Moderator: mgl_300
Жаахан хүүхдүүд өөрийнхөө гараа эсвэл гарт баригдсан бүхнээ амандаа хийдэг нь эцэг эхчүүдийг ихээхэн сандаргадаг.
Хүүхдийн энэ зан нь хөгжлийнх нь нэгэн үеийг хамардаг бөгөөд хамгийн энгийн үзэгдэл юм. Хүүхэд өөрөө барьсан зүйлээ амандаа хийх рефлекстэй байдаг.
Хүүхэд төрөөд эхний 3 сардаа хэрэгцээгээ эцэг эхээсээ хүсэх, юмыг хүлээн авч ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг нь түүний ам хавьцаа төвлөрсөн байдаг. Учир нь хүүхэд өлсөж чангасан үедээ амаараа хөхөж цаддаг. Нярай хүүхэд энэ үед ямар ч чадваргүй, бусдын хараат байдалд байдаг. Түүнийг асарч халамжлахгүй л бол бие даан амьдрах чадваргүй. Түүний үндсэн хэрэгцээг хангадаг ээжийнхээ мээмтэй нягт холбоотой байдаг болохоор өлссөн үедээ түүнийг цатгадаг тэр зүйлийг хайж эхэлнэ. Ингэж нярай хүүхэд өлсөх шалтгаанаар гадаад ертөнцтэй харилцаж эхэлдэг. Иймээс гадна ертөнцийн бүхий л зүйлд үзүүлэх хариу үйлдэл нь түүнийг амандаа хийх байдаг гэж хэлж болно.
Ам бол нярай хүүхдийн хамгийн том хэрэглүүр
Нэг нас хүртлээ хүүхдүүд гарт баригдсан бүхнээ амандаа хийдэг нь уг хэрэгтээ эерэг үзүүлэлт юм. Энэ бол хүүхэд өөрийнхөө орчин тойронтой харьцаж байгааг илэрхийлнэ. Хүүхэд ийм үе дээрээ гар хөлийнхөө хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хянаж эхэлдэг ч, зөв сайн ашиглаж чаддаггүйн улмаас гартаа барьсан зүйлээ сайтар танихын тулд амандаа хийдэг байна. Хатуу зөөлөн, идэж болох эсэх, дуу гаргадаг гаргадаггүйг нь ойлгох гэж оролддог үе дээрээ ирсэн гэсэн үг. Хүүхэд энэ үйлдлийг хийж байхдаа гарын таван хуруу болон таван мэдэрхүйгээ ашиглаж байдаг ч, энд ам хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг холбоос юм. Хүүхэд амныхаа эргэн тойронд хүрсэн зүйлийг долоож, хөхөж түүнийг мэдрэх гэж хичээдэг.
Эцэг эхчүүдийн анхааралд!
Хүүхэд нэг нас хүртлээ өөрийнхөө эргэн тойрон дахь зүйлсийг авч амандаа хийдэг нь хэвийн үзэгдэл боловч эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө аюулгүй байдал талаасаа зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах ёстой. Жишээ нь: хүүхдэдээ тоглоом сонгохдоо хүүхдийн аманд багтахааргүй томыг сонгох. Аль болох хүүхэд гэмтээхээргүй, үзүүр булангүй тоглоом байх. Мөн гэрт байгаа аюултай байж болохуйц эд зүйлс, тоглоомыг хүүхдээс хол тавих зэрэг байж болно.