Бөгжийг хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүгд гангараа болгон хэрэглэдэг. Тэгвэл хэдэн бөгж зүүснээр нь биш харин аль хуруунд байгаагаар нь тухайн хүний зан чанарыг тодорхойлдог хэмээн сэтгэл судлаачид дүгнэжээ. Ийм маягаар хүмүүс өөрийн талаарх бяцхан мэдээллийг бусдад дамжуулдаг ажээ.
Ядам хуруун дахь бөгж нь “Гэр бүл” гэсэн утгыг илэрхийлдэг. Эртний египтчүүд анх ядам хуруунд бөгж зүүхийг санаачилсан гэдэг. Учир нь ядам хурууг “хайрын судас” буюу зүрхэнд хүрэх гүүр хэмээн бэлэгшээн нэрлэжээ. Түүнчлэн Мисирийн хаан хуримын бөгжөө металл, шил, ваараар хүртэл хийлгэж зүүдэг байж. Үүнээс улбаалан Эртний Римд хосууд гэр бүлийн бат бөх чанарын бэлэг тэмдэг болгож төмөр, хүрэлээр хуримын бөгжөө хийлгэн бие биедээ солилцдог болсон. Бидний хэрэглэж заншсан алтан бөгж нь III-IV зууны үед бий болжээ.
Долоовор хуруун дахь товгор бичигтэй том шигтгээтэй бөгж нь “Эрх мэдэл”-ийг илэрхийлдэг. Энэ хуруундаа бөгж зүүдэг хүмүүс ихэвчлэн эрх чөлөөг эрхэмлэгч, эрхэмсэг, эрх мэдэлд дуртай байдаг. Баруун гарын долоовор хуруунд зүүдэг бол бодлоготой, хэрсүү байдлыг, харин зүүн гарт бол ихсийн ин, хийрхүү чанарыг илтгэдэг. Ихэвчлэн агуу удирдагчид энэ хуруундаа бөгж зүүдэг байж. Жишээ нь: Цезарь, Иван Грозный, хамба лам Ришелье, VIII Генрих г.м.
Дунд хуруун дахь шигтгээтэй бөгж нь “Сайхан” гэсэн утгыг илэрхийлдэг. Учир нь бусад хурууг бодоход хамгийн урт, нарийхан байдгаараа илүү чамин, хээнцэр харагддаг. Энэ хуруундаа бөгж зүүдэг хүмүүс ихэвчлэн өөрийгөө үнэлдэг, хүнлэг энэрэнгүй чанартай байдаг. Мэрилин Монро ихэвчлэн дунд хуруундаа бөгж зүүдэг байж. Түүнчлэн алмазны хэмжээ ч бас чухал үүргийг гүйцэтгэдэг. Хэр том шигтгээтэй, бусдын анхаарлыг татна тэр хэмжээгээрээ эзнээ гоо үзэсгэлэнтэй харагдуулдаг байна.
Хэрвээ эрэгтэй хүн эрхий хуруундаа бөгж зүүсэн бол түүнд анхаарал халамж тавихыг сануулж байгаагийн шинж. Сэтгэл судлаачдын дүгнэлтээр бол эрхий хуруундаа бөгж зүүдэг эрчүүд тачаангуй, сэтгэлийн хөөрөл ихтэй хүмүүс байдаг байна. Эртний грек, римчууд эр хүний мөн чанарыг хамгаалагч сахиус мэтээр эрхий хуруундаа төмөр бөгж зүүдэг байжээ.
Чигчий хуруу бол хүмүүсийн нэрийн хуудас болдог. Энэ хуруундаа бөгж зүүдэг хүмүүс ихэвчлэн урлаг соёлын авьяастай, бүтээлч, хөгжилтэй, сонирхолтой улс тул тэдэнтэй харилцахад хялбар байдаг. Мөн түүнчлэн зүүн гарын чигчий хуруунд бөгж зүүх нь гарлагын үүдийг хаадаг ч гэж ярьдаг.
Дундад зууны египтчүүд баруун хөлийнхөө хуруунуудад бяцхан бөгж зүүдэг байсан бол одоо энэ “моод” эргэж буй бололтой. Сүүлийн үед хөлийнхөө хуруунд бөгж зүүх нь элбэг тохиолдох болжээ. Ихэвчлэн ганган хээнцэр охид бусдын анхаарлыг татах гэж зүүдэг байна. Мөн Жан-Поль Готье “хумсны бөгж” гэдгийг анх санаачилан гаргажээ.
Бөгж сонгохдоо анхаарах зүйлс:
1. Товгор чулуун шигтгээтэй зууван бөгж гарыг сайхан харагдуулдаг
2. Намхан нуруутай жижиг гартай, богино эсвэл хэтэрхий нарийн хуруутай хүмүүст өргөн, том чулуутай бөгж зохидоггүй
3. Залуу охидод том шигтгээтэй бөгжнөөс илүү нарийн элдэв чимэггүй бөгж илүү зохино
4. Нэг гартаа олон бөгж зүүх нь гоо сайхны ямар ч мэдрэмжгүй мэт харагддаг
5. Үнэт чулуун шигтгээтэй том бөгжийг өдөр тутам зүүх нь зохимжгүй.
.........