
Нийслэлийн зам талбай цэвэрлэгч буюу шар хантаазтануудын цалинг энэ онд нэмж, дунджаар нэг хүн 300 мянган төгрөгийн цалин авч байгаа аж. Нэг ам метр талбайг 18 төгрөгөөр цэвэрлэдэг байсныг ам метр тутамд 50 төгрөг болгох тогтоол гурван жилийн өмнө гарсан ч энэ оноос л хэрэгжиж эхэлсэн байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргүүдийн ТҮК-тай хийсэн гэрээний хэрэгжилт, ажлын явцтай өнгөрсөн сард танилцжээ. Шалгалтаар дүүргүүдийн ТҮК-иуд парк шинэчлэлт хийгээгүй, тайлан тооцоогоо хугацаанд нь гаргаагүй зэрэг дутагдал илэрсэн байна.
Түүнчлэн СХД-ийн талбайн цэвэрлэгч нарын цалинг журмын дагуу нэмээгүй байсан гэнэ. Тус дүүргийн цэвэрлэгчид 208 мянган төгрөгийн цалингаас даатгалаа төлөөд, бэлнээр 175 мянган төгрөг авч байгаа аж. Тиймээс цалинг нь нэмэгдүүлэх талаар албан тоот хүргүүлжээ.