Д.ГАЛСАНТӨМӨР: Аймагтаа тав түрүүлсэн амжилтыг минь хэн ч эвдээгүй
Уншсан 6070 vote 0 2011.06.13 11:08:55Хан
Хэнтий нутгаас даншгийн аварга Н.Цэвэгмид, ардын хувьсгалын он жилүүдэд
Г.Самдан, Б.Бат-Эрдэнэ нарын үндэсний бөхийн алдарт аваргууд төрж
гарсан түүхтэй. Мөн тус аймгаас улсын заан Д.Барамсай, улсын начин
Б.Надмид, Ц.Дамдин, Б.Батбаяр, Б.Одхүү нарын улсын цолтой бөхчүүд төрж,
наадмын дэвжээг чимж явсан билээ. Уран хурц барилдаанаараа түмэн олноо
цэнгүүлэн баясгаж явсан нэгэн бол Хэнтий аймгийн хурц арслан Доржийн
Галсантөмөр юм.
Тэрбээр өдгөө төрөлх сум БаянАдрагадаа өсвөрийн бөхчүүдийг бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж явна. Аймгийнхаа баяр наадамд таван удаа түрүүлсэн түүний өвөрмөц амжилтыг аймгийн бөхчүүдээс хэн нь ч эвдээгүй байна. БаянАдарга суманд зохиогдсон олимпийн мөнгөн медальт, улсын өсөх идэр начин Цэндийн Дамдины нэрэмжит өсвөрийн тамирчдын “Бага олимп”-ын үеэр манай сурвалжлагч түүнтэй уулзаж ярилцжээ.
-Бөхийн спорттой нэр холбогдох болсон он жилүүдээ эргээд дурсвал ямар вэ?
-Би Хэнтий аймгийн БаянАдарга сумын Буурал гэдэг газар мэндэлсэн, туулай жилтэй хүн. 1971 оноос үндэсний бөх, 1972 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн. Эхээс 12-уулаа. Би хамгийн том нь. 1971 онд аймагт зохиогдсон БАТС-ын үндэсний бөхийн тойргийн барилдаанд 28 давж, анх аймгийн начин цол хүртэж байлаа. Тэр жилээ аймгийн баяр наадамд тав давж, начин цолоо баталсан юм.
1976 оны аймгийнхаа баяр наадамд Булган аймгийн арслан Н.Дагвадашийг орхиж түрүүлэн аймгийн арслан цол хүртэж, улмаар аймгийн баяр наадамд нийтдээ таван удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэн, хоёр удаа шөвгийн дөрөвт шалгарч байлаа.
Манай нутгийн алдарт бөх “Босоо” Самдан аваргын нэрэмжит барилдаанд долоон удаа түрүүлж, аймагтаа өвөрмөц амжилт тогтоосныг өдгөө хүртэл аймгийн бөхчүүдээс маань хэн нь ч эвдээгүй байна. Миний барилдаж байх он жилүүдэд шигшээ багийн тамирчдын хэнийг нь ч улсын наадамд барилдах зөвшөөрөл өгдөггүй байв. Гэхдээ би нэг удаа нууцаар барилдаад хоёр давж байлаа.
Миний чөлөөтийн анхны багш гэвэл ОУХМ, олон улсын шүүгч Б.Батболд гэдэг агуу хүн байсан. Би чинь насаараа жолооч хийсэн хүн. Гэр бүлдээ хамгийн том нь байсан болохоор дүү нараа асрах гээд л бөхийн спортоо орхиж байсан үе саяхан мэт. Миний эхнэр Ж.Чимидлхам гэж буянтай хөгшин бий. Тэр хүний буян, дэмжлэгээр хүний дайтай сайхан амьдарч явна.
-Та чөлөөт бөхөөр ямар амжилт үзүүлж байв?
-Намайг чөлөөт бөхийн спортод хөтөлсөн хүн О.Цэрэндагва, С.Магсар нарын алдарт дасгалжуулагчид. 1972, 1973 онд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ийн жинд түрүүлсэн. Мөн “Интернациональ-1973” олон улсын тэмцээнд Унгар, Чехословакийн бөхчүүдийг ялаад нутгийн бөх А.Басхүү, ЗХУ-ын бөхчүүдэд дийлдэж, шагналт байрт орсон нь миний хувьд дээд амжилт байжээ. Тэр цагаас хойш чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д цөөнгүй орж явлаа. Манай улсын шилдэг бөх, гавъяат тамирчин А.Баатархүүд Баянхонгор, Өмнөговь аймагт зохиогдсон УАШТ-д ялагдан медалиас мултарсан удаатай.
-Энэ оны эхний хагаст Хэн тийнхэн чамлахааргүй амжилт үзүүллээ. Аймаг, орон нутгийнхан таны биеийн тамир, спортын үйлсэд хувь нэмрийг ихээхэн үнэлдэг юм билээ...
-Энэ жилээс аймгийн БТСГ, “Сент-Луис” олимпийн зөвлөл бөхийн төрөлд өсвөрийн тамирчдыг дэмжих зорилт дэвшүүлсэн. Аймаг, сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал бүх талаар дэмжиж байна. Тэдэндээ “Адарга хан” клубийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Энэ намар аймгийн БТСГ-аас миний нэрэмжит тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулна.
“Адарга хан” бөхийн дэвжээ байгуулж хичээл, сургалтын ажлыг нь эхлүүлээд байна. “Адарга хан” дэвжээнийхэн хүүхдийн спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн, хөнгөн атлетикийн тэмцээнээс медаль хүртлээ. Л.Насанжаргал даргатай Хэнтий аймгийн БТСГ, Т.Нэргүй захиралтай “Сент-Луис” олимпийн зөвлөл хөдөө орон нутагт олимпизм, биеийн тамир, спортыг хөгжүүлэх, сурталчан таниулах үйлсэд бүх талаар дэмжиж ирсэнд баярласнаа илэрхийлье. Өсвөрийн шилдэг тамирчин бэлтгэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулсны хүчинд амжилт эхнээсээ гарч байгаад урамшиж явна.
Энэ жилийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд манай Баян Адарга сумын өсвөрийн бөхчүүд гурван алт медаль хүртлээ. Мөн чөлөөт бөхөөр аймгийн аваргын алдрыг гурван залуу бөх хүртэж, самбо бөхөөр аймгийн аваргаас нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан сайхан амжилт үзүүлсэн. Хүүхдийн спортын IV их наадмын чөлөөт бөхийн шигшээ тэмцээнээс манай өсвөрийн бөх Н.Ууганбаяр мөнгөн медаль хүртэж, бид нарыг баярлууллаа.
Төрөлх суманд маань жил бүр минийн нэрэмжит үндэсний бөхийн тэмцээнийг зохион байгуулах болсон. Зургадугаар сарын 4-нд даншгийн аварга Н.Цэвэгмидийн алдрыг тэммдэглэх, миний нэрэмжит тав дахь удаагийн үндэсний бөхийн барилдааныг Баян Адарга суманд зохион байгуулахаар үндсэн бэлтгэлээ хангаад байна.
Бидний ажилд МҮОХ, БТСГ, аймаг, сумын удирдлага, пүүс компани, хувь хүмүүс сэтгэлээрээ тусалж байгаад туйлын баяр хөөртэй явна даа.