
Их аварга Дагвадорж Пепсид худалдагдаж, Үндэсний ёс заншлаа уландаа гишгэлэ
Уншсан 2059 vote 0 2011.07.09 12:42:28Хүч чадал, ухаан бяраараа энэ гарагийг гайхшруулж байсан Их аварга Дагвадорж маань Монголдоо ирснээсээ хойш урлаг, спорт, улс төр, бизнес гээд л бүх салбарт хүч үзэн тун завгүй байх болсон. Сүүлийн үед орой бүр цэнхэр дэлгэцээр Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүтэй Пепси ундааны рекламанд тоглож харагдах боллоо. Өмссөн хувцас сэлт нь зохьсон гэж ванлий. Хамгийн сонирхолтой нь дэмбээдэж ялчихаад айраг бус, хийжүүлсэн ундаа ууж байгаа нь Монгол үндэсний маань ёс заншилтай эрс зөрчилдөж харагдаад нэг л болохгүй байна. Манайхан эрт дээр үеэс хуурай хоосон дэмбээдэхийг муу ёр гэж үзсээр ирсэн. Өмнөө заавал аягатай айраг цэлэлзүүлээгүй цагт нэг нэгэнтэйгээ хуруу гарган дэмбээдвэл эцэг эх нь хоосорно гэж үздэг учиртай. Аягатай цай, сүү, архи байсан ч дэмбээддэггүй. Говийн аймгийнхан бол хуурай дэмбээдлээ гэж хүүхдээ сураар гуядаж, хоолыг нь хасч шийтгэдэг журамтай. Дэмбээ бол аялгуунд нь айраг исдэг ардын минь ариун ёс заншил, их түүхийн уламжлал. Энэ дэлхийн хаана ч байхгүй эрхэм өв соёл. Гэтэл жинхэнэ айраг цагааны орон Өвөрхангай аймгийн Хужиртын унаган хүү болох Их аварга маань дэмбээг айрагнаас өөр зүйлээр хөгжөөж болдоггүй гэдгийг мэдээгүй юм гэж үү. Арлын Японыг донслуулж явсан сумогийн Их аварга, Монголоос төрсөн дэлхийн цорын ганц од маань ардын уламжлалаа уландаа гишгэж, өөрөө доошоо орохуйц том мөнгийг Пепсигийн рекламанд тоглоод халааслав уу. Сураг сонсвол их аваргад жилд 150 мянган доллар төлж байгаа гэх. Энэ мөнгө тэгээд их аваргын нэр хүндийг, их ёс заншлын утга учрыг алдагдуулах их хүчтэй юм гэж үү. Угтаа бол монголчууд их аваргаа, их түүхээ, их ёс заншлаа хэдэн арван тэрбум доллараар арилжихгүй үндсэрхэг ард түмэн билээ.
mash zov yum bichsen bna.medeegui yuma ch medej avlaa.