Армений
Үндэсний олимпийн хорооны нэрэмжит боксын олон улсын тэмцээн энэ сарын
12-17-нд Ереван хотноо өндөрлөлөө. Тус тэмцээнд нутгийн эзэн Армен болон
ОХУ, Казахстан, Гүрж, Энэтхэг, Иран, Болгар, Испани, Монгол тэргүүтэй
16 орны 112 тамирчин 10 жинд хүч сорьсон юм.
Тэмцээний шагналын сан муугүй өндөр (алтан медаль 5, мөнгө 3, хүрэл 1 мянган ам.доллар) байсан болохоор олон сайн тамирчин оролцжээ. Манайхан Армений рингэнд долоон тамирчинтай хүч сорьж, нэг хүрэл медаль хүртсэн байна.
60 кг-д ОУХМ З.Энхзориг нутгийн хоёр тамирчныг дараалан ялж, медалийн болзол хангасан ч мөнгийн төлөөх тоглолтод Казахстаны боксчинд 16:12-оор харамсалтай дийлдсэн байна. Манай тамирчин эхний хоёр үед оноогоор тэргүүлж явсан ч сүүлийн үед хожлоо алджээ.
Харин 81 кг-д залуу тамирчин Т.Мөнхбаатар Ираныг ялж, наймд үлдээд, медалийн төлөөх тоглолтод Казахстаныг барсангүй. Зохион байгуулагч арменчууд тэмцээний 10 жингийн зургаад нь түрүүлж, багийн дүнгээр тасархай манлайлжээ.