
Дэлхийн байгаль хамгаалах сангаас анх 2007 онд цаг уурын өөрчлөлтөд хүмүүсийн анхаарлыг хандуулах үүднээс нэг цагийн турш гэрлээ унтрааж цахилгаан хэмнэх, тэр хэрээр дэлхийн дулааралтай тэмцэхийг уриалсан. Австралиас эхэлсэн энэ хөдөлгөөн өргөжсөөр өнгөрсөн жил гэхэд дэлхийн 128 орны 5159 хотын тэрбум гаруй хүн хамрагдаж “Эх дэлхийн цаг”-тай хөл нийлүүлсэн байна.
Тэдний тоонд анх удаа Монгол Улс багтсан юм. Манайд болсон анхны арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “МСS Coca-Cola” компани, “Сэнгүр” брэнд хамтран зохион байгуулсан. Дээрх байгууллагууд өнөө жил уг арга хэмжээг дахин зохион бай гуулах гэнэ.
Өнөө жилийн хувьд “Эх дэлхийн цаг” Монголд энэ сарын 26-ны 20.30 цагт тохиох бөгөөд энэ үеэр гэрлээ унтраан лаа барьсан хүмүүс Сүхбаатарын талбайд цуглаж, дэлхийн цаг агаарын өөрчлөлттэй тэмцэж байгаагаа илэрхийлэх юм.
Уг арга хэмжээний үеэр Сүхбаатарын талбайд Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолт, Циркийн галт үзүүлбэр зэрэг тоглолт бүтэн цагийн турш болно хэмээн зохион байгуулагчид ярив. Түүнчлэн “Сэнгүр” брэндийнхэн Номадсын сүлжээ ресторануудтай хамтран “Лаатай үдэш”арга хэмжээг зохион байгуулах ажээ.