
Үндэсний их баяр наадмын өмнөхөн Хүй долоон худагт адууны ханиад гарч уяачдыг багагүй сандаргасан. Агаар дуслын замаар тархдаг энэ өвчнөөр одоогийн байдлаар 500 гаруй адуу өвчилж, ДарханУул, Орхон, Сэлэнгэ, Булган аймагт тархжээ. Төвийн бүсийн аймгуудад томуугийн тархалт нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ сарын 20-ноос хойш 10 орчим аймгийн даншиг наадам болно. Энэ үеэр уяачид өвчтэй морьдоо уралдуулж болзошгүй учир томуугаар өвчилсөн адуугаа эмчлүүлэх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Адууны биеийн халуун 39-40 хэм хүрч, хүчтэй ханиалгах, чичирч зогсох, ил харагдах салст бүрхүүлүүд үрэвсэж улайх, хамраас нь салслаг шингэн гоожих шинж тэмдэг илэрдэг аж. Халдварыг газар авахуулахгүй байх үүднээс Мал эмнэлэг үржлийн газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн Мал эмнэлгийн алба халдвар гарсан голомтод бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.