Сансарт хамтарч нисэх санаачилгыг жирийн ажилчин залуу гаргажээ
Уншсан 5812 vote 0 2011.03.19 12:48:06Монгол
хүн сансарт ниссэний 30 жилийн ой тохиож байна. Монгол, Зөвлөлтийн
нисэгчдийг хамтад нь сансарт нисгэх санаачилгыг жи рийн ажилчин монгол
залуу гаргаж, ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бич гийн
дарга Л.И.Брежневт захидал илгээжээ. Энэ санаачилгыг гаргасан
Ө.Доржпүрэв гуай өдгөө Төв аймгийн Лүн сумын I багийн малчин. Түүний
бага залуугийнх нь сонирхолтой дурсамжийг хуваалцлаа.
-Та Брежневт хэдэн онд захидал бичиж байв?
-Монгол хүн сансарт нисэхээс зургаан жилийн өмнө буюу 1975 онд. ЗХУ-тай хамтарсан нислэг хийх талаар Монголын залуучуудын төлөөлөл болгож өргөдөл бичээд, Брежнев даргад явуулсан. Тэгтэл Гадаад явдлын яамаар дамжиж хариу ирдэг юм байна. Буд гэж хүнд ирсэн.
Буд гуай намайг дуудаж уулзаад, баяр хүргэж сүйд болсон. Бас Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас намайг машин явуулж маш хүндэтгэлтэй хүлээж авсан. Явахад хүргэж өгөөд, “Та Монгол, Зөвлөлтийн найрамдлыг бэхжүүлэхэд их сайхан санаачилга гаргалаа. Сансарт нисэх үед нисэгчдийн сургуулилдаг газарт аваачиж үзүүлнэ” гэж байлаа. Дэлхийн залуус санаагүй байхад та санаж сэтгэсэн шүү гэж баяр хүргэж байсан. Тэр үед би 29 настай байлаа.
-Тэгвэл 1981 онд Байконурт очсон байх нь ээ?
-Үүнээс хойш надтай холбоо барьсан хүн байхгүй ээ.
-Та тэгэхэд ямар ажилтай явсан бэ?
-МҮЭ-ийн Төв зөвлөлд ажилладаг байлаа.
-Тэгвэл тэр захидлыг та хадгалж байгаа биз дээ?
-Гадаад явдлын яам тэр үед нь авчихсан шүү дээ.
-Монгол хүн анх сансарт нисэхэд санаачилга гаргасан гэж төрөөс танд ямар нэг шагнал урамшуулал өгсөн үү?
-Шагнаж урамшуулах нь байтугай төр засгийн удирдлагууд биднээс том зүйл санаачилдаг яасан том толгойтой нөхөр гараад ирэв ээ гээд, Намын төв хороонд дуудаж уулзаад сүйд болсон. Тэр үед янз бүрийн санаачилга гаргавал хэрэгт ордог байлаа. Би ч гэсэн шалгалт хяналтыг давсан хүн л дээ. Сүүлдээ улс төрийн гэмт хэрэгтэн болох шахсан. Тэр үед дотроо айж байлаа.
-Ийм санаачилга гаргаснаа дэмий зүйл хийчихэв үү гэж бодож байв уу?
-Огт үгүй. Намайг захидал явуулснаас хойш төрийн шугамаар харилцаа холбоо тогтоож, зургаан жилийн дараа хоёр орны нисэгчид хамтарсан нислэг хийлээ шүү дээ. Миний том зан гаргасан нь юу гэвэл өөрийн төр засагт хэлэлгүй шууд л ЗХУ-тай харилцсан явдал байлаа.