
Олимпын медальтнууд гэр бүл болсон тохиолдол дэлхийн спортын түүхэнд ч ховор билээ. АНУ-ын усанд сэлэгч олимпын 15 алтан медальтай Майкл Фелпс, олимпын гурван алттай Австралийн усанд сэлэгч Стефани Райс нарын амрагийн явдлыг эс тооцвол бараг байхгүй. Харин манайд бол олимпын мөнгө, хүрэл медальт гэр бүл байна. Бүр хоёулаа Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн баатар гээд бодохоор бахархах сэтгэл эрхгүй төрнө. Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж яваа түмний олон хөвгүүд, охидоос Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар онцгой ялгарсаар л байгаа. Спортын салбарт гаргасан амжилтаараа ч хэдийнэ монгол түмний бахархал болжээ. Өрхийн тэргүүн нь жүдо бөхийн 66 кг-д дэлхийд чансаагаараа тэргүүлж, гэргий нь буудлагаар чансаагаараа тэргүүлж байгаа нь Монголын нэрийг өндөрт өргөсөөр яваагийн тод илрэл билээ. Тамирчин хүнд байх ёстой дайчин, ур чадвартай, тэвчээртэй чанар тэр хоёрт бий. Тэдний спортын амжилтыг үл өгүүлэн хайр сэтгэлийн холбоог сонирхъё.
О.Гүндэгмаа социализмын үед спортын гэр бүлд төрж өссөн нэгэн. Шүхрийн спортын урдаа барих тамирин Д.Отряд, Ч.Хишигсүрэн нарын охин. Багаасаа буудлагын спортоор хичээллэж 1996 онд АНУ-ын Атланта хотноо болсон олимпоос шагналт байр, Дэлхийн цомын хэд хэдэн удаагийн аварга цол хүртсэн Гүндэгээг монголчууд 2004 онд олимпын найдвар гэж харж байв. Харин Х.Цагаанбаатарын хувьд Увсын Баруунтурууны хөвүүн. Гэр бүлээ дагаж Дархан-Уулд хүүхэд ахуй насаа үдсэн нэгэн. Жүдо бөхөөр хичээллэн өсвөр, залуучуудын тэмцээнүүдэд амжилттай оролцож явсаар 2003 онд БНСУ-ын Чэжүд болсон Азийн аваргын тэмцээнд түрүүлэн олимпод оролцох эрх авсан түүний хувьд 2004 оны Афины олимпийн “битүү морь” байв. Яг л энэ үеэс алдарт гэр бүлийн хоёр амрагийн холбоогоо тогтоожээ. Афины олимпод оролцох Монголын баг тамирчид Хөвсгөлд бэлтгэлд гарч байх үед хоёр биендээ дурлан хайрлалцахдаа нэг нь ардаа амьдралтайгаа умартан, нөгөө нь насаар бага гэдгээ ч үл харгалзан хоёр биендээ тэмүүлсэн гэдэг. “Үе, үе хамтдаа алга болчихоод байсан нь тийм учиртай байсан юм билээ” гэж сүүлд нөхөд нь ярьсан нь бий. Нэг нь сэтгэл хөдлөлөөр хүч сэлбэж барилддаг, нөгөө нь сэтгэл хөдлөлөө дарж амжилтад хүрдэг хоёрын хайр дурлал ч Афины олимпод гаргасан амжилтаас нь харагддаг. Хайр дурлалдаа шатаж явсан Х.Цагаанбаатар олимпын дэвжээнээс хүрэл медаль авсан бол хайр дурлалдаа бялхаж явсан О.Гүндэгмаа энгэр хоосон ирж билээ. Уг нь О.Гүндэгмааг Афины олимпоос медаль, бүр алт авна гэдэгт монголчууд итгэл дүүрэн хүлээж байсан.
Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарын хайр дурлал нэлээд хугацаанд нууц байж чадсан. Харин 2004 оны спортын шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно” ёслолын үеэр О.Гүндэгмаагийн нөхөр, дасгалжуулагч нь болох Л.Ундралбат Х.Цагаанбаатартай зэрэгцэж суугаад нэлээд ширүүн ярилцаж байсан нь сэтгүүлчдийн анхаарлыг татсан байдаг. Гэхдээ тэднийг амрагийн холбоотой гэдгийг хараагүй л байв. Мөн дараа жилийнх нь “Бөртэ чоно” ёслолын үеэр дурлалт хоёрын хайр, хамтын амьдралаа олноо зарласан. Тэд зориуд ижил торгон дээлээр гоёж, хөтлөлцөн ирсэн юм. Энэ үеэс О.Гүндэгмаа авааль нөхөр Л.Ундралбатаасаа өрх тусгаарлан охиноо дагуулан Х.Цагаанбаатарт очсон билээ. Тухайн үед түүнийг тийм том болсон охинтой байсан гэдгийг мэдэх хүн цөөн байв. Олимпоос өмнө түүнээс сэтгүүлчид “Хэзээ хүүхэдтэй болох гэж байна даа” гэх бүрийд “Энэ олимпын циклийг өнгөрөөж байгаад…” гэсэн шүү хариулт өгдөг байлаа. Харин хэзээ ч О.Гүндэгмаагийн охин Соёл-Эрдэнийн тухай ярьж, бичигдэггүй байсан нь сонин. Х.Цагаанбаатартай гэр бүл болсных нь дараа л бараг шинэ нөхөртэй нь насаар ойролцоо охинтой байсныг хүмүүс гайхан хүлээж авсан. Бас О.Гүндэгмааг Л.Ундралбатаас туурга салсан ч багш шавийн харилцаагаа хэвээрээ байлгана гэсэн шийдвэр гаргахад нь олон хүн хачирхаж байлаа. Хуучин нөхөртэйгээ хамт бэлтгэл хийж байхад, шинэ нөхөр нь хүлээгээд сууж байсан үе баатар бүсгүйн амьдралд энгийн л өдөр нь байж. Үүгээрээ спортынхны амьдрал өөр юм. Энэ гурван хүний дунд асуудал ингэсгээд дууссан гэвэл худлаа болно. Бээжингийн олимпын бэлтгэлд гараад байхад “Х.Цагаанбаатар байнга бэлтгэл дээр нь манаж суугаад О.Гүндэгмаагийн амжилтад муугаар нөлөөлөөд байна” гэсэн яриа гарч л байлаа. Мөн Бээжингийн олимпын үеэр Л.Ундралбат, Х.Цагаанбаатар нар муудалцаж зодоон цохиондоо хүрч байсан явдал ч бий. Үүнийг спортынхон тайлбарлахдаа “Л.Ундралбат Гүндэгээгийн амжилтад муугаар нөлөөлнө гэж Х.Цагаанбаатарыг түрүүлээд нутаг буц гэж хэлснээс үүдэлтэй. Тэр хоёрын хэрүүл сүүлдээ зодоон болоод дууссан байх. Л.Ундралбат Цагаанааг буудна гэж айлгаад цаадах нь Гүндэгмааг медаль автал өрөөнөөсөө гараагүй” гэж байсансан. Цагаанаагийн хувьд О.Гүндэгмаагаас өөр эмэгтэйтэй амрагийн явдалтай байсан тухай яриа байдаггүй ч тэр хоёрыг учир ургуулахаас өмнө нас ойролцоо жүдогийн 63 кг-ын жинд барилддаг Мөнхзаяа гэдэг эмэгтэйтэй дотно харьцаатай байсан тухай эгч нь ярьж байсан билээ. Олимпын дараа Х.Цагаанбаатар ч энэ тухай ярихаас эрс татгалзаж байсан нь Мөнхзаяагаас салж О.Гүндэгмаатай учиртай болсон үе таарсан юмсанж. Өдгөө Мөнхзаяа гэх бүсгүй жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатартай гэр бүл болжээ. Хүний амьдралын төөрөг яаж ч өөрчлөгдөхийн хэн ч тааж мэдэх аргагүй билээ.
Ингэж л Монголд цуутай нэгэн гэр бүл “мэндэлсэн” юм. Тэдний хайр сэтгэлийн баталгаа болж хорвоод мэндэлсэн үр нь АНУ-д төрсөн юм. Ховорхон гэр бүлд төрсөн Ховор-Эрдэнэ хүү аавынхаа амжилтын жилд төрсөн байдаг. 2009 онд Голландын Роттердам хотноо болсон 2009 оны Жүдо бөхийн ДАШТ-нд Х.Цагаанбаатар аваргалан, Монгол улсаас анхны жүдогийн дэлхийн аварга болсон юм. Тэр жилээ Хөдөлмөрийн баатар болж “Хөдөлмөрийн баатар гэр бүл” гэх нэгэн өвөрмөц нэрээр тэд цоллуулах болов.
Хөдөлмөрийн баатар гэр бүлийн амжилтууд ард нь байна. Лондонгийн олимпын гол найдвар Х.Цагаанбаатар гэдгийг спортынхон дуу нэгтээ зөвшөөрч байгаа. Мөн О.Гүндэгмааг биеэ тэнхрүүлж удахгүй олимпын эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцохыг хүлээж байна. Тэгэхээр Монгол улс удахгүй “Олимпын алтан медальтнуудын гэр бүл”-ийг өлгийдөн авах ерөөл өргөе.
www.yanaa.mn