Бичлэгийн тоо 3,329

Түүхт олон ой давхацсан баяр наадмын үндэсний бөхийн барилдаан дурсан ярилцах, шүүн хэлэлцэх зүйлээр дүүрэн болж өндөрлөлөө. Эрэмбэ өндөртнүүд хүрэх ёстой даваанаас өмнө “өнхөрч”, улсын начнаас аварга хүртэлх бүх цолтон төрсөн ийм зураглал тийм ч олон наадамд харагдахгүй биз ээ. Наадмаас наадмын хоорондох заал танхимын барилдаанд тогтмол барилддаг, тэр хэрээр цочоо, хий нь гарсан залуучууд шөвгөрсөн бөхч үүдийн дийлэнхийг эзэлсэн нь үндэсний бөхөд шинэ үе түрэн гарч ирж буйг харуулсны зэрэгцээ байнгын бэлтгэл, барилдаан хэчнээн чухал болохыг харуулсан нь лавтай. Гарын арван хуруунд тоологдохоо байсан телевизүүд улсын наадмыг шууд дамжуулан үзүүлж, өдгөө тойм нэвтрүүлгүүдээрээ бөхийн хорхойтнуудын нү- дийг хужирласаар байгаа тул барилдаануудын талаар нуршин өгүүлэхээ хойш тавьж, сонирхолтой баримтуудыг түүвэрлэн хүргэхийг хичээлээ.

ДҮРМЭЭ ЭРГЭЛЗЭЭГҮЙ БОЛГОЁ

Юуны түрүүнд жил жилийн наадмын сайхан өнгийг нь сааралтуулдаг маргаан, будилааны талаар дурдмаар санагдлаа. Аливаа зүйлийг тогтсон голдрилоор явуулж, нэгэн дэгд оруулахад чанд дүрэм, журам зайлшгүй хэрэгтэй. Олон зууны уламжлалтай үндэсний бөхийн барилдааны дүрмийг хөгжлийн хурд цаг, минут, хормоор хэмжигдэх болсон өнөөгийн нийгэмд нийцүүлэн шинэчилсэн ч гарах маргаан, үзэгчдийг талцуулан эвдрэлцүүлэх зүйл улам элбэг болсныг бид бэлхнээ харж байна. Уншигч эрхэм Та МҮБХ-ны Цэцдийн зөвлөлөөс баталсан Монгол үндэсний бөхийн барилдааны дүрмийг сайтар уншаад үзээрэй. 12 бүлэг бүхий энэ дүрмийг тольдоод барилдаанаа үзвэл хэчнээн олон зүйл, заалт хэрэгжихгүй байгааг мэдэх болно. Өнгөрөгч наадмаар хамгийн ноцтой зөрчигдсөн зүйл, заалтыг хэсэгчлэн авч сонирхуулъя. Уг нь наадмын барилдаан долоогийн даваа хүртэл ямар нэг маргаангүй (Мэдээж байсан. Гэхдээ тахимаа өгч, авалцахгүй байх нь бараг л байх ёстой юм шиг, энгийн зүйл болжээ) сайхан өрнөж байлаа.

Харамсалтай нь энэ даваанд тунасан хоёр бөхийн барилдааныг засуул, хөлийн цэцийнхэн оновчтой шийдвэрлэж чадахгүй, их будилааны эхийг тавьчихсан. Сэрвүүгээс, мөн дан болон давхар шуудагдсан барьцнаас хаялцах магадлал бага гэж үзсэн үү, хоёр бөх шууд шодохоор санал нэгджээ. Давсан нь заан цолны болзол хангах болохоор хэн хэн нь есөн хөлт тугаа хурдхан тойрохоор яарч байсан нь лавтай. Шоо цэргийн хурц арслан Ч.Санжаадамбын талд бууж, улсын цол авч амжаагүй байхдаа л төрийн наадмын түрүүг хүртэх бөхийн нэгд нэрлэгдсэн тэрбээр алсын сүврэгний барьц авав. 2009 онд начин болж, өнгөрсөн жил цолоо батлах даваанд өвдөг шороодсон Ц.Содномдорж өөрөөсөө жингээр илүү өрсөлдөгчийнхөө барьцыг тавиулж дөнгөсөн ч Ч.Санжаадамба (алсын сүврэгний барьцаа алдаж далбааны араас атгаад, шуудагдсан гар нь мөн сугандаа болон өөрчлөгдсөн) үргэлжлүүлэн барилдсаар начныг ширээн дээр буулгачихаад дэвээд гүйчихлээ.

Дүрэм бусаар унасан Ц.Содномдорж өөрөө хаялцах барьцыг сонгох эрхтэй байсан ч хөлийн цэцийн зүгээс дахин шодох шийдвэр гаргасныг нь хүлээн зөвшөөрсөн. Шоо дахиад Ч.Санжаадамбад таарлаа. Энэ удаа цэргийн арслан өмнөхийн адил барьцаа алдсан ч Ц.Содномдоржийн ард нь гарч хөөсөөр хазайлгасан. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 4.8-д “...барьц задарвал...” хэмээн тодорхой заасан байдаг ч энэ нь хэрэгжсэнгүй. Барьц сонгох эрхээ эдлэлгүй унасан болж хоцорсон шинэ харцагын өмнөөс харамсаад баршгүй.

Долоогийн даваанд залуу начин Ж.Бат-Эрдэнийг амласан Х.Мөнхбаатар арслан учраагаа сугадаж мушгиад тун ойрхон газардсан. Харин маргаантай энэ барилдааныг нь Ж.Бат-Эрдэнийн нутгийн бөх, “Хантайшир” дэвжээний ахлах дасгалжуулагч Д.Бадрах начин нягталж хэлэлцэлгүйгээр өөрийн бөхийн талд шийдсэн билээ. Энэ мэтчилэн шороотой бөх дараагийн даваанд боссон явдал нэг биш гарсан. Гарьдын даваанд Д.Баасандорж харцагатай хий сэн барилдаанд түрүүлээд тохойлдсон М.Баяржавхлан заан хоёр дахь боломжоороо туг тойрсон бол мөн тэрбээр их шөвөгт харин өсөх идэр начин Г.Эрхэмбаярыг давсан хэрнээ дахиж барилдаад түрүү булаацалдах боломжоо хийсгэж орхисон билээ.

ОНООЛТЫН ДАВААНЫ АЗТАНУУД

Улсын цолд тэмүүлж, цолоо ахиулахыг хичээж буй хүчтэнүүдийн хувьд дөрвийн давааны оноолт хамгийн том шалгуур нь болдог билээ. Харин зарим бөхийн хувьд нутгийн, нэгэн дэвжээний ах, андтайгаа таарч, гурав, тавын даваанд амлуулснаас ялгаагүйгээр гар амар туг тойрох эрхийг авдаг. Өнгөрсөн жилийн наадамд Ч.Бямбадорж зааны хүү Б.Заяамандах оноолтын даваанд аавынхаа шавь Ц.Мягмарсүрэн заантай таарч, начин цолд дөтөлж байв. Тэгвэл энэ жил хэд хэдэн бөх “азын сугалаа”-г атгажээ. Ховдын Ч.Цогбаяр нутгийн ах, өсөх идэр начин Ц.Лхагвасүрэнтэй, Төв аймагт Б.Батмөнх өсөх идэр начин Ж.Отгонбаяртай таарч, улсын цолны босго даваанд босох эрхтэй болсон бол Завхан аймгийн арслан Д.Батжаргал мөн Ж.Оргил начингаас тахим авлаа. Түүнчлэн 1024 бөх зодоглосон энэ наадамд цолоо баталж, ахиулах боломж өндөр байсан залуу начин Э.Энхбат улсын цолны тааварт ордог залуучуудын өнгөнд явдаг аймгийн арслан А.Отгонбаатартай таараад, ба рилдалгүйгээр элэг бүсээ тайлж байгаа харагдсан. Хэрвээ гурвын даваанд Т.Мөнгөнцоож харцага, Н.Бүрэнбаатар начин хоёрын нэг нь л ам бөхөө давчихсан бол дөрвийн да вааны нугалаанд Э.Энхбат начин үй зайгүй найз, олимпийн аварга Н.Түвшинбаяртайгаа таарах байлаа.

ТАВЫН ДАВААНД БОССОН БӨХЧҮҮДИЙН ТАЛААС ИЛҮҮ НЬ УЛСЫН ЦОЛГҮЙ

Дөрвийн давааны оноол тыг улсын цолгүй 33 бөх гэтэллээ. Ингэснээр шөвгөрөх давааны төгсгөлд улсын цолгүй бөх тунаж үлдэх нь тодорхой болсон юм. Өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй улсын цолд тэмүүлж явсан үеэ бодоод өрөвч сэтгэл гаргасан уу, уначихвал дараа нь гарах хардлагаас эмээсэн үү, 13 бөхийн нэрээс улсын начин Л.Нямсүрэнг сугалан амлаж, хоёр дахь жилдээ дараалан шөвгөрөв. Ийнхүү улсын цолтон улсын цолтноо амласнаар тавын давааны төгсгөлд аймгийн арслан цолтой дөрвөн бөх тунан барилдлаа. 2008 онд начны даваанд Г.Өсөхбаяр аваргад амлуулан унасан А.Отгонбаатар сүүлийн хоёр жилийн наадмын дөрвийн даваанд Б.Ганбат арслан, Д.Баасандорж харцагад унасан Б.Сангисүрэнд өвдөг шороодсон бол 2008 онд Х.Мөнхбаатар арслан, өнгөрс өн жил М.Баяржавхлан заанд тус тус начны даваанд бү дэрсэн А.Алтанхуяг анх удаа энэ даваанд боссон Б.Гончигдамбад мөн дийлдлээ.

Улсын цол авах мөрөөд лөө биелүүлэхэд ганцхан даваа дутуу үлдсэн 33 бөхөөс 15 нь туг тойрсон ба тэдний нэг нь шууд заан, нэг нь харцага цолд хүрсэн. Улсын цолны болзол хангасан бөхчүүдээс С.Багахүү (2009, 2010 онд Х.Мөнхбаатар арсланд), М.Эрдэнэбат (2006 онд И.Доржсамбуу гарьдад, 2010 онд Н.Ганбаатар гарьдад) нар гурав дахь оролдлогоороо тав давсан бол Ш.Жаргалсайхан 2006 оны наадмын шөвгөрөх даваанд Г.Эрхэмбаяр начинд унаж байлаа. Тэгвэл тавын даваанд өвдөг шороодсон бөхчүүдээс Ч.Булганхүү өнгөрсөн жил начны даваанд Г.Өсөхбаяр аваргад, А.Сүмбээ 2006 онд Д.Азжаргал арсланд тахим өгч байжээ. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн арслан А.Сүмбээ хэдий цолны болзол хангаж чадаагүй ч түүхт ойн жилийн наадмын начны даваанд тэр наадамд түрүү булаацалдах бөхчүүдтэй барилдсан өвөрмөц амжилтын эзэн болжээ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор А.Сүмбээг тавын даваанд орхисон Д.Азжаргал начин ес даван үзүүрлэж, улсын арслан болж байсан бол энэ жил түүнийг начны даваанаас буцаасан С.Мөнхбат арав даван түрүүлж, харцагаас шууд аварга болсон билээ.

Ч.БАТЗОРИГ ЗААН НАЙМ ДАХЬ НАЧИНГАА “ӨЛГИЙДӨВ”

Бүх цэргийн баяр наадамд үзүүрлэж, цэргийн заан цол хүртсэн үеэсээ бөхийн хорхойтнуудын анхааралд өртөж, начны тааварт нэрлэгдэх болсон Ч.Батзориг заан 1995 оны улсын наадмаар тавын даваанд Увс аймгийн залуу бөх Ц.Баянмөнхтэй тунан өвдөг шороодсон бол дараа жил нь багш Ч.Бямбадоржоороо начин цолны болзол хангаж байлаа. Боломжоосоо доогуур амжилт үзүүлсэн бөхчүүдийн нэг хэмээгддэг Ч.Батзориг заан 1995 оноос хойших 16 наадамд ердөө хоёрхон удаа шөвгөрсөн бөгөөд 11 удаа тавын даваанд унажээ. Үүнээс 1998-2000 онд гурван жил дараалан А.Сүхбат аваргыг заан цолтойд нь шөвгөрөх даваанд тунаж, амлуулж барилдаад бараагүй бол бусдад нь аймгийн цолтнуудыг улсын начинд дөрөөлүүлсэн байна. Сонирхолтой нь түүний гараар начин болсон бөхчүүдийн дийлэнх нь цолоо баталж, ахиулсан юм. Энэ жилийн баяр наадмын түрүү бөх С.Мөнхбат 2009 онд Ховдын заанаар анх удаа шөвгөрч байсан бол улсын арслан Д.Азжаргал 2002 онд түүгээр начин болж байв. Түүнчлэн 2005 онд Ч.Батзоригоор тав давсан Т.Амартүвшин харцага цолд хүрч, Ц.Лхагвасүрэн (2004), Б.Чинзориг (2007) нар өсөх идэр чимэгтэй болоод байна. Мөн олон наадамд доогуур даваанд элэг бүсээ тайлсан И.Доржсамбуу гарьдыг тавын даваанд өвдөг шороодуулсан Б.Сумъяа түүгээр начин цол хүртсэн дөрөв дэх бөх нь болов. 1995 онд начин болж, дараа жил нь цолоо баталсан И.Доржсамбуу 1997- 1999 оны наадмын шөвгөрөх даваанд Ч.Бямбадорж заан, Б.Гантогтох гарьд, Б.Ганбат арслан нарт өвдөг шороодсон түүхтэй. Харин 2005 онд Ц.Цогтжаргал, сүүлийн хоёр жилд Э.Энхбат, Т.Санчир нарыг улсын цолд хүргэжээ.

ТҮҮХЭН ОЙН ТЭГШ ТООТ АВАРГА

Дөрвөн их ой давхацсан энэ жилийн баяр наадмаар шинэ аварга төрөх магадлал тун өндөр байсан билээ. Улсын арслан цолтой бөх үзүүрлэвэл аварга цол хүртээх шийдвэр гарсан нь Д.Ганхуяг, Б.Ганбат, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал арс лангуудад том зорилго руу тэмүүлэх хүсэл төрүүлсэн нь лавтай. Хэдий тэдний хэн нь үзүүрлэх байтугай их шөвөгт хүрч чадаагүй ч заан болон түүнээс доош цолтой дөрвөн бөх үлдсэнээр шинэ аварга, арслан төрөх нь тодорхой болсон юм. Энэ дашрамд Баяр наадмын тухай хуулийн цол олгох талаарх заалтад дэндүү энгийн логик алдаа байсныг энэ жилийн баяр наадам тод харуулсныг дурдалгүй өнгөрч боломгүй санагдлаа. 2006 онд тухайн үед гарьд цолтой байсан Д.Сумъяабазарыг арав давж түрүүлэхэд нь хууль ёсоор арслан цол өгөөд, ард түмний шаардлагаар аварга цолны үнэмлэхийг бичиж байв. Энэ түүхийг санагалзан, нэг удаа түрүүлсэн бөх арслан болно, арслан цолтой бөх түрүүлбэл аварга цол хүртээнэ гэсэн заалтыг нягталсан УИХын гишүүд түүнээс доош цолтон түрүүлбэл яах вэ гэсэн асуултыг гаргаж ирсэн.

Ингээд үзүүр, түрүүний барилдааны өмнө арслан цолыг нь олгоод арав давбал аварга болгоё гэсэн гарц олжээ. Энэ ёсоор энэ жилийн наадамд түрүү булаацалдахаар шалгарсан харцага, начин цолтнуудад гарьд цолны болзол хангасан бөхчүүдийн хамтаар цолны үнэмлэх, тэмдгийг нь гардуулан өгсөн. Хуулийн тун “ухаалаг” нэмэлтийн ачаар С.Мөнхбат харцага шууд аварга цолд хүрсэн бол тус хууль дээрх заалт ёсоор үзүүрлэсэн Г.Эрхэмбаяр мөн аварга болох байв. Нэгэнт үзүүр, түрүүний барилдааны өмнө арслан цолны үнэмлэхээ гардсан Г.Эрхэмбаяр тэр цолтойгоо үзүүрлэсэн билээ. Тэгэхээр арвын давааны өмнө түрүү булаацалдах бөхчүүдэд цол олгосон нь шаардлагагүй зүйл байсан нь харагдаж байна. Юутай ч отгон аварга С.Мөнхбат нэгэн наадмаар хоёр цол авсан хосгүй тохиолдлын эзэн боллоо. Дөрвөн их ой тохиосон энэ наадамд тэрбээр арав давж түрүүлснээр Ардын хувьсгалыг ойг тэмдэглэж эхэлснээс хойш төрсөн 20 дахь аваргаар тодорсон юм. Түүнчлэн тэрбээр нэгэн сумын хоёр өөр хүчтэн улсын наадмын түрүүг жил дараалан авсан анхны амжилтыг бичүүллээ. Өнгөрсөн жил Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Б.Ганбат арслан 512 хүчтэнээс босоо үлдсэн билээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4858595/2bc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
689 Нобелийн шагналтан Монголд лекц уншина 2011-07-21 8561
688 Хүн амины хэрэгт сэжигтнээр татагдсан “Ice top”-ын гишүүнтэй ЭСЯ-ныхан уулзана 2011-07-20 6565
687 Зуслангийн байр шатаж, гэр бүлийн гурван хүн амиа алдав 2011-07-20 6672
686 НИЙСЛЭЛИЙН ГУРВАН ДҮҮРЭГ, НАЙМАН АЙМАГТ АДУУНЫ ХАНИАД ТАРХААД БАЙНА 2011-07-20 6644
685 Хилчид контрбандын бүлгийн мөрөөр оров уу 2011-07-19 8339
684 ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХЭЗЭЭ ВЭ 2011-07-19 6035
683 Адууны ханиадаар 500 гаруй морь өвчлөөд байна 2011-07-19 6158
» Хэн ч таагаагүй наадам буюу Нэг наадмаар хоёр цол авсан аварга 2011-07-18 7228
681 ДЭЛХИЙН БАРИМТАТ ӨВИЙН САНД МОНГОЛЫН БҮТЭЭЛҮҮДИЙГ БҮРТГЭЛЭЭ 2011-07-18 7436
680 МОНГОЛЧУУД ДЭЛХИЙ ДЭЛГЭНҮҮЛЖ, ДЭНЖ ХОТОЙЛГОН БАЙЖ НААДЛАА 2011-07-18 7930
679 АТОМ АЙМААР БИШ 2011-07-08 7294
678 ЮУН ТАВАНТОЛГОЙ, НААНА ЧИНЬ НААДАМ 2011-07-08 7012
677 ТҮҮХТ ОЙД ЗОРИУЛСАН МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА 2011-07-08 7632
676 Эрээн илжиг мэндэлжээ [1] 2011-07-07 7399
675 ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН ИРГЭД БАЙРНЫХАА ТҮЛХҮҮРИЙГ АВЛАА 2011-07-07 6931
674 Д.ЭНХБАТ: АТГ-ынхан намайг шалгах байх 2011-07-07 6515
673 НААДМЫН БӨХИЙН БАЙ 2011-07-06 7169
672 Р.ГОНЧИГДОРЖ: ТОЙРОГГҮЙ БОЛЧИХЛОО ГЭЖ БАЧИМДАХАА БОЛЬЁ 2011-07-06 6596
671 ГОЦ МЭРГЭН Ц.ХҮДЭРЧУЛУУН: Би үндэсний сураар ид амжилт гаргах насан дээрээ яваа 2011-07-06 8458
670 Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай ярьсан нь үнэн шүү дээ 2011-07-06 7088
배너신청
자생병원

배너신청