Яг одоо Монгол Улсын ажил амьдрал цаг хугацааны хоёрхон баримжаанд хуваагдаад байна. Нэг бол наадмын өмнө, эсвэл наадмын дараа гэж. Наадмын долоо хоногт ямар нэг ажил тохирвол дүйвээнд нь юу ч болж мэдэх тул товлохоос зайлсхийсэн нь хамаагүй дээр. “Ройтер”-ийнхан Тавантолгойн шалгаруулалтын эцсийн шийдвэрийг долдугаар сарын 11-нээс өмнө гарна хэмээн мэдээллээ. Долдугаар сарын 11-нд талын монголчууд дэнж хотойтол нааддаг бөгөөд ингэж их цэнгэлд умбахын өмнө УИХ маань ард түмэндээ заавал нэг гэнэтийн бэлэг барьдаг уламжлалыг Английн агентлаг хүртэл андахаа больжээ. Энэ удаа Монголын Засгийн газар дахь эх сурвалж нь эндүүрч, “Ройтер” ташаарав.
Ташаарлыг залруулах монгол арга бас бий. “Юуны чинь Тавантолгой, наана чинь наадам!”. Хуушуураа хачиртайхан зооглох дуртай наадамчдын амны зугааг гаргах ямар нэгэн сюрприз УИХ-аас лав гарахааргүй боллоо. Засгийн газар Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэл найруулгатай зууралдаад наадам манатай нам гүм байгаагаас өргөн барихаар төлөвлөсөн хугацаанаасаа нэлээд хожимдож байна. Тэгээд наадмын өмнө үнэхээр юу ч болохгүй нь ээ? Сонгуулийн хуулийн гацаан дээр тээглэсэн хаврын чуулган л магад наадмынхаа өмнө завсарлаж амжина. Үүнээс өөр амжих зүйл өнөөхөндөө Төрийн ордонд алга.
ОЮУТОЛГОЙГ БАТАЛСАН ШИГ ЮМ БОЛОХ ВИЙ
Наадмаар эрчүүд гоёлоо өмссөн эхнэрээрээ гайхуулдаг бол Засгийн газар Тавантолгойд яаж ажилласнаа наадмын дараа л УИХ-д шалгуулах нь. УИХ-ын гишүүд наадмын дараа ээлжит бусаар цуглаж, Тавантолгойн гэрээний төсөлтэй англи, орос, хятад, япон, солонгос хэлээр дуржигнатал танилцах юм биз. Эрхэм гишүүд одоо наадмын бэлтгэл базаагаад, Тавантолгойд юу болж байгааг сонирхох ч сөхөөгүй явна. Харин таны сонгосон түшээ хэрхэж байгаа бол? УИХ-д илгээсэн гишүүн рүүгээ утасдсан ч болно. Гадаадын хөрөнгө оруулагчийн аманд багтчихалгүй олон талын ашиг олох боломжтой хамгийн том орд маань шүү дээ. Танд нэхэж шаардах эрх чинь бий. Тавантолгой ямар Фрийдландын олсон Оюутолгой биш.
2009 онд УИХ-аар Оюутолгойн гэрээний төслийг хэлэлцэж байхад гишүүдийн олонх уншиж танилцалгүй, тун бойтог хандаж байсныг эргэж санагтун. Гэтэл гэрээг баталснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөв үү, үгүй юү араас нь бөөн чулуу шидэцгээснээ гишүүд эрхбиш мартаагүй байгаасай. “Намайг шударга болохоор айсандаа гэрээний төсөл өгөөгүй” гэх гомдол, шүүмжлэл хэзээ хойно ч гарсаар л байгаа. Оюутолгойн гэрээг хэлэлцэж байх үед сайд нар төслөө нуугаад, гишүүдийн нүдийг нь боож хүчээр кноп даруулсан уу, яасан. Зарим “детектив” гишүүний ярьж байгааг одоо сонсоход тиймэрхүү хачирхалтай явдал болсон мэт ойлгогддог юм.
Оюутолгойн гэрээний төслийг баталсан анхны туршлагаасаа УИХ-ын гишүүд суралцсаны хувьд 2012 оны сонгуулиар улстөржих хүслээ аядан Тавантолгойн гэрээг илүү нарийн шүүлтүүрээр хэлэлцэнэ гэдэгт найдъя. Засгийн газар ч “түргэн түүхий” гэж хэлүүлэхгүй гэсэндээ учир битүүлэг байдлыг хэргээр үүсгэн алгуурлаад байгаа юм биш үү, гишүүд ээ. Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүд хэвлэлийнхнийг харахаараа амаа жимийсэн чигтээ зугтаж гүйгээд л.
ГЭРЭЭНИЙ ТӨСӨЛ ӨӨРЧЛӨГДӨЖ МАГАДГҮЙ
Ийм мэдээллийг Их Британийн “Ройтерс” агентлаг, “Файнаншл таймс” сонин цацсаныг Япон, Солонгосын хэвлэлүүд шүүрч аваад байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын сонгон шалгаруулсан БНХАУ, АНУ, ОХУ-ын компаниудаас УИХ Америкийн “Пибоди энержи”-ийг хасах магадлалтай гэж тэд таамаг дэвшүүлсэн байна. Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоор сонгосон Америкийн компанийн орон зайд Австралийн “Экстрата”, Бразилийн “Валэ” хоёрын аль нэг орох боломжтойг манай Засгийн газар дахь дээгүүр албаны хүн хэлсэн юм байх. Түүнчлэн БНСУ-ын Эрчим хүчний яамнаас манай Засгийн газрын шийдвэрийг илэр хий буруутгаад “Тавантолгойн хэлэлцээ шударга бус, дүн нь эргэлзээтэй болсон” хэмээн эрс мэдэгдлээ.
“Оросын төмөр зам”-ын толгойлсон консорциумд багтаж Тавантолгой төсөлд оролцохоор горилсон Солонгосын компаниуд манай Засгийн газартай дахин хэлэлцээ хийх боломжийг судалж эхэлжээ. Тавантолгойн хэлэлцээний дүнг зарлах мөчид “Монгол Улс, ОХУын хамтарсан консорциум” гэсэн шинэ нэгдэл төрсөн нь цочир сонин болсон билээ. Оростой хамтарсан солонгосчууд үүнд нэлээд бухимдаж, Японы компаниуд харьцангуй тэвчээр зааж байна. Энэ талаар Засгийн газрын Ажлын хэсгийн нэг гишүүнээс тодруулахад “Энэ бол Оросын хэрэг” хэмээв. Хачирхалтай нь Оросын хэвлэлүүд 18 хувийн талаар ор тас дуугарсангүй. “ОХУ-ын “Оросын төмөр зам” болон Японы “Сүмитомо”, “Иточү”, “Марүбэни” компаниуд, БНСУ-ын “Ко рес” группээр ахлуулсан 11 компанийн нэгдэл Тавантолгойн 36 хувийг эзэмшинэ” гэсэн мэдээллийг тоть шиг давтацгаажээ.
Монголын Зас гийн газрын шийдвэрийг үл ойлгосон гэвэл худлаа болов уу. Оросууд 18 хувиа чамлаж, Монголын хувийг өөрийнх дээрээ нүдээ анин нэмээд 36 болгон зарлаж байх шиг. Тавантолгойн хэлэлцээ үргэлжлэх магадлалтай, Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд өөрчлөлт орно гэсэн таамаг хэр бодитой болохыг наадмын дараа л харах үлдлээ.
Б.ЭНХЦЭЦЭГ