Moderator: mgl_300
Гурван цагаан хорыг хэрэглэх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өвчний эх үүсвэр болдог гэдгийг хүн бүр мэддэг болсоор удаж байгаа. Гэхдээ уламжлалт сэтгэхүй, амьдралын буруу хэвшлээсээ салах дургүй монгол хүний хоногт хэрэглэдэг давсны дундаж хэрэглээ 7.1 грамм байгаа нь давсыг хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн дүгнэлтийг бий болгож байгаа юм. Тиймээс давсны хэрэглээг хязгаарласнаар ач холбогдлын талаар энэ удаагийн зөвлөмжөө бэлтгэлээ.
Давсны хэрэглээг хязгаарласнаар цусны даралт багасна. Даралт буурснаар таны наснаас үл хамааран зүрх судасны өвчин үүсэх, цус харвах эрсдэл буурна. Хэрэв таны даралт өндөр байдаг бол давсны хэрэглээг багасгаснаар даралт тань дөрвөн долоо хоногийн дараагаас буурч эхэлнэ. Мөн давс бага хэрэглэснээр таны хэлний амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдрэх болно гэдгийг ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Давс хүний биед илүүдэл хэмжээгээр орох үед таргалах, артерийн даралт ихсэх, үүнтэй холбоотой тархины цус харвалт, зүрхний шигдээс, ясны сийрэгжилт, бөөрний чулуу, ходоодны хавдар үүсэхэд нөлөөлдөг байна. Давс натри, хлор гэсэн химийн хоёр элементээс бүтдэг бөгөөд натри нь бие махбодийн давс, усны солилцоог тэнцвэржүүлж, эрхтэн системийн эсийн гадна болон дотор шилжин оршиж байдаг байна.
Дунджаар 70 кг жинтэй хүн 50 грамм натри, 15 литр орчим ус бие махбодийн эсийн гадна оршдог. Энэ нь нийт биед агуулах натрийн 90 хувь нь гэсэн үг юм. Үлдсэн 10 хувь нь эсийн дотор оршдог. Хэвийн үед бөөр хүний биед байх давсны хэмжээг зохицуулж байдаг. Хэрэв биед илүүдэл давс орж ирвэл бөөрний ялгаруулах сувгаар биеэс давсыг шээсээр дамжуулан гадагшлуулдаг.
Хүний биед илүүдэл хэмжээтэй давс хоол хүнсээр байнга орж ирэх үед бөөрөнд байх нэг сая орчим хялгаснаас нарийхан бичил судсууд ачааллаа даахаа больж, эцэстээ давсыг гадагш хөөн гаргах чадваргүй болдог. Үүний улмаас эсийн гадна орших цусан дахь натрийн хэмжээ 50 граммаас ихэсдэг байна. Хүний биед натри ихсэхэд шээсээр ялгарах кальцийн хэмжээ мөн ихэсдэг байна.
Ингэж бөөрөөр кальциа их хэмжээгээр алдсанаар ясны сийрэгжилт үүсч, яс амархан хугардаг аж. Давс усыг өөртөө татаж байдаг. Давс ихтэй хоол цай идсэний дараа хүний ам их цангадаг. Энэ нь биед орсон давс усыг өөртөө татаж байна гэсэн үг. Ингээд л нэмээд давстай сүүтэй цайгаа хүн өөрийн мэдэлгүй уугаад байдаг. Ингэснээр судсаар урсах шингэн буюу цусны хэмжээ ихсэн, судсанд агуулагдах хэвийн хэмжээнээсээ давдаг учраас судасны хананд учруулах цусны даралт ихэсдэг.
Энэ нь яваандаа артерийн судасны ханыг хатууруулж, уян хатан чанарыг алдагдуулан, артерийн даралт ихсэх өвчтэй болдог байна. Өөрөөр хэлбэл судасны хана хэврэгшиж, хагарахад амархан болж байна гэсэн үг. Нарийхан судсаар цусыг шахах гэж зүрх маш их ачаалалтай ажилладаг. Ингэснээр зүрхний булчин томрон хатуурч, булчингийнх нь цусан хангамж буурдаг аж. Гэтэл бидний хэрэглэсэн давсны ихэнх нь гэртээ хийсэн хоолонд биш, харин худалдан авдаг талх, хиам, дарсан өргөст хэмх, кетчуп, европ бяслаг, лаазалсан бүтээгдэхүүн, чипс, самар зэрэг олон хүнсэнд агуулагддаг ажээ.
Ер нь насанд хүрсэн хүн өдөрт зургаан граммаас бага давс хэрэглэх ёстой. Энэ нь нэг жижиг цайны халбага ч хүрэхгүй хэмжээтэй давсыг хүн өдөрт хэрэглэнэ гэсэн үг юм. 100 грамм хүнсний бүтээгдэхүүнд 0.3грамм, эсвэл түүнээс бага давс агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг давс багатай гэж үздэг. Мөн насанд хүрсэн хүний өдөрт хэрэглэх давсны дундаж хэмжээ зургаан грамм байдаг бол натри 2,4 грамм байх учиртай.
Хүүхдийн хувьд том хүнээс харьцангуй бага давс хэрэглэх ёстой. Тухайлбал, 0-12 сартай хүүхдэд маш бага хэмжээний давс хэрэгтэй. Бүр өдөрт нэг граммаас ч бага байх ёстой. Хөхүүл хүүхэд эхийн хөхний сүүнээс яг өөрт нь зохистой хэмжээгээр давс авдаг. Харин хүүхдийн сүүн тэжээлд эхийн хөхний сүүнд агуулагддаг хэмжээтэй ойролцоо хэмжээгээр давс агуулагддаг. Хүүхдэдээ хуурай хоол хүнс өгч эхлэхдээ давс нэмэх хэрэггүйг байнга санаж байх хэрэгтэй.
Учир нь тэдний бөөр давсыг гадагшлуулж чаддаггүй. Хүүхдийн наснаас хамааран хоногт хэрэглэх давсны нийт хэмжээ нь өөр өөр байдаг. Үүнд, 1-3 настай хүүхэд хоногт хоёр, 4-6 настай хүүхдэд гурав, 7-10 настай хүүхдэд тав, 11 ба түүнээс дээш насныхан хоногт зургаан граммаас бага давс хэрэглэх ёстой. Тиймээс гурван цагаан хорын хамгийн аюултай “этгээд” болох давсыг маш бага хэрэглэх нь таны эрүүл мэндэд маш чухал гэдгийг санах л үлдлээ.