Тавдугаар сар гарсаар манай улсад дизель түлш хомсдож эхэлсэн. ШТС-ууд хязгаарлалт хийн, “Петровис”, “Сод Монгол”, “Шунхлай” зэрэг компани дизель түлшээ картаар олгож байгаа билээ. Харин “Магнай трейд” түлшээ талоноор өгч байна. Орон нутагт түлш ховордож зарим газарт бүр олдохгүй байгаа аж. Манай сурвалжлах хэсэг түлшний нийлүүлэлт ямар байгааг сурвалжиллаа.
НЭГ АВТОБУСАНД 30 ЛИТР ТҮЛШ ОЛГОНО
Нэг автобусанд өдөрт 30 литр дизель түлш олгож байгаа аж. Хязгаарлалт хийгээгүй байхад нэг автобус өдөрт ойролцоогоор 100 орчим литр түлш зарцуулж байжээ. Нийслэлчүүдийн ихэнх нь нийтийн тээврийн хэрэгслээр хөл залгуулдаг. Зарим чиглэлд автобус явахгүй байна гэх гомдолд нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан даруулжээ. Тус газрынхан “2-3 чиглэлд явдаг цөөхөн автобустай ком - панид түлшний хязгаарлалт хийнэ хэмээн импортлогч ком - паниуд шахалт үзүүлж байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар бүх чиглэлд автобус үйлчилж байгаа. Харин түлшний хязгаарлалтаас хамаарч, автобус компаниуд эргэлтийн тоогоо багасгаж, иргэд автобус удаан хүлээх явдал гарч байгааг үгүйсгэхгүй. Түлшний асуудлаар ЭБЭХЯ, импортлогч компани, манай газрын холбогдох удирдлагуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр болно. Уг хурлаар зарим асуудлыг шийдэх байх” гэв.
ОРОН НУТАГТ БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ
Засгийн газар ОХУ-тай гэрээ хийж, 40 мянган тонн дизель түлш авахаар болсон. Үүний түрүүч нь ирж, “Шунхлай” группийн агуулахад буусан байна. Тиймээс тус групп орон нутаг дахь салбарууддаа дизель түлш хүргүүлж, картаар олгож эхэлжээ. Нийслэлд эдний ШТС 62 байдаг бөгөөд түлшээ картаар олгохоос гадна иргэдэд нэг удаад 20 хүртэлх мянган төгрөгт багтаан өгч буй аж. Зарим иргэн их хэмжээгээр түлш авч, дамлах хандлагатай байгаа учир ийн картын системд орсон гэнэ. Булган, Сэлэнгэ, Төв аймагт дизель түлшийг шаардлагатай үед картаар олгож байна. Харин Увс, Ховдод түлшний асуудал нэлээд ярвигтай болж, аймгийн удирдлагууд зовлонгоо холбогдох газруудад уламжлаад байгаа юм билээ.
АИ-92 ХОВОРДООГҮЙ
Бид Чингэлтэй дүүрэгт байрлах хэд хэдэн ШТС-аар орлоо. Дизель түлштэй зэрэгцэн АИ-92 бензин ховордсон гэх яриа гадуур тархсан юм. Гэтэл “Синчи ойл”, “Сод Монгол”, “Магнай трейд” зэрэг компанид уг шатахууны нийлүүлэлт хэвийн байв. Харин “Синчи ойл” компани дизель түлшээр тасраад сар орчим болж байгаа гэнэ. Тэнд А-80 1150, АИ-92 1350, АИ-95 1420 төгрөгийн үнэтэй байлаа. Шатахуун худалдан авч буй зарим жолоочтой уулзав. Жолооч Н.Ганхүү “Би хувиараа таксины үйлчилгээнд явдаг. Миний машин түлш харьцангуй бага зарцуулдаг л даа. Гэхдээ ШТС бүрт түлш худалдахгүй байна. Түлшний хязгаарлалт бидний амьдралд нөлөөлж эхэлсэн. Шатахуун олдоогүй зарим өдөрт гэртээ өнжиж байна. Гадуур шагийн түлшний үнэ гаарсан байна лээ. “Магнай трейд”-ийн 10 мянган төгрөгийн талоныг яаралтай ажил гараад хүнээс 11 мянгаар худалдаж авсан” гэв.