Хааяадаа би харимааргүй санагдах юм
Хаалга андуурч танайд ороод
Халуухан сэтгэлийг чинь зүрхэндээ мэдрээд
Хацарт чинь хацраа наагаад
Хархан үсийг чинь илбэмээр санагдах юм

Хааяадаа би чамайг үгүйлэх юм
Хадамд гарсаныг чинь бодохоор
Харамсаж дотроо уйлмаар болох юм
Хагацаж салснаа мартмаар санагдах мөчид
Хатуу дарсаар гунигаа тайлмаар санагдах юм

Хамтдаа үүрд амьдрахгүй ч гэсэн
Халуухан шөнийг жаргалтай үдмээр
Хаврын бороонд хамтдаа алхахгүй ч
Ханиас чинь нуугдаж чамтай болзмоор
Хачин боловч гэнэн хүсэл минь
Хааяадаа намайг галзууруулах юм

Зөөлхөн уруул, хацрын чинь хонхорхойг санахаараа
Зөндөө удаан  байсан ч хамаагүй зүрх минь хүлээдэг
Зөв бурууг ялгахаа больсон хүсэл минь
Зөрүүд занг минь улам хурцалж өгдөг

Заримдаа би чамтайгаа нууцхан уулзсаны дараа
Зангиа, костюманд минь шингэсэн чиний сүрчигний үнэр
Замбуулин хорвоод гуниг ямар үнэртэй байдгийг
Зааж өгөх шиг анхилах юм

Цагаан дарсны амттай чамтай өнгөрүүлдэг үдшүүд
Цамцны заханд үлдсэн уруулын будагны толбууд
Маргаашын үнэнээс нуугдаж
Машины кабинд үнсэлцдэг агшин
Мартагдсан аялгуугаа сонсож
Мансуурч жаргасан шөнүүд
Хааяадаа би харимааргүй санагдах мөчүүд
Хаалга андуурч танайд орох жаргал
Ханийг чинь эзгүйчилсэн нүгэл
Хацрыг минь дагасан дуслууд
Нулимстай хайр...