
Японы мэргэжлийн сүмогийн холбоо найрааны хэрэгт холбогдсон бөхчүүдэд ямар шийтгэл оноохоо маргааш буюу дөрөвдүгээр сарын 1-нд шийдэх нь. Холбооны нэг ажилтны ярьснаар найраа хийсэн нь тогтоогдсон 20 бөхийг хөөхөөр шийдсэн гэнэ. Сүмогийн холбооноос энэхүү асуудлыг хурдан шийдвэрлэж дуусгаад ирэх тавдугаар сарын тэмцээнийг зохион байгуулахаар яарч буй.
Одоогийн байдлаар хөөгдөх нь тодорхой болсон 20 бөхийн нэрийг зарлаагүй байгаа ч тэдний дунд Монголын хоёр бөх багтсан нь гарцаагүй байна. Тэд бол дээд зиндаанд барилдаж байгаа Мооконами, Коорю нар юм. Сүмогийн холбооноос сэжигтэн бөхчүүлийн хэргээ хүлээсэн, гүрийсэн зэргийг нь үл тооцон холбооноос хөөх, барилдах эрхийг нь нэг жилээр хасах зэрэг шийтгэл оноож, багш нарынх нь зиндааг бууруулах юм.
Гэхдээ олон ояката Сүмогийн холбооны энэ шийтгэлийг эсэргүүцэж байна. Хэргээ хүлээсэн дөрвөн бөхийн яриаг үндэслэн, найраа хийсэн гэж хүмүүсийг хэлмэгдүүлж болохгүй гэж тэд үзэж байна. Хэрэв холбоо үнэхээр ийм шийтгэл оноовол ояката нар эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулж, холбооны удирдлагыг авч хаях болно гэж нэгэн ояката хэвлэлийнхэнд мэдээлжээ.