БНСУ-д хөдөлмөрийн
гэрээгээр ажиллах иргэдийг долдугаар сарын 16-19-нд бүртгэхээр болжээ.
Ажиллах хүч шинээр бүртгэхээс гадна өмнө нь бүртгүүлээд явж чадаагүй
байгаа хүмүүсийг дахин бүртгэх гэнэ. Энэ талаар Т.Ганди сайдаас
тодрууллаа.
-БНСУ-д гэрээгээр ажиллахаар бүртгүүлээд явж чадаагүй хэчнээн хүн байдаг вэ?
-Солонгосын Хөдөлмөрийн биржид 856 хүний нэр байршсан. Тэндээс ажил олгогчид шаардлагатай боловсон хүчнээ сонгодог. Эдгээрийн 759 нь эмэгтэй, 97 нь эрэгтэй. Хүйсийн ийм тэнцвэргүй байдал ажил олгогчдын сонголтод бас нөлөөлж байна.Мөн шалгалтад тэнцсэн ч хөдөлмөрийн биржид нэрийг нь шилжүүлээгүй 866 хүн бий. Шинээр бүртгэхэд энэ хүмүүсийн нэрийг дахин байршуулах юм.
-Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хэр байгаа вэ?
-Тус улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 903 ам.доллар. Бид Солонгосын Хөдөлмөрийн яамтай хийсэн хам тын ажиллагааны гэрээний хүрээнд зохисгүй, хүнд, хортой, хөдөлмөрийн чадвар алдуулдаг ажилд хяналт тавьж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаар хамтарч ажиллах болсон. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин өгвөл хөдөлмөрийн мөлжлөг гэж үзнэ. Тиймээс үүнд ч хяналт тавих юм.
-Энэ удаа хэчнээн хүн бүртгэх вэ?
-5000 хүн бүртгээд, сонгон шалгаруулж талыг нь явуулна. Солонгост ажиллах хүчний тоог бууруулна. Тэгэхдээ загас агнуур, цагаан будаа зэрэг туслах ажилд биш төрийн бодлоготой уялдуулан зам, барилга зэрэг өндөр технологи шаардсан салбарт ажиллуулах бодлого барьж байна.Ажилласан хүмүүст мэргэжлийн үнэмлэх олгуулахаар ярилцлаа. Эндээс зам тээвэр, эрдэс баялаг эрчим хүч, барилгажилтын салбарт ажиллах үндэсний боловсон хүчнийг давхар бэлтгэх зорилготой.
-Одоо хэчнээн монгол хүн ажиллаж байна вэ?
-Хуучин зуучлах товчоонд бүртгүүлсэн иргэдээс 10792, Гадаадад ажиллах хүч илгээх төв байгуулагдсан үеэс энэ оны тавдугаар сар хүртэл 8738 иргэн ажиллахаар явсан. Харин албан бусаар 10,000 гаруй хүн ажиллаж байгаа.
-Тэнд байгаа иргэддээ нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхээр болсон гэв үү?
-Хууль ёсны дагуу болон хууль бусаар ажиллаж байгаа хүмүүст гэр бүлийн, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх юм. Тэнд хүний эрхийн хуульч, хуулийн зөвлөх зэрэг мэргэжлийн 3-4 хүн ажиллана.