёр их гүрэндээ уусна гэсэн үзлийг мэр сэр ярьж эхлэнэ билээ?

-Хэрэв лантуу л хүсээд байгаа юм бол лантуу хэзээ ч зөөлөн байдаггүй юм. Лантуу хэзээд хатуу байдаг. Монголчуудын тусгаар тогтнолын баталгаа нь өөрөө ардчилал. Бид хоёр их гүрний дунд байх тусмаа ардчиллаа хамгаалах ёстой. Монгол ардчилалтай байх тусам хоёр их гүрэнд эзлэгдэхгүй. ОХУ болон Хятадад ямар ч дарангуйлал байсан тэд тусгаар тогтнолоо алдахгүй. Харин Монголд дарангуйлал, хүмүүсийн хүсээд байгаа тэр лантуу нь тогтох юм бол шууд тусгаар тогтнолоо алдана. Энгийнээр бодоход 2,6 сая хүнтэй ярьснаас нэг лантуутай яриад тохиролцсон нь илүү хялбар шүү дээ.


-Удахгүй шинэ парламент бүрдэнэ. Та 76 гишүүний нэг байх эрхээ сонгогчдоосоо авлаа. Нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна. МАХН олонх болоод Монголын ардчилал хязгаарлалтад орох бий гэсэн айдас нийгэмд бий болчихоод байгаа?

-Би өөрөө цаг үеийн нөхцөл байдалд их сайн хувирдаг зантай хүн. Нэгэнт МАХН олонх болох нь тодорхой. Ямар ч байсан миний хувьд өнөөдрийн МАХН Монголын ардчиллын эсрэг явах нам биш болсон гэдэгт итгэлтэй байна. МАХН-ын олон мянган гишүүд ардчиллын буянаар хувийн малтай болж, хилийн дээсээр эрх чөлөөтэй зорчдог болсон. Өнөөдрийн удирдлагууд дунд хэрэв МАХН өмнөх зарчмаараа явсан бол шалгуур шүүлтүүрт нь үлдэж, дарга болж чадахгүй олон арван хүн бий. Тэд эрх чөлөөний, ардчиллын хүчинд өдийд УИХ-ын гишүүн, сайд, дарга болоод явж байгаагаа сайн мэдэж байгаа.


-Эцэст нь, дахиад асуухад Та МАХН-ыг ардчилалд хязгаарлалт тавихгүй гэдэгт үнэхээр итгэлтэй байна уу?

-Тийм ээ, яах вэ арга барил нь хуучинсаг байдаг уу гэвэл байдаг. Шинэ юм эхлүүлэхэд хэцүү байдаг уу гэвэл хэцүү байдаг. Гол нь Gрдчилсан нам Монголын тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн гэдэг нь үнэн л юм бол, энэ үг чин сэтгэлийнх нь үг юм бол Монгол Улсын дархлаа нь Монголын ард түмэн гэдгийг л ойлгох ёстой. Энэ л гол нь юм даа.

Г.ОТГОНЖАРГАЛ

Эх сурвалж: news.mn

profile

www.mglclub.com Administrator

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/489239/305/trackback

kuya

2008.07.07 21:03:43
*.130.25.85

ene hudlaa shaasan yumnuudiin talaar bitgii netleech

20080701

2008.07.07 22:27:20
*.255.181.183

Bat-Uuliin zov ym aa .iim  l baikh yostoi .Bagadaa jookhon uimuuldeg baisan khuukhduud suuld ikh daruu bolson baidag ym .ongirokh ny baga .tetgvel uul  yag tiim bolj ee .Zodoonoor yug ch shiidej boldoggui gedgiig. ter khun khuvi khunii amidral, bolon olon niit bulegleliin dund ch tiinkhuu shiidej boldoggui gedgiig meddeg bolj ee .Bi Bat-uul gishuuniig kharin gadaadd  baigaa khumuusiin songokh songogdokh erkhed adil khorig tavisan gaikhdag ym ,terniigee tailbarlaval ikh sain shuu.Er khun  shig er khun  l dee ug  ny .Odoo  unekheer ardchilald zaluu uy kheregtei .20 jil namiin darga  gedeg Elbegeed  bol demii .bas 3 dakhiaa yoronkhii said geed  l moroodood ,khumuusiin setgeleer toglood ,terneese kaife avaad baikh shig sangddag ym .

joe78

2008.07.09 11:43:33
*.5.230.189

mglchuud bid bolimoor yumaa ali ertnii huvisgalt namch gehshig yadaj mah namaa bolimoor yumaa yamar sotsialist nigem bgaa bish ali ert ardchilal yalaa bizdee balai yum shig huuchin namaa dahij gargaad bh yumaa
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63530
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49500
46 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43579
45 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20259
44 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19856
43 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20636
42 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20320
41 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19260
40 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20973
39 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25043
38 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20052
37 Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа admin 2008-12-11 18468
36 Б.Энххуяг: “Анод” банк дампуураагүй admin 2008-12-11 18536
35 Гадаадынхан манай агаарын бохирдолд санаа зовниж эхлэв admin 2008-12-11 18606
34 Ганц айлыг ч болов ядуурлаас аврах сан admin 2008-12-02 17547
33 “Бүгд найрамдах” оюутан улс admin 2008-12-02 17483
32 МОНГОЛЫН ӨДӨР ДУТМЫН ХЭВЛЭЛ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР ГАРЛАА admin 2008-11-06 18647
31 Өдөрт 14 мянган хүн түүнээс болж таалал төгсдөг admin 2008-11-04 16496
30 Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Арилжааны банкуудад хямрал нүүрлээгүй ч байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга admin 2008-11-04 18544
29 Эрүүл хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг admin 2008-10-21 17135
28 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24893
27 Сүү хор болж, сүүдэр нөхөр болсонд хятадууд буруутай [3] admin 2008-10-09 17497
26 Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг \Баабар ингэж өгүүлэв\ [2] admin 2008-10-09 16775
25 МИАТ-ийн Вант улсын мянган булхай илчлэгдэв admin 2008-09-26 18512
24 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42148
23 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32409
22 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19432
21 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21047
20 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20411
19 БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН admin 2008-08-28 17091
18 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29318
17 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19768
16 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23060
15 “Тайван айдас” admin 2008-07-30 33276
14 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38694
13 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33160
12 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26864
11 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24711
10 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37960
9 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32671
» Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31203
7 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 28006
6 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20798
5 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107464
4 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25337
3 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26681
2 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24603
배너신청
자생병원

배너신청