АНУ-ын Азийн сан, “Give two Asia” байгууллага хамтран Хүйсийн тэгш эрхийн төвийн хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгдөг “Итгэлийн утас” 1903-ыг хоёр жилийн хугацаанд дэмжиж, хамтран ажиллахаар болжээ. Дээрх байгууллага хүмүүст “Итгэлийн утас”-ыг хамгийн ойр байлгахын тулд 31 сая төгрөгөөр ивээн тэтгэжээ.
“Итгэлийн утас” нь 2006 оноос эхлэн хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар олон нийтэд мэдээлэл өгч, хохирогчдод тусламж үзүүлж иржээ. 2010 оныг хүртэл эл утсанд 385 хохирогч хандсаны 61 хувь нь бэлгийн, 25.5 хувь нь хөдөлмөрийн мөлжлөгөд өртөж, 12 хувь нь гэр бүл зуучлалаар бусдын эхнэр болж очоод хохирогч болжээ. Үүнээс зургаан эмэгтэй ор сураггүй алга болсон байна. Тэднийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй аж.
“Таван жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулан, хүн худалдаалах гэмт хэргээс олон нийтийг урьдчилан сэргийлэхэд тусалж байсан 1903 утас санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан зогсоход хүрсэн юм билээ. Харин Азийн сан ивээн тэтгэснээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болсон хохирогчид гарах нөхцөл буурна гэдэгт найдаж байна” хэмээн Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгах өгүүлэв.
Дашрамд дурдахад, Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгахад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон АНУ-ын Тө- рийн департаментийн “Орчин үеийн боолчлолыг төгсгөл болгоход гавьяа байгуулсан 2010 оны баатар” гэсэн өргөмжлөл гардуулжээ.
О.НАМЧИН