“GB” гэхээр Их Британи (Great Britain), “Green bay” ч юм уу ямар нэгэн эрхэмсэг зүйл санаанд тань буух байх. Гэхдээ энэ ямар нэгэн Их Британи, Грин Бей биш, харин тэндхийнхний чансаанд нийцэх GB of Mongolia. Эртний Египетийн Тутанхамон хааны булшийг илрүүлсэн түүхийн үнэт олдворын эрэлчид түүнийг зотон даавуун дотуур хувцастай байсныг тогтоосон байдаг. Гэхдээ археологичдын тооцоолсноор одоогоос 7000 жилийн өмнөөс хүн төрөлхтөн соёлт нийгэмд дасаж, болох болохгүйгээ нуухын тулд бэлхүүсээрээ урт гэгчийн самбай уядаг болсон ажгуу.
Харин монголчууд бид хэдийнээс дотуур хувцас өмсдөг болсон юм, бүү мэд. Гэхдээ дээхнэ үеийн хүмүүс бүгд оёдолчин байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Даалимбыг эсгэж дотуур хувцас хийгээд, хиртэйг нь цасан дээр сэгсэрч, хир мэдэгдэхгүйг нь жил тойрон өмсдөг байсан үе ул болж, хүн төрөлхтний соёлын нэг хэлтэрхий болсон дотуур хувцас монголчуудын салшгүй хэрэглээ болсоор олон оныг үджээ. Даавуун, торон, торгон ... гээд материалын нэр төрөл олшрох ч бидний хэрэглээний дотуур хувцас зөвхөн хил залгаа болон эчнээ хөршүүдээс “урсаастай”. XXI зуунаас өмнө өөрсдөө оёж, хатгаж болоод л байсан дотуур хувцасны үйлдвэрлэл яагаад ийнхүү гаднын хараат болчихов. Монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээний нэгэн илрэл энэ биш гэж үү?! Ийнхүү олныг эргэцүүлэн явсаар Монголын дотуур хувцасны анхны, цорын ганц үйлдвэр, өмнө дурдсан “GB” дотуур хувцасны (Гурван билэг) үйлдвэрт ирлээ.
МОНГОЛЫН “VICTORIA’S SECRET”
Монголд нэвтрэхээс өмнө АНУ, Иран, ОХУ гээд хөрөнгө бэлтэй, чанарыг эрхэмлэдэг зах зээлд шалгагдсан “GB” брэндийг Монголд үйлдвэрлэдэг гэвэл та итгэх үү? Магадгүй таны танил америк охин, эсвэл иран бүсгүй “GB” хэмээх дотуур хувцасны брэндийн талаар танд ам бардам дуулгасан байх. Монголд бүтээгдэхүүнээ дэлгэхээс урьтаж, АНУ, ОХУ, Ираны зах зээлд хөл тавьсан дотуур хувцсыг яаж үйлдвэрлэдгийг сонирхох уу? Зиг заг, канза, шулуун, зах хэрээс, хос оёоны гээд олон төрлөөр оёдог машин жирийтэл эгнүүлсэн өрөөнд 30 орчим үйлчин бүсгүй хөхөвч, дотоож, ердийн болон тансаг хэрэглээний унтлагын хувцас гээд хүний “хоёр дахь арьс”-ыг урлан сууна.
Энд нэг нь шинийг эрэлхийлэн загвараа зурж байхад, тэнд нөгөө нь загварын дагуу эсгэнэ. Харин учрыг нь олмооргүй олон даавууны “өөдөс”-ийг нөгөө өрөөнд холбон шаглана. Дотуур хувцсыг үйлдвэрлэхэд аргагүй торгон мэдрэмж шаардагддаг юм билээ. Аюулгүйн үүднээс материалын хувьд хамгийн гол нь элдэв харшил өгдөггүй, сунаж, агшдаггүй байх нь чухал хэмээн уг компанийн захирал Ш.Энхцэцэг ярьж байсан. Түүнээс гадна хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэхийн тулд шаариглахгүй, будаг гарахгүй даавуугаар хийх нь наад захын шаардлага.
Эднийх эл стандартад нийцсэн материалыг БНХАУ, Хонконгоос авчирдаг аж. Эл үйлдвэр хөхөвчний аяга наас бусдыг дотооддоо үйлдвэрлэдэг юм билээ. Хатуу порлон шахаж, аяга дарах ажлыг тэд хонконгчуудад даалгадаг. Гэхдээ ойрын хугацаанд эл машиныг авчирч, бүхнийг зөвхөн Монголдоо үйлдвэрлэхээр зорьж буйгаа бидэнд дуулгасан. Загварын дагуу хэмжээ, дамжааг нь тааруулсан аягыг тэд эчнээ хөршөөсөө авчраад эхний ээлжинд түүнээ тойруулан торго, тороор бүрнэ. Харин түүний цаадах бүсгүй хөхөвчний бүсийг холбон оёх агаад дараагийн дамжлага дээр өөр нэгэн бүсгүй мөрийг нь бэхэлнэ.
Дотуур хувцасны “биеэ олсон”-ыг нь элдэв тороор эмжиж, хамгийн сүүлд нь уурын индүүгээр жигнэснээр үйлдвэрлэлийн шат дамжлага дуусна. Өмнө хаана ч хараагүй зүйлээ энэ үйлдвэрээс би олж харсан. АНУ-д гурван метр тутамд тааралддаг махлаг бүсгүйчүүдийн таашаалыг хэдийнэ хүртсэн 40D размерийн аягатай, өргөн бүстэй хөхөвч энд бий. Тус улсад анх “хөл тавьсан” учраас тийм биз ээ. Сэтгэлийн хөдлөлөө барьж чаддаггүй, дэгжин америк охид уулга алдан хошуурдаг хөхөвчтэй унтлагын хувцас ч бас харагдсан.
ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ
Түүх нь бүтэн зуунаар хэмжигдэх дэлхийн алдарт “Victoria’s secret”-ийн үнэнч хэрэглэгч монгол бүсгүй тэндээс л анх Монголдоо дотуур хувцас үйлдвэрлэх санаа олжээ. Загвар сайтай атлаа оёдол муутайн учрыг олох гэсэндээ тэрбээр БНХАУ дахь тус брэндийн гэрээт үйлдвэрт очиж, туршлага судалсан аж. Загвараа өөрсдөө зо хион бүтээгээд, БНХАУ, Бангладеш, Филиппин зэрэг амьдралын өр төг багатай оронд бү тээг дэхүүнээ үйлдвэрл үүлдэг “Victoria’s secret” эл үйлдвэрийг байгуу лах санааг түл хүүр дэж өгсөн байна.
Гэхдээ анх эхлэх үед нь монголчууд түүнийг чадахгүй хэмээн басамжилж, хийсэн хойно нь шошго солио байлгүй хэмээн үл тоомсорлож байсан аж. Энгийн нэгэн хятад шавар тагзан доор үйлдвэрлэж байхад, “Яагаад болохгүй гэж?” хэмээх асуулт түүнийг ээрч байсан гэнэ. Одоогоос гурван жилийн өмнө үйлдвэрээ анх нээгээд, 20 тоннын чингэлгээр дүүрэн (200 гаруй мянган ширхэг) дотуур хувцсыг АНУ хэмээх хүчирхэг гүрэн рүү илгээж байсан эл үйлдвэр өдгөө АНУ-ын Беркли хотод нэрийн барааны дэлгүүртэй. Түүнээс гадны ОХУ-ын Санкт Петербург, Москва, Улаан-Үд хотод салбартайн зэрэгцээ Ираны “хэрмэлүүд” тэдний барааг эх орондоо дамлан худалдаалдаг сурагтай. Харин одоо тэд АНУын Сан Франциско хотын худалдааны гудамж “Market Street”-эд дэлгүүр нээхээр ажиллаж буй юм билээ.
Гадаад гэлтгүй манай Сэлэнгэ, Дундговь аймгийнхан тус үйлд вэрийн барааг нутагтаа худалдаалах гэрээт борлуулагч болохоор ирээд байсантай нь таарсан юм. Брэнд заавал үнэтэй байх ёстой биш гэдэг зарчмыг эднийх баримталдаг. Монголдоо бол үйлдвэрээсээ гарсан өртөг дээр зардлаа шингээгээд л борлуулдаг аж. Дундаж дотоож 2500 төгрөгийн өрт өгтэй, унтлагын хувцас 8000 төгрөгийн ханштай байсан нь ийм чанарын хувцсанд багадам үнэ биш үү хэмээн хэрэглэгчид шагширч байлаа. “GB”-гийнхэн сард 7-8 загварын унтлагын хувцас, 18-20 загварын хөхөвч үйлдвэрлэдэг. Эднийх тун удахгүй буурь сэлгэж, утсаа сонгож, даавуугаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох зорилготой гэсэн. Энэ зорилгоо биелүүлчихвэл ОХУ, БНХАУ хилээ хаалаа ч бид ямартай ч дотуур хувцасны тал дээр санаа зовох зүйлгүй болох нь.
sn bna ajuliin amjilt husie