Moderator: mgl_300
Байшингийн завсраар туссан нарны зурвасхан гэрэлд нарлаж байгаа эмээ нүдэнд тод туслаа. Хоёр хөлөө савчин их л тухтай сууж байгаа бололтой. Яг нэг хүн сандалтайгаа сууж таарах тэр гэрэл солонгос эмгэний байнгын салхилдаг газар аж. Нэг л машин явах боломжтой тэрхүү гудамжны хоёр талаар нэг нэгнээсээ ялгарах юмгүй хоёр гурван давхар өндөртэй орон сууцны хорооллууд үргэлжилнэ. Хотын төвөөсөө саадгүй давхихад 30-аад минут л болоод тэрхүү хороололд хүрээд ирэх юм билээ. Тэнд монголчууд маань түлхүүхэн амьдрах аж. Байрны түрээс нь арай хямд, ажилладаг үйлдвэрүүд нь дэргэдээ болохоор автобус унаанд сууна гэхгүй алхаад л оччихно. Ер нь Солонгос бол жижиг, дунд үйлдвэр жинхэнэ утгаараа хөгжсөн орон юм. Байшингийн хонгилд, арай томхон нь нэг хоёр давхар байранд үйлдвэрлэл явуулдаг хэдэн мянган үйлдвэртэй. Оёдлын, цүнхний, оймсны, гутлын гээд төрөл төрлөөрөө байх жижиг үйлдвэрүүдэд Сөүлд амьдардаг монгол бүсгүйчүүд ихэвчлэн ажилладаг. Харин эрчүүд барилга дээр ажиллах, айл нүүлгэх гээд арай хүнд ажил хийдэг. Үүрийн таван цагаас гэрээсээ гараад орой харанхуй болсон хойно гэртээ ирдэг гэсэн. Гэхдээ авдаг мөнгө нь ахиу болохоор яг л ийм давтамжаар амьдрал үргэлжилдэг юм билээ. Тэд Ерөнхий сайдыгаа ирж байгаа тухай солонгос эздэдээ баахан гайхуулан ярьж, мэдээний цагаар хараарай гэж үүрэгдсэн гэж байгаа. Монголоос ирсэн биднээс тэд "виз яах бол" гэсэн товч бөгөөд тодорхой асуулт л тавьж байлаа. Хэрэв виз чөлөөтэй болчихвол их л олон хүний элэг дэвтэх байх даа. Хүний газар хөлсөө дуслуулан ажиллаж байхад эх нутгийн зүгээс нь баяртай мэдээ ирвэл хорвоогийн нар зөвхөн өөр дээр нь тусаж байгаа юм шиг л хөөрнө. Харин хайртай аав ээж нь, эрхэм дотно анд нь, зулайгаа гишгэж төрсөн ах дүү, элгэн садан нь тэнгэрт одсон харуусалтай мэдээ тэдэнд ямар хэцүү байдгийг хэлэхэд бэрх. Зарим нь шууд л Монгол руугаа нисчихдэг гэсэн. Зарим нь нулимсаа дотогшоо залгиад л гундуухан алхаж явна. Амьдрал хөөж нутгаасаа гарсан тэд зорилгоо биелүүлээд явах гэж гүрийдэг биз. Ийн багахан хугацаанд тэдэнтэй уулзлаа. Монголоос ирсэн нэг чихэр ч тэдэнд үнэ цэнэтэй, амттай байдгийг харж явлаа.
Цэргийн баяраа тэмдэглэх гээд нэгнийхээ аминд хүрсэн аймшигтай хэргийн талаар асуухад бүгд л толгой сэгсэрч байлаа. Адилхан л амьдралын төлөө зүтгэж, дөнгөж өчигдөрхөн уулзаж байсан нэг нь амиа алдаж, нөгөө нь гэмт хэрэгтэн болж хувирсанд халаглаж харуусахын зэрэгцээгээр айдас түгшүүр нэмжээ. Учир нь энэ хэргээс хойш Солонгосын цагдаа нарын шалгалт ихэсч, баривчилгааны сураг ч дуулдаж эхэлсэн байна. Амиа алдсан залуу нь нэгэн үе Монголын сагсан бөмбөгийн лигийн тамирчин байсан, олны танил хүн байжээ. Биднийг тэнд байх үеэр буяны ажил явдал нь болж байсан. Хэтэрхий их ажлын ачаалал, стресс хүнийг хүссэн хүсээгүй ийм байдалд хүргэдэг талаар ч тэд ярьж байна лээ.
Монголчууд дэлхийгээр нэг тархсан гэдэг. Албан тоогоор 130 гаруй мянган монгол гадны улс орнуудад амьдарч байгаагийн 30 мянга нь Солонгост байдаг. Үүний гуравны нэг нь гэрээгээр ажилладаг бол цөөн тооны оюутнууд, албаны хүмүүс байна. Үлдсэн нь хараар амьдардаг монголчууд. Ажилладаг хүмүүс бол өдөрт дунджаар 12-14 цаг ажиллана. Ингэж л зүтгэдэг.
Магадгүй өдгөөгөөс 40-өөд жилийн өмнө Азийн хамгийн ядуу орны нэг байсан солонгосчууд ингэж ажилсаг шоргоолж шиг зүтгэж байж одоогийн Хан мөрний гайхамшгийг бүтээж чадсан байлгүй. Энэ дөчин жилийн хугацаанд тэд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, тэргүүний технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсролыг хөгжүүлэх бодлого барьсны үр дүн нь одоогийн өндөр хөгжилтэй Солонгос орон.
Харин сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний үнэ, болоод амьдралын өртөг Солонгост нэмэгдэж байгаа гэсэн. Энэ нь тэнд амьдардаг монголчуудад ч хүнд тусч байгааг ярьж байна лээ. Хэдэн жилийн өмнө бол тэндэх амьдралаа зохицуулаад мөнгөө хураагаад байж болдог байв. Буцаад очихдоо байр, машин, бизнес хийх мөнгөтэй болчихдог байсан бол одоо нэлээн зүтгэж байж арай гэж жаахан юм хураадаг болжээ. Гэхдээ л тэд маань Монголд байгаа ар гэр, ах дүү, хамаатан садан гээд олон хүний амьдралд тус нэмэр болсоор ирсэн билээ.
Айл нүүлгэдэг монголчуудын ажлын нэг өдрийг сонирхсон юм. Тэд 3-4-үүлээ нийлж нэг баг болдог бөгөөд нэг компанид гэрээгээр ажилладаг гэсэн үг. Өглөө долоон цагт ажил дээрээ очсон байх ёстой. Тэгээд хуваарийн дагуу нүүлгэх айл руугаа явна. Ачааны машинаа ихэнхдээ өөрсдөө барьж явдаг гэсэн. Манайхан нүүх болохоороо хамаг юмаа эзэгтэй нар боож багладаг бол хангүг эхнэрүүд бүгдийг нүүлгэх багийнханд даатгана. Хувцас нь өлгүүртээ, гоёл чимэглэл нь ширээн дээр, аяга таваг нь шүүгээн дотроо байх. Энэ бүгдийг нэгбүрчлэн боож баглаад ачна. Өндөр давхрын айлуудын том эд барааг шууд цонхоор нь кранаар буулгадаг гэнэ лээ. Тэгээд шинэ байранд нь яг хуучин байранд байсан шиг нь байрлуулдаг гэсэн. Ил байсан гоёл чимэглэлийг нь хүртэл ширээн дээр нь гаргаж тавьдаг гэж байгаа. Өдөржингөө л нүүдэл үргэлжилнэ. Зарим айл баяжаад шинэ байранд орж байхад зарим нь зиндаа буурч жижиг байр руу нүүх жишээтэй. Байраа жижигсгэсэн айлуудын хувьд тавилга нь багтахгүй, эзэн нь урвагар гээд өрөвдмөөр харагддаг гэсэн. Зан сайтай эхнэрүүд нүүдэл хийж байхад хоол, ундаа авчирч өгдөг бол хоосон өнжих үе ч гарна. Нүүлгэж дуусаад мөнгөө бэлнээр авна. Нэг хүн дээд тал нь 100 мянган вонн авдаг. Ингээд гэр рүүгээ явсаар байтал оройн ес, арван цаг болчихно. Нүүдэл хийж байхад зарим айлууд шинэ шахам тавилгаа хаячихдаг болохоор таалагдсаныгаа авч Монгол руу ачуулдаг гэсэн. Сэргэлэн зарим нь Улаанбаатарт ийм дэлгүүр нээчихсэн байна лээ.
Солонгост амьдардаг монголчууд Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжтой болсон, үүний тулд Элчин сайдын яаман дээрээ очих ёстой, консулын газар энэ ажлыг дагнан хариуцах болсон гэсэн мэдээллийг хэрэндээ л хүмүүст тарааж явлаа. Ингэснээр Хүний хөгжлийн сангаас олгож байгаа мөнгө болон Таван толгойн хувьцаагаа авах боломж бүрдэх юм гэхэд хүмүүс над руу нэг л эргэлзэнгүй харж байв. Тэднээс Солонгост байдаг Монголын Элчин сайдын яамныхны талаар таагүй мэдээ сонссон юм. "Албан ажлаар ирсэн та нарт л найртай ханддаг байх. Биднийг очвол нэг нүдээрээ харахгүй. Ямар их зантай, хүнд сурталтай хүмүүс тэнд байдгийг та нар төсөөлөхгүй. Тэнд очиж ад шоо болж байхаар очоогүй байсан нь дээр. Тэгэхэд солонгосчууд бидэнд итгэж, найрсгаар ханддаг юм шүү" гэж байв. Монгол Улсаа төлөөлөн тэнд ажилладаг Элчин сайдынхан монголчууддаа ингэж ханддаг нь харамсалтай санагдаж байсан. Ийм байдлаар бол гадаадад амьдарч байгаа иргэдээ аравдугаар сар хүртэл бүртгэж амжихгүй л байх даа.
Солонгост амьдарч оюутнуудынхаа талаар сонирхлоо. Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудын хувьд дотуур байрандаа амьдардаг болохоор асуудал бага юм. Харин хувиараа суралцдаг бол сургалтын төлбөр, байр хоол, унааны мөнгө гээд чамгүй зардаг гардаг л юм билээ. Ерөнхий сайд С.Батболд Инчоны их сургууль дээр очиж, оюутны хотхонтой танилцсан юм. Солонгос бол оюутны хотхон байгуулахдаа дэлхийд жишиг тогтоосон улс гэдэг. Тиймдээ ч томхон их, дээд сургуулиуд нь бүгд ийн өрх тусгаарлаж, сурлагынх нь чанар ч эрс дээшилжээ. Инчоны их сургуулийн хотхон байгуулагдаад хоёр жил болж байгаа бөгөөд нийт таван давхар 25 барилгатай. Оюутны болон гадаадаас ирж багшилж байгаа багш нарын байртай. Харин үндсэн багш нар нь хотхондоо амьдардаггүй гэсэн. Тэнд цэвэрхэн, тохилог, оюутны сурах, амьдрах бүх бололцоог хангажээ. Эднийх хотын төвийнхөө газрыг зараад далайн эрэг дээр ийн тусгаар тогтноод байгаа хэрэг. Монголоос нийт мастер, бакалаврын зэрэгтэйгээ нийлээд 50 шахам оюутан суралцдаг гэсэн. Зарим нь хувиараа, зарим нь тэтгэлгээр. Ихэнх нь эрчим хүч, уул уурхай, замын чиглэлээр суралцдаг гэсэн. Тэндхийн монгол оюутнууд Оюутны холбоо хүртэл байгуулчихсан тун ч дажгүй байна лээ. Бакалаврын сургалтын нэг жилийн төлбөр нь 4000 ам.доллар. Хотхондоо амьдарна гэвэл оюутны байрны жилийн төлбөр нь хоёр сая шахам төгрөг болно гэсэн. Манай оюутнууд ихэнх нь гаднаас хичээлдээ явдаг гэж байна лээ.
Инчоны их сургуулийн хотхонтой танилцсан нь тохиолдлынх байсангүй. Учир нь Шивээтийн хөндийд байгуулах оюутны хотхондоо загвар болгохоор ийн танилцсан хэрэг. Манайд шинээр байгуулагдах оюутны хотхоны номын санг Солонгосын тал хийж өгөх боломжтойг энэ үеэр дуулгасан ба техник, эдийн засгийн үндэслэлийг гаргаад байгаа юм байна.
Тусламж гэснээс нийслэлийн долдугаар хороололд шинээр сүндэрлэх орон сууцны хорооллыг барихад Солонгосын талаас 260 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ойрын гурван сарын дотор хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд жилийн хүү нь 10 хувиас доош байхаар тохирчээ. Хугацаа нь 5-8 жил байх юм байна. Ямартаа ч тэнд эхний 10 мянган айлын байр таван жилийн дотор баригдах учиртай юм.
Хан мөрөн дээрээ солонгосчууд хэдэн арван гүүр барьж, хотдоо шилэн барилгууд сүндэрлүүлжээ. Энэ улсыг зүүн талаар нь Япон тэнгис, баруун талаар нь Шар тэнгис хүрээлдэг. Японд болсон газар хөдлөлт, цунамигийн аюулын дараагаас япончууд олноороо ирэх болсон гэнэ. Нээрээ ч гудамжаар бүлэг бүлгээрээ алхах япон аялагчдын цуваа тасрахгүй байна лээ. Солонгосчуудын хувьд цунамигийн гамшгийн талаар мэдээлэлтэй ч, төдий л айж сандарсан зүйлгүй байсан. Тэнд амьдардаг монголчууд бол огт тоохгүй байна лээ. Харин Хойд урд Солонгос хоорондоо буудалцах үед манайхан нэлээн сандарчээ. "Дайн гарчээ" гэдэг мэдээг сонсоод дотор сонин болоод л явчихсан гэж ярих хүн цөөнгүй байгаа нь үүнийг илтгэнэ. Одоо бол тэр айдас алга болчихсон. Баригдчихалгүй байж байгаад ганц хоёр жил болоод нутаг буцна даа гэсэн бодолтой л явцгаана. "Тэд нутгаа санаж байна даа" гэж хэлэхгүй боловч үг, яриа бүрээс санаж байгаа нь мэдрэгдэх юм билээ. "Харих арай болоогүй ээ. Одоо жаахан байж байгаад явна" гэхээс тэндээ үлдэнэ гэх хүнтэй таарсангүй. Ирэх намар, хойтонгийн хавар, тэрний дараа жилээс тэд маань нутгаа санасан морь шиг л Монгол руугаа ирэх байх даа.