“Өнөөдөр” сонин “Үр хөндөлтийг хязгаарлая” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Монгол Улс 1989 оноос үр хөндөлтийг чөлөөтэй болгосноор үр хөндөлт арилжаа наймаа шиг газар авлаа. Улаанбаатарын өнцөг булан бүрт “үүрээ зассан” эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд үр хөндөлт хийж амьдардаггүй гэж үү. Үр хөндөлтийг мөнгө олох арга болгосон эмч нар “Үр хөндүүлэх эсэх нь хувь хүний эрхийн асуудал. Орчин үед ийм мэс ажилбар хийх багаж хэрэгсэл нь боловсронгуй болсон, хүний эрүүл мэндэд аюулгүй” гэх мэтээр хувийн бизнесээ хаацайлж байна.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 12.4 мянган эх үр хөндүүлжээ. Үүний 8214-ийг Улаанбаатарт хийсэн байна. Гэвч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газраас гаргасан энэ тоо бодит амьдралд нийцэхгүй байгаа юм. Нийгмийг цочролд оруулахгүй, анхаарал татахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд эмнэлгүүд үр хөндөлт хийсэн тоогоо дарж мэдээлдэг нь үнэн. Ганцхан үнэн мэдээллийг энд өгүүлье. Орхон аймагт 2009 оноос өмнө үр хөндөлт жилд 55-аас дээш гардаггүй байж.
Бодит мэдээлэл авахын тулд аймгийн Нэгдсэн эмнэлгээс хувийн хэвшлийн эмнэлгүүддээ үр хөндөлт хийх зөвшөөрөл өгч, үйл ажиллагаагаа үнэн зөв мэдээлэхийг хүсчээ. Үр дүнд нь 2010 онд 460 эх үр хөндүүлснийг мэдэв. Харин он гарсаар эхний хоёрхон сард энэ тоо 260 гараад байгаа тухай тус эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжил нэгтнүүддээ ярихыг сонссон билээ. Монголд үр хөндөлт ямар хэмжээнд хүрснийг гэрчлэх ганц үнэн тоо энэ.
Нийтийг хамарсан ядуурал, төрийн муйхар бодлогоос болж үр хөндөлт газар авлаа. Үүний үр дүнд Монгол Улс хөгжихгүй, хүн ам өсөхгүй. Харин үр хөндөлтөөр амьдардаг эмч нар л хийх ажилтай байх юм. Тэд үр хөндөхийн тулд тангараг өргөсөн гэж үү. Үр хөндөлтийг хязгаарлах хууль гаргах нь манай хэлэлцүүлгийн гол зорилго. Тийм ч учраас УИХ-ын зарим гишүүнд “Үр хөндөлтийг хязгаарлахыг та дэмжиж байна уу?” гэсэн асуулт тавьсан юм.
Г.БАЯРСАЙХАН: МОНГОЛЧУУД БИДНИЙ СУЛ ТАЛ БОЛ ЦӨӨХҮҮЛЭЭ
-Би үр хөндөлтийн асуудалд хоёр өнцгөөс хандаж яримаар байна. Нэгдүгээрт, улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Монголчууд бидний хамгийн сул тал бол цөөхүүлээ. Нөгөө талаас монголчуудыг агуу үндэстэн гэдэг. Өргөн уудам газар нутаг, байгалийн арвин баялгаа ашиглаад баян амьдарна гээд хүний хүчин зүйлийг тоодоггүй. Тийм биш. Бид олуулаа байж хүчтэй байх юм. Нэг жишээ хэлэхэд ОХУ 143 сая хүн амтай. 2010 онд өмнөх жилийнхээсээ хүн ам нь нэг саяар буурчээ. ОХУ жилд хоёр сая үр хөндөлт хийдэг. Энэ үзүүлэлтээрээ манай хойд хөрш дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл монголчууд хүн амынхаа тоотой харьцуулахад ОХУ-д хийж байгаа үр хөндөлттэй зэрэгцэх хэмжээнд явж байна. Ингэж үр хөндөлтийг чөлөөтэй тавина гэдэг Монгол Улсын хувьд галаар наадаж байгаа хэрэг.
-Үр хөндөлт хүн амын өсөлтөд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэж хэлдэг хүн байдаг юм билээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Сүүлийн үед Монголын хүн амын өсөлт буурч байна. Монголчууд бид 1990 оноос хойш 600.000 иргэнээ үр хөндөлтөөр хөнөөлөө гэж үздэг. Би үүнд харамсаж явдаг. Энэ байдлаараа 10, 50, 100 жилийн дараа монгол үндэстэн юу болохыг бодох хэрэгтэй. Энэ газар нутагт монгол угсаатан цөөнх болох вий гэхээс болгоомжилж байна. Тэгвэл бидний хойч үе, үр хүүхдүүд өнөөдрийн эрх баригч биднийг сайнаар хэлэхгүй шүү дээ. Энэ тал дээр үндэсний эрх ашигт нийцсэн эрүүл мэндийн, хүн ам зүйн бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
-Энэ чинь эхийн эрүүл мэндэд ч халгаатай мэс ажилбар шүү дээ.
-Би эмч мэргэжилтэйн хувьд эхийн эрүүл мэндийг бодохгүй байж чадахгүй. Арван эх үр хөндүүлэхэд нэг нь цаашид ураг тээх чадваргүй болдог гэсэн статистик үзүүлэлт бий. Тэгвэл эх хүн хоёр дахь удаагаа үр хөндүүлэхэд үр тогтоох чадвар нь 30 хувь буурдаг. Дээр нь эмнэлгийн дотоод халдвар авч болно. Мэс ажилбар учир эхийн амь насанд ч халтай. Нөгөө талаас эхийн хэвлийд тогтсон ургийг хэзээнээс хүн гэж тооцох вэ гэдэг нь дэлхий даяар маргаантай байдаг асуудал л даа. Би хувьдаа эхийн хэвлийд үр тогтсон цагаас амьдрал эхэлж байна гэж ойлгодог. Эхийн хэвлийд ураг бойжих есөн сарын хугацаанд ээжийгээ сонсдог, баярлахад нь баярладаг, хөдөлдөг, хөгжим сонсдог. Жирэмсэн үедээ хөгжим их сонссон эхээс төрсөн хүүхэд эелдэг сайхан хүн болж төлөвшдөг. Тэгэхээр энэ нь эхийн хэвлийд амьдрал байдгийг харуулсан хэрэг мөн биз дээ. Буддын шашинд хүн болж төрнө гэдэг зүүний үзүүрт будаа тогтохын адил ховор тохиол гэдэг. Христ, мусульман, буддын шашинд хүний амьдрал эхийн хэвлийд үр тогтсон цагаас эхэлж байна гэж ойлгодог. Тэгэхээр бид ч гэсэн энэ өнцгөөс нь харах хэрэгтэй.
-Лалын шашинтай орнуудад л үр хөндөлтийг хориглосон байдаг гэх юм?
-Тийм биш. Ирланд, Польш, БНСУ, Аргентин, Мальта зэрэг орон үр хөндөхийг хориглосон байдаг. Энд ардчилсан, тоталитар дэглэмтэй, исламын шашинтай орнууд баян, ядуу гэсэн зааг ялгаа байхгүй. Дэлхийн 77 улсад үр хөндөхийг хорьсон байдаг. Үр хөндөлтийг хориглоно гэхээр манайхан хүний эрхийг зөрчсөн болно гэдэг. Хамгийн түрүүнд хэлдэг үг хүний эрх шүү дээ. Хүний эрхээс гадна үндэсний эрх ашиг гэж илүү том эрх ашгийг мартаж болохгүй. Хүний эрхээс гадна эхийн амь нас, эрүүл мэнд, эхийн хэвлийд бойжиж буй шинэ иргэний хувь заяаг бодох ёстой. Хүний эрхийг давж сэтгэх ёстой. -Гэхдээ бид үр хөндөлтийг бүрмөсөн хориглох бус, хязгаарлах тухай ярьж байгаа? -Хязгаарлах нь зөв л дөө. Эхийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах эмчийн заалтаар, эсвэл хүчирхийллийн золиос болсон тохиолдолд жирэмслэлтийг зогсоох нь зүйтэй. Үүнээс гадна олон хүүхэдтэй эхчүүдэд төрөөс дорвитой дэмжлэг үзүүлэх ёстой. Манайд үр хөндөлтийг хориглож байсан үе бий. Тэгэхэд эх, үрсийг дэмжсэн өргөн цар хүрээтэй бодлого хэрэгжүүлж байсан. Хүн ам ч өссөн. Тэгвэл одоо үр хөндөлтийг хязгаарлах цаг нь болсон. Эрүүл мэндийн сайдын гаргасан үр хөндөлттэй холбоотой тушаалыг би олж үзсэн л дээ. Үр хөндөлтийг хумих бодлого барьж байгаа юм билээ. Үүнийг улам нарийсгаж, боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байна. Төрийн буруу бодлогын улмаас эрүүл мэндийн салбар хүртэл гажиж эхэллээ. Тэр нь юу гэвэл зөвхөн үр хөндөлт хийхийн тулд эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулж байна. Улаанбаатарт эмэгтэйчүүдийн 120 эмнэлэг байна гэдэг. Тэр эмнэлгүүд ажиллаад л байдаг. Төрөлт нэмэгдэх биш тэр хэмжээгээр буурч байна шүү дээ. Бид хүн ам цөөтэй үндэстэн учир үүнийг ухамсарлаж, үр хөндөлтөд өөр өнцгөөс хандах ёстой гэж хэлмээр байна.
C.БЯМБАЦОГТ: ҮР ХӨНДӨЛТИЙГ ХЯЗГААРЛАХ НЬ ЗӨВ
-Үр хөндөлтийг хязгаарлахыг хуульчилж хорих эсэх нь шийдэхэд түвэгтэй асуудал. Яагаад гэвэл үр дагавар нь хүний эрүүл мэндэд хохиролтой ч гэсэн хөндүүлэх болсон шалтгаан нь яах аргагүй амьдралаас урган гарсан хүсээгүй жирэмслэлтийн үр дүн байдаг. Амьдрал ядуу, гэмт хэргийн золиос болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үр хөндүүлэх нь байж болох асуудал. Харин өөр бусад тохиолдолд үр хөндөлтийг хязгаарлах, зохицуулах нь зөв. Үр хөндүүлэх болсон шалтаг шалтгааныг судалж байгаад хүний эрхийг зөрчихгүйгээр энэ асуудлыг шийдэх ёстой байх. Үр хөндөлтийн өнөөдрийн замбараагүй байдлыг цэгцлэх, хязгаарлахыг дэмжиж байгаа. Харин ор тас хориглож болохгүй.
Д.АРВИН: ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ЭХЧҮҮДИЙГ ДЭМЖВЭЛ ҮР ХӨНДӨЛТ БАГАСНА
-Ардчилсан нийгэмд үр хөндөлтийг зохицуулах нь хувь хүн, хүний эрхийн асуудал. Нөгөө талаас Монголын төр засаг үр хөндөлтийг аль болох хязгаарлах, хуульчлах ёстой юм. Монгол олон зуун жилийн турш мөнхөд оршин тогтнох улс. Тийм учраас олуулаа байх ёстой. Үүнийг Монголын иргэн болгон ухамсарлах хэрэгтэй шүү дээ. Энэ утгаараа Монголын төр үр хөндөлтийн эсрэг бодлого явуулах хэрэгтэй. Үүнтэй зэрэгцүүлж эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, амьдралыг сайжруулах бодлого явуулах нь зөв. Олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлбэл үр хөндөлт багасна. Ийм бодлого гаргаж, хуульчлах цаг болсон. Хүн ам өсгөх ийм бодлогыг эсэргүүцэх хүн гарахгүй байх.
-Үр хөндөлт ихсээд байгаагийн шалтгаан юу гэж та бодож байна вэ?
-Ухамсар муутай, цалин орлого багатай, амьдрал дорой өрхийн эмэгтэйчүүд үр хөндүүлэх нь түгээмэл байна. Ийм мэдээлэл ч ирж байна. Эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд өдөр, шөнөгүй ажиллах боллоо. Үр хөндөлтийг хүчээр хийлгэж байгаа хүмүүст хариуцлага тооцох заалтуудыг хуульд оруу лах гэхэд Хууль зүйн байнгын хороо дургүйцээд байгаа. Тэгэхээр далд бүлэглэл бий болж лообийдоод, “хүний эрх” нэрээр халхавчилж үр хөндөлтийн талаар хатуу арга хэмжээ авахуулахгүй байх вий гэсэн хардлага төрж байна.
Ядуу айлууд охин хүүхдийнхээ биеийг хүчээр үнэлүүлдэг гэсэн мэдээлэл ч ирээд байгаа. Тэрийг шалгаж нягтлах ёстой. Үр хөндөлтийг хүчээр хийлгэж байгаа хүнд хариуцлага тооцох хуулийн заалт Эрүүгийн хуулиас хасагдсан. Надад одоо нотлох баримт байхгүй ч хүчээр үр хөндөх асуудлыг Эрүүгийн хуульд оруулах хэрэгтэй. Гэр бүлийн хуулийг удахгүй батлах байх. Түүнд энэ заалтыг оруулах төлөвлөгөөтэй. Охид, бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлэх, жирэмсэн болгох, хүчээр үр хөндүүлэх асуудлыг Эрүүгийн хуульд тодорхой заалтаар оруулна гэж бодож байгаа.
-Та сая хүчээр үр хөнддөг тухай ярилаа. Ийм бусармаг зүйл манайд үнэхээр байна гэж үү?
-Сэтгүүлчид та нар захын хорооллуудаар яв л даа. Эцэг, эх нь илүү гэртээ, пиндээ хүртэл охин хүүхдийнхээ биеийг үнэлүүлж, 500.000 төгрөг авч байна гэж хороодоор явдаг хүмүүс мэдээлээд байна шүү дээ. Баг, хороодод ажилладаг хүмүүс бидэнтэй уулзахдаа тийм зүйл ярьдаг. Өнөөдөр ийм үйлдэл нотлогдлоо гэ хэд хариуцлага тооцох хуулийн зохицуу лалт байхгүй шүү дээ. Энэ бол хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа үйлдэл юм.