Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846
“Өөрийн үйлдсэн эдгээр буяны хүчээр эх болсон хамаг амьтдын тулд цаг
ямагт би тамд төрөх болтугай. Тамд төрсөн хойноо ч тэдний зовлон
шаналалыг өөртөө үүрч үүрд бурхны хутагийг эс олох болтугай”
Амралтын хэдэн өдрөөр Бодь мөрийн зэрэг уншлаа. Өмнө нь бурхны шашны
талаар бага сага уншиж байсан л даа. Сая бас уншлаа. Дахиад бас
уншихсан гэж бодсоор л сууна. Хүн ердөө сэтгэлээ л захирч чадвал энэ
ертөнцийн түмэн зовлонгоос ангижрах юм шүү дээ гэж ойлгох болсон. Шашин
номгүй хүний хар ухаанаар томьёолсон үг шүү. Нарийн сайныг мэдэхгүй,
мэдэхсэн гэсэн хүслээс өөргүй л явна одоохондоо.
Би
шашин ярих дургүй. Үнэндээ ганц шашин ч биш, өөрийнхөө бүрэн мэдэхгүй
зүйлийн тухай барагтай л бол ам нээдэггүй хүн юмуу даа бодоод байх нь
ээ. Яаж ч хичээгээд болддоггүй ганц дутагдал минь юм. Уг нь энгийн
мэдлэгийн түвшинд бол хөөрхөн бүлтэрчихэж дөнгөх хангалттай сонссон
дуулсан зүйл байвч зориг хүрдэггүй юмуу яадаг юм. Нэг л өөрийгөө чамлаад
байдаг юм. Тэгэнгүүт хүмүүс дуугардаггүй энэ дүнхүү нөхөр гэж боддог
байхдаа гэж боддог юм бас. За тэр хүмүүсийн бодол ч яахав. Зарим найзууд
бол харин ч нэг ичихгүй дээ. Хальт сонсноо өөрөө зохиосон шиг л авч
өгнө, өө бүр миний ярьж байсан зүйлийг миний дэргэд өөр хүнд өөрийнх юм
шиг л ярьж өгч байгаа юм чинь. Бас нэг давуу тал шүү энэ.
Молдав найз маань нутаг буцаад ирэхдээ надад Библи авчирч өгөөд өө.
Номоос үнэтэй бэлэг гэж юу байх билээ. Тэр тусмаа ертөнцийн эзний тухай,
энэ ертөнцийн тухай, дэлхийн түм түмэн хүний амьдралын итгэлийн тухай.
Одоо уншина даа. Орос хэлээр болохоор нилээд хэдэн өдөр нухаж таарах
биз. Гэхдээ ямарч байсан ард нь гарна гэдгээ амласан өөртөө. Хичээлийн
хажуугаар тав гурван үгээр нь орчуулаад байвал бас нэг хэл гадарладаг
болоод аштай юу даа гэсэн шүү юм бодоод л байж байна даа. Христийн шашны
талаар ам амнаас багагүй сонссон дуулсан юм бий. Гэхдээ Библийг
уншаагүй байж бас юугаа худлаа чалчиж суух билээ дээ.
Энд Муслим шашинтай хүмүүс бас нилээдгүй их байдаг юм. Анх хараад
толгой түрүүгээ халуун зунаар хүртэл баглаж боочихоод яасан хачин хүмүүс
вэ гэж бодож байснаа бодвол одоо бас мэддэг болсоон. Киркиз найз маань
Коран судар олж өгнө гэсэн. За тэгээд энэ гурав байхад би ч болно доо.
Нэг их мундаг хүн ч биш, айхтар гүнзгий судлаад байх шаардлагатай ч биш
дээ. Дур сонирхол л юм. Гэхдээ шашины талаар уншсан юмгүй, өөрийн гэсэн
бодолгүй бол ертөнцийг үзэх миний үзэл энэ тэр гэж илүү долоон юм ярих
бас зохимжгүй санагдах юм.
Би
бол амьдралдаа бурхан минь гэж уулга алдаж үзээгүй өгөр толгой. Гэсэн ч
залбирах тэнгэр, сүслэх шүтээнтэй л хүн дээ. Харин түүнийгээ хэн гэж
нэрлэхээ сайн мэддэггүй. Будда, Есүс, Аллах гэхээс арай өөрөөр нэрлэмээр
санагддаг. Хэн гэж уулгалах бүртээ дуудвал тэр намайг таних бол ээжээ?
sbuhuu12@yahoo.com
sbuhuu12@yahoo.com