
2009 онд цөмийн хаягдлаас авах татварыг хүртэл хуульчлан бэлджээ
Уншсан 1139 vote 0 2011.05.24 09:47:242009 онд цөмийн хаягдлаас авах татварыг хүртэл хуульчлан бэлджээ
Японы “Майничи” сонины мэргэшсэн сэтгүүлч бэлтгэн, дэлхийн нэр бүхий хэвлэлүүдээр АНУ, Япон, Монгол гурван улс хэлэлцэн, Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлах яриа тохироо хийж буй тухай мэдээлсэн билээ.
Үүний дараа Японы Гадаад Хэргийн дэд сайд уг хэлэлцээ хараахан үр дүнд хүрээгүй байгаа ч яригдаж буй нь үнэн гэдгийг баталсан.
Мөн уг ажлыг гардан удирдаж байсан гэх Гадаад Харилцааны сайд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар ийм яриа хэлэлцээ огт яригдаж байгаагүй гэж буй ч баримт өөр зүйлийг өгүүлж буй юм.
Тодруулбал 2009 оны Долдугаар сарын 16-нд УИХ “Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль”-нд нэгэн сонирхолтой өөрчлөлт оруулж байжээ.
Энэ нь Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 15 дугаар зүйлийн 15.18.7 , 15.18.8 гэсэн хоёр заалт бөгөөд ” Цацраг идэвхит ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар сэргээх”, “Цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа” гэсэн үгс цагаан дээр хараар дурайж байх юм.
Энгийнээр бодоход хэрэв Монгол улсын Засгийн Газар цөмийн хаягдлыг булшлахыг үл хүсэж буй юм бол түүнээс авах татварыг хуульчлаад сууж байх уу?
Мөн цөмийн хаягдлыг булшилж, их хэмжээний ашиг олох уг хэрэгт Н.Энхбаярыг шууд холбоотой хэмээн судлаач Д.Ганхуяг мэдээлсэн билээ.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд нэвтэрсэн “Дуусдаггүй яриа” нэртэй нэвтрүүлгээр АНУ-д байнгын оршин суух карттай А.Ундраа гэгч эмэгтэй ” Цөмийн хаягдал нь хоргүй зүйл. Япон улс арчаагүйдээ олон юм яриад байгаа юм.
Хэрэв нэг кг ураны хаягдал гүний усанд нэвчвэл яах ч үгүй” хэмээн өгүүлж байв.
Монгол улсын Гадаад Харилцааны Яам уг мэдээллийг Японы сониноор залруулуулна хэмээн мэдэгдэж буй ч ямар нэгэн үр дүнд огт хүрээгүй байгаа юм.
Б.Амартүвшин