
Японыг дайрсан цунами олон мянган гэр бүл болон дэд бүтцийг сүйтгээд зогссонгүй. Байгалийн энэ гамшигт дэлхийн эдийн засаг нэрвэгдэж магадгүй болжээ. Японд болсон үйл явдлыг хамгийн түрүүнд хөрөнгийн зах зээлүүд мэдэрч эхэллээ. АНУ, Европын холбоо, хойд хөршид Японы үнэт цаасны ханш буурч эхэлсэн төдийгүй аж үйлдвэрийн томоохон компани, нефть олборлолтын цогцолбор, автомашины үйлдвэрүүдийн үнэт цаасны ханш буурчээ.
Мөн компьютерийн ой санамж үйлдвэрлэлт Японд зогссоноос болж бусад улсад энэ талаарх угсралт зогсоход хүрсэн байна. Японд болсон эмгэнэлт явдал зөвхөн байгалийн гамшиг биш. Энэ нь дэлхийн эдийн засагт хүчтэй цохилт өгч байна. Саяхан хүртэл Япон улс ДНБ-ээрээ дэлхийд хоёрт жагсч байлаа. Харамсалтай нь өнгөрсөн онд энэ байраа Хятадад алдсан. Байгалийн гамшгаас болж Япон улсын атомын томоохон цахилгаан станц гэмтэж, эрчим хүчний хангамж тасарч, аж үйлдвэр арай ядан ажиллаж байгаа аж.
Анхны үр дагаварууд илт мэдрэгдэж байгаа гэнэ. Учир нь тус улс нефтийн томоохон импортлогчийн хувьд нийлүүлэлтийг багасгажээ. Яагаад гэвэл тэдэнд түүнийг боловсруулах газар үгүй болсон аж. Энэ бүгдээс үүдэж дэлхийн томоохон бирж дээр нефтийн ханшийг унагахад хүргэжээ. Удахгүй гамшгийн хохиролын тооцоо гарна. Юуны өмнө Япон, АНУ, Европын даатгалын компаниуд сүйрэх аж.
Харин дэлхийн хөрөнгийн компаниуд нам гүм болжээ. Эхлээд тэд өөрсдийн Хойд Африк болон Ойрхи дорнод дахь хөтөлбөрүүдийг цуцалсан. Тус бүс нутагт байдал тогтворжих хандлага одоохондоо ажиглагдахгүй байгаа учраас хөрөнгө оруулагчид аз туршихаас эмээж байна. Японд тохиосон байгалийн гамшиг нь хөрөнгө оруулалтын бас нэг томоохон зах зээлийг хаалаа. Гадынхны хувьд тус улсын дэд бүтэц, эрчим хүч сонирхлыг нь татахгүй байгаа аж. Харин эдгээр салбаруудыг сэргээхэд хөрөнгө оруулалт шаардлагатай.
Үүний дүнд АНУ тэргүүтэй улсуудын санхүүгийн урсгал тийш чиглэгдэж болох хувилбартай аж. Хөрөнгө оруулалтын дараа дэлхийн зах зээл дээрх хүнсний бараа, нефть, алтны үнэ нэмэгдэхэд хийсвэр хөрөнгө оруулалт хийгдэж магадгүй юм байна. Үр тариа, элсэн чихэр болон нэлээд хэдэн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Зарим шинжээч хүнсний бүтээгдэхүүний үнийн урьдчилсан өсөлт нь байгалийн болон улс төрийн сүйрлээс улбаалж дэлхийн эдийн засгийг хямралд хүргэнэ хэмээн үзэж байна.
Гэхдээ бүх мэргэжилтэн ингэж тооцоолохгүй байна. Заримынх нь үзэж буйгаар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт хэсэг зуур үргэлжлэх аж. Японд гарсан “нүх”-ийг бөглөх хэрэгтэй. Тэнд маш их хохирол учирсан. Тус улс дэлхийн II дайнаас хойш үүнээс дутуугүй нөхцөлд эдийн засгаа сэргээж чадсан ард түмэн. Харин одоо эдийн засгаа сэргээхийн тулд нефть, төмөр гэх мэт түүхий эд хэрэгтэй. Энэ нь дэлхий нийтийг илүү эрчимтэй ажиллахыг шаардах аж.
Японы эрх баригчид ард түмнээ тайвшруулж, эдийн засагт итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийн тулд шинэ алхмууд хийж байна. Тэд банк санхүүгийн зах зээл рүү 220 тэрбум ам.долларыг оруулаад байна. Харин татварыг нэмэгдүүлэхгүй гэж ерөнхий сайд Наото Кан уламжилжээ.
Д.Түвшинтөр