ГОЦ МЭРГЭН Ц.ХҮДЭРЧУЛУУН: Би үндэсний сураар ид амжилт гаргах насан дээрээ яваа
Уншсан 8458 vote 0 2011.07.06 18:40:57Үндэсний сурын спортын нэгэн үеийн амжилтыг шинэчилж, өөрсдийн байр сууриа эзэлсэн харваачид бол Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарамгай мэргэн Аюушийн Цэвээний гэр бүлийнхэн бөлгөө. Түүний хүү “Бурхан халдун” групп, нийслэлийн Баянзүрх дүүргийн харваач, улсын наадамд гурван удаа түрүүлсэн гоц мэргэн, спортын мастер Ц.Хүдэрчулуунтай баяр наадмын өмнөхөн манай сурвалжлагч уулзаж ярилцсан юм.
-Олон түүхэн ой давхацсан төрийн их баяр наадам айсуй. Баяр наадмынхаа бэлтгэлийг хийж байна уу?
-Энэ жил манай галынхны бэлтгэл муугүй байна. Тахилга, нээлт, Д.Жамба гуайн нэрэмжит харваа болон өнөө цагийн шилдэг харваачид өрсөлдсөн энэ жилийн УАШТ гээд 3-4 тэмцээнд сум тавьж, боломжийн амжилт үзүүллээ. Миний хувьд ч, наадмын бэлтгэлжилт гайгүй талдаа.
-Тэгэхээр нэлээн том зорилго тавьж байгаа байх нь ээ?
-Тэгж ойлгож болохгүй. Хэчнээн сайн бэлтгэлтэй байсан ч амлалт өгч харвадагүй. Баяр наадмын бэлтгэлжилт 80 хувьтай байна гэх үү дээ.
-Та анхны сумаа хэдэн настайдаа тавьж байсан бэ?
-Анх 10 настайдаа сум тавьснаас хойш 40-өөд жил суртай нөхөрлөж, харваж, цэц мэргэнээ уралдуулж байна. Бага балчир насанд эрхий хурууны арьс хагарч өвдөхөөс эхлээд бэрхшээл их тохиолддог байж.
-Баяр наадмын хүүхдийн харвааны амжилт гэвэл?
-Улсын их баяр наадмын хүүхдийн харваанд 1983 он хүртэл оролцож, 1981 онд түрүүлж байсан. Үүнээс өмнө гурван удаа аман хүзүүнд шалгарч байсан удаатай.
-Таны насанд хүрэгчдийн харваанд оролцож эхэлсэн үеийг сонирхвол сонин байх болов уу?
-1980-аад оны эхэн үе дээ. Үндэсний сурын спорт хөгжих, уламжлалт ёс заншлаа сэргээх эхлэл та виг даж байсан үе. Тэмцээн урал даанд оролцогчдын хү рээ тийм ч их биш. Анх харваж байхад бай нь нэлээд том юм шиг харагддаг байсан боловч, сумны хязгаар их өндөр байдаг байлаа. Хоёр лан буюу 72 граммын сумаар харвана. Тийм учраас харваачдын оноо их доогуур, 72 граммын сумаар 40 сум тавиад 30 оноо авна гэдэг хэцүү байлаа. Тэр үеийн мэргэчүүд цэц сайтай мэргэн харваачид байжээ. Лонжид, Балдандорж, Гэнэн, “Улаан” хочит Осор гуай гээд л. Өдгөө 72 граммын сумаар харваж чадах харваач тун цөөхөн дөө.
-Тэгэхээр харваачид одоо ямар сум хэрэглэдэг гэсэн үг вэ?
-Хамгийн дээд тал нь 60 граммын сумаар харваж байна.
-Ер нь наадамд ч юм уу, ямар нэгэн харваанд нэг жингийн сумаар харвана гэсэн шаардлага байдаггүй юм уу?
-Тийм зүйл байдаггүй. Харваа чид өөрсдөө нумандаа тохируулан сумаа сонгодог юм.
-Цаг агаараас шалтгаалан нуманд өөрчлөлт ордог уу?
-Шөрмөс, эврээр хийсэн нум нар үзэхээрээ зөөлөрч, сүүдэрт хатуурдаг талтай. Үүнийг тохируулж харвахад их мэдрэмж, ухаан шаардагдана. Тиймээс бэлтгэл сургуулилтаа тогтмол хангаж байх ёстой.
-Та төрийнхөө их баяр наа дамд гурвантаа түрүүлсэн харваач. Сэтгэлд тодхон, дурсамж үлдээсэн наадам гэвэл?
-Би 1987, 1994, 2002 оны наадамд түрүүлсэн. Төрийнхөө их баяр наадамд гурвантаа түрүүлсэн цөөн харваачийн нэг гэдгээрээ бахархаж, омогшиж явдаг. Со нир холтой нь, гурван удаа тү рүү лэхдээ гурвууланд нь 40 сумнаас 36 онож байж. Гурван түрүүнээс хамгийн өрсөлд өөнтэй нь 1994 оны Ардын хувьсгалын 73 жилийн ойн их баяр наадам. Ш.Даваахүү мэргэнтэй оноо тэнцээд товх харваанд зургаан метр ухарч харваад баяр наадмын түрүүг авч, наадамчдаа баясгаж явсан үеэ дурсах дуртай шүү.
-Оноо тэнцсэн тохиолдолд зургаан метр ухарч харвадаг юм уу?
-Үгүй ээ. Оноо тэнцвэл нэг метр ухарч харван өрсөлдөнө. Ш.Даваахүү мэргэн бид хоёр зургаан удаа оноо тэнцэн өрсөлдөж, монгол наадмын түүхэнд нэгэн өвөрмөц амжилт тогтоож байсан түүхтэй. Сонин тохиолдол шүү. Оноо тэнцээд ухарч харвахыг товх гэж нэрлэдэг юм.
-Та 2002 оны улсын их баяр наадмаас хойш өндөр амжилт үзүүлсэнгүй?
-Сүүлийн жилүүдэд таруухан харваж байгаагаа хүлээн зөвшөөрнө. Гэхдээ зарим жил баяр наадамд айрагдаж, улсын аварга болон нэрэмжит тэмцээнд түрүүлж, медаль хүртэж байсан тохиолдол бий. Харин түүхт ойн энэ жил бэлтгэлжилт арай өөр, илүү сайн байна. Өнгөрсөн жил таван харваач товхлоход би азгүйтэж, тавдугаарт орж байх жишээтэй. Үндэсний сурын спортод миний нас ид үедээ орох болохоор цаашдаа олон жил тогтвортой харваж, аавынхаа амжилтыг эвдэж, наадамчдаа олон удаа баясган цэнгүүлнэ гэдэгт итгэлтэй байдаг.
-Үндэсний сурын спортод тухайлбал баяр наадмын харваанд танай гэр бүлийнхэн шиг өндөр амжилт үзүүлсэн мэргэчүүд байдаг юм болов уу?
-Мэдэхгүй юм. Аав маань төрийнхөө их баяр наадамд дөрвөн удаа түрүүлж, найман удаа үзүүрлэсэн. Би гэхэд л улсын их баяр наадмын гурван түрүүтэй, нэг биш удаа хоёр, гуравт шалгарч, айрагдаад байна. Өсвөрийн харваанд ч манайхан амжилттай харва даг уламжлалтай. Би баяр наадмын хүүхдийн харвааны хоёр түрүүтэй. Миний дүү Ц.Батчулуун, зээ дүү Энхчулуун нар тус бүр дөрвөн удаа хүүхдийн харвааны түрүүг авсан юм даг. Ах Ц.Идэрчулуун, бүл дүү Цэрэн-Ойдов нар мөн нэг удаа түрүүлж байсан. Биднийг хүүхэд насандаа илүү сайн харваж байсан гэдэг. Аав “Чи түрүүлнэ шүү” гээд хэлэх л юм бол түрүүлдэг байлаа. 1973 оны Ардын хувьсгалын 52 жилийн ойн их баяр наадмын харваанд аав маань түрүүлж, тэр жилийн наадмын хүүхдийн харваанд миний дүү Ц.Батчулуун магнайлан биднийгээ баяруулж байсан.
-Баяр наадмын бэлтгэлээ зөвхөн сурынхаа талбайд хийдэг үү?
-Хотын ойролцоо амралтын газруудад хийх тохиолдол байдаг. Гэхдээ ихэнх харваач сурынхаа талбайд хийдэг уламжлалтай. Наадмын энэ л талбайдаа хийх нь илүү өгөөжтэй, үр дүнтэй .Энэ талбайдаа сур тавих учир.
-Та ямар мэргэжил эзэмшсэн бэ? Харваач Ц.Хүдэр чулууныхаас харваач төрж байна уу?
-1987 онд Политехникийн дээд сургуулийг машин үйлдвэрлэлийн технологич инженер мэргэжлээр дүүргэсэн.Мэргэжлээрээ хэдэн жил ажилласан. Эхнэр Г.Нармандах эмчийн мэргэжилтэй. Өдгөө цус судлалын үндэсний төвийн лабораторийн эрхлэгч. Гурван хүүтэй. Ууган хүү Х.Хүрэлчулуун ШУТИСийн 2-р дамжааны оюутан. Удаах хүү Х.Эрдэнэчулуун нийслэлийн 1-р 10- жилийн дунд сургуулийн 10-р ангийн сурагч. Отгон хүү Х.Хүчитчулуун нийслэлийн 84-р сургуулийн 3-р ангийн сурагч. Манай хүүхдүүд аав, бид хоёрыг дагаж харвадаг болсон. Гэхдээ хүүхдүүдээ өндөр амжилт үзүүлэх хэмжээнд бэлтгэж чадахгүй явна. Манай гэр бүлд үндэсний сурын талаарх халуун яриа байнга л өрнөж байдаг юм даа.
-Та хэдэн удаа нум сумаа солиод байна вэ?
-Энэ жил олон түүхэн үйл явдал тохиосон онцгой жил тул нум сумаа сольсон. Тав дахь нум маань болж байх шив дээ. Наадамд түрүүлсэн жилийнхээ нум сумыг бэлгэшээж, дараа жил нь тэрхүү нум сумаараа харвах дуртай. Нэг л совин татаад байдаг гэх үү дээ.
-Харваачид хүчний бэлтгэл хийдэг үү?
-Харваачид хүчний бэлтгэл хийх нь ашигтай. Би хэсэг хугацаанд ийм бэлтгэл хийгээд надад төдийлэн хэрэгтэй биш юм гэж үзсэн. Яагаад гэвэл, хамгийн гол нь гараа чичрүүлэлгүй нумаа татаж байхад л бэлтгэл болдог гэж үздэг. Хүчний бэлтгэл хийхэд амарч байсан булчин, шөрмөс ажиллаад аятайхан л байдаг юм билээ.
-Та аавтайгаа хамт нум сум хийдэг гэсэн байх аа?
-Бидний нум сумыг аав маань урлан хийдэг байлаа. Түүнчлэн одоо ид харваж буй олон харваачийн нумыг урлаж өгсөн. Мориор жишвэл аавын хийсэн нум сумыг хурд сайтай гэдэг. Гоц мэргэн Ж.Баттөмөр аавын урласан нум сумаар харваж, улсынхаа их баяр наадамд гурвантаа түрүүлээд байгаа юм. Улсын мэргэн Д.Норжмаад ч нум сум бэлтгэж өгсөн нь амжилтад нь том түлхэц болсон.
-Гарынхаа ар талаар сумаа гаргаж харвах юм. Ихэнх хүн гарынхаа урдуур сумаа гаргаж харвадаг гэж боддог юм билээ. Яагаад ингэж харвадаг юм бэ?
-Хоёр янзаар харвана. Сүүлийн жилүүдэд ихэвчлэн гарынхаа ар талаар харвах болсон. Үүнийг солгой харваа гэдэг. Харин гарынхаа урдуур сумаа гаргаж харвахыг сондгой харваа гэдэг юм.
-Төрийн тэргүүний харвах нум сумыг тусад нь бэлтгэчихсэн байдаг уу?
-Тэгж урьдчилан бэлтгэсэн нум сум байдаггүй юм билээ. Төрийн тэргүүн сонголт хийгээд л харвадаг юм. Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгчөөс хамгийн сайн харвадаг нь Н.Энхбаяр байв. Тэр хоёр сум тавиад хоёуланг нь онож байсан удаатай.
-Эрийн гурван наадам гэж ярьдаг ч үндэсний сурын спортод нэг их ач холбогдол өгөхгүй байгаа юм шиг санагдаг.Энэ талаар таны бодол?
-Ер нь сурын спортын сурталчилгаа бараг үгүй гэж хэлж болох юм. Манай холбоо бүтэц, зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэж, ши нэ менежементээр үйл ажиллагаагаа явуулж эхэл лээ. Баяр наадмын харваа багагүй будлиантаж ирсэн. Энэ будлианыг засах зорилгоор наадамд эхний 20 сум тавихад наймаас доош оноо авсан харваачдыг дахин харвуулахгүй байх шийдвэр гаргасан. Түүнчлэн зурхайн хэсэгт будлиан гаргахгүй үүднээс ганга хийх болсон. Самбарын уухай гэж бараг байхгүй болсон нь харамсалтай. Батхуяг гуай гэсэн цөөн уухайчид л байна даа.
-Ганга гэж юу юм бэ?
-Зурхайгаас дотогш 2,5 метрт газар ухаж элс асгасан байдаг юм. Үүнийг ганга гэдэг. Үүнийг хийснээр сум наана буух юм бол элсэндээ шууд зоогдон үлддэг. Өмнөх жилүүдэд гангагүй байсан болохоор наана буусан сум цаашлан гулсаж очоод будлиан үүсгэдэг байсан.
-Энэ жилийн үндэсний их баяр наадмын өрсөлдөөнд ямар харваачид дээгүүр өрсөлдөх бол оо?
-Үндэсний их баяр наадмын харвааны өмнө улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Баяр наадмын харваа, мэдээж сай хан, ёс жудагтай болно. Эмэгтэй харваачдаас Д.Эрдэнэтуяа, Х.Даваажаргал, Д.Цэцэг, С.Энхтунгалаг, Г.Батзаяа, эрэгтэй харваачдаас Ш.Даваа хүү, Ж.Баттөмөр, Ц.Баасан хүү, Х.Болдбаатар, Б.Баярсайхан, Л.Отгонбаяр нарын мэргэчүүдээс энэ жилийн улсын их баяр наадмын түрүү тодрох болов уу. Би ч гэсэн бэлтгэл сайн, туршлагатайгаа харуулж чамбай өрсөлдөхөөр бэлтгэж байна. Аав маань баяр наадамдаа 88 насандаа сум тавьж, залуу харваачидтайгаа өрсөлдөнө. Та бүхэн хотол олноороо сайхан наадаарай.
Д.Гэнээ