Нойр булчирхайн өвчлөх хамгийн гол шалтгаан нь архи, өөх хэрэглэх явдал юм. Түүнчлэн хажуу эрхтэний, ялангуяа цөсний чулуу, түүний зогсонгшил, элэг, ходоодны эмгэг зэрэг ойролцоох эрхтэнүүдийн эмгэгээс өвчин үүсч болно.
Өмнөх үеийнхтэй харьцуулахад нойр булчирхайн өвчлөл эрс нэмэгдсэнийг хүнсний аюулгүй байдал, хооллох буруу дэглэм, ахуйн нөхцөл байдал зэрэг олон шалтгаантай холбон тайлбарлаж болно. Нойр булчирхайн үрэвсэл архагшсан үед бие их зовиуртай болж хурц өвдөлттэй байдаг. Үрэвслийн үед байнга гүйлгэх, суулгах зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд аюулхай орчмоор, ялангуяа бүслүүр хавиар их өвдөнө.
Нойр булчирхайн ажиллагаа алдагдсанаас бодисын солилцоо хямарч, олон талын хүндрэл гардаг. Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандах шаардлагатай. Нойр булчирхайн үрэвсэл нь их цочмог өвчин. Маш хүнд хэлбэрийн хордлоготой явагддаг. Ийм өвчтэй хүнд хамгийн чухал дэглэм нь зөв зохистой хооллох явдал юм.
Царцуу, хураагдсан өөх тос, согтууруулах ундаа, тэр дундаа архи уухыг бүрэн хориглох хэрэгтэй. Ялангуяа шарсан хуурсан хоолноос аль болох татгалзах шаардлагатай. Тиймээс аль болох ууранд жигнэж болгосон, буцалгасан хоол хэрэглэх хэрэгтэй. Мөн цадатлаа идэхгүй байх хэрэгтэй. Хоол идсэний дараа явган явж хоолоо сайтар шингээж байх нь чухал.
Нойр булчирхайн гоц үрэвсэл нь асар богино хугацаанд үргэлжилж, ердөө хэдхэн цагийн хооронд таны амь насыг авч явдаг аюултай өвчин тул та бүхэн энэ өвчний дээр дурдсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түрүү хэлсэнчлэн эмчид яаралтай хандах хэрэгтэй. Хамгийн гол нь та өөрийн амьдралдаа хоолны зөв дэглэм сахин баримталж, архийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь хамгийн чухал гэдгийг санах хэрэгтэй.