
“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил” гэсэн монгол ардын цэцэн үг бий. Хойш үедээ бид үүх түүхээ мэдэх, судлах баримт үлдээлгүй устгахаар улайран дайрч, тэднийгээ сармагчин болгох алдас хийж байна. Монголын түүхийн нэг хэсэг нь археологи, палеонтлогийн олдвор хэлбэрээр газар эхийн хэвлийд нуугдаж, хад чулуун дээр бичигдэн үлджээ.
ТҮҮХИЙН ДУРСГАЛААР ХАШАА БАРЬЖЭЭ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их баян уулын бичигт ам тэр чигээрээ балар эртний хүмүүсийн чулуун дурсгал юм. Харамсалтай нь харласан дотортнууд дээр нь нэр усаа бичиж, түүхийн баримтыг балласан он, сар, өдрөө үлдээжээ. Өөрийгөө мөнхөлж байна гэж эндүүрч, хад чулуун дээр нэр усаа сийлдэг өчүүхэн амьтад Монгол орны хаа сайгүй мөрөө үлдээсэн байдаг. Энгийн нэг хадан дээр сараачдаг бол яах вэ гэхсэн.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгал дээр бал, харандаа, шохойгоор юм бичиж, бүр чулуу төмрөөр ухаж сийчдэг нь эгдүүцмээр. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Их Танбалын сүг зурган дээр завсар зайгүй араб, казах үсгээр үг сийлжээ.
Халхын Цогт тунтайжийн Дуутын хадны бичээсийг хараагүй ч дээрх шүлгийг нь дунд сургуулийн хүүхэд ч цээжээр мэднэ. Хүн бүрийн мэддэг ийм хадан дээр дүүрсэн тэнэг л сараачиж таарна. Хойд Цэнхэрийн агуйн эртний хүмүүсийн сүг зургийг ч дээрээс нь балаар давхарлан зурж, хажууд нь нэрээ биччихэж.
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Баруун Аарагийн баруун сайрын эхэнд хадны сүг зураг бий. Дээр нь трактор сийлчихжээ. Тэнд айл өвөлжиж, тэр хавийн газар малын хөлд талхлагдан, мал нь он цагийн түүхийг шөргөөж байдаг нь ердийн зүйл мэт болжээ.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Хөргийн хөндийн хүн чулуунуудын заримыг аймгийн музейд тавьж, Алтанбулаг сумын Өнгөт хайрхны чулуун дурсгалыг аймгийн төв рүү, Булган аймгийн Баян-Агт сумын Шивээт улааны хүн чулуунуудыг Орхон аймаг руу зөөжээ. Завхан аймгийн Нөмрөг сумын Шивэртийн голд хаанаас ч юм зөөж авчирч хаясан хүн чулуу хэвтэж байхтай судлаачид таарсан байна.
Өвөрхангай аймгийн Баруун баянулаан сумын сургуулийн агуулахад сахалтай өвгөний дүрстэй эртний хүн чулуу барилгын цемент шохойд даруулан хэвтэж байхыг Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондог гуай үзээд “Чулуун хуудаст номоор дүүрэн Монгол” нийтлэлдээ тэмдэглэсэн байна. Халхын Цогт хунтайжийн Цагаан байшингийн зүүн толгой дээр байдаг чулуун мэлхий алга болжээ. Амь ороод үсрээд явчихаагүй нь мэдээж.
Тэр мэлхий өнөө болтол олдоогүй, сураг ч гараагүй хэвээр. Тэр бол барилгын чулуун багана бус намгийн мэлхийн дүрстэй өвөрмөц сонин урлал байсан гэдэг.
ОРХОНЫ ХӨНДИЙГ ОРВОНГООР НЬ ЭРГҮҮЛЖ БАЙНА
Булш ухаж, доторх эд зүйлийг нь авах байтугай чимээгүй хотод ойрхон өнгөрөхөөс жийрхдэг монголчууд олзны төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй болжээ.
Архангай аймгийн Хотонт сумын төвөөс баруун урагш орших Хиргист хоолой гэдэг газарт байдаг булшийг хүмүүс тоножээ. Үүнийг судалж буй судлаачид 2008 онд Засгийн газрын 175 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулсан аж. 2008 онд Архангай, Өвөрхангай аймгийн зааг дахь Баянгол хэмээх жижиг голын баруун эрэг дээр Хархорин сумын мэргэжилтнүүд худаг малтуулжээ. Археологчдын судалж буй дөрвөлжин дурсгалын яг оройг зориуд тааруулсан юм шиг цөмлөн өрөмдөж, дээр нь дүнзэн барилга барьсан байж.
Уг нь энэ газар Монголын төдийгүй дэлхийн нүүдэлчдийн түүхийг хадгалж буй Орхоны хөндийн нэг хэсэг. Гэтэл харж хамгаалах учиртай дурсгалыг нь хүйтэн сэтгэлтнүүд сүйтгэж байхад Орхоны байгалийн цогцолборыг хамгаалах газрын ажилтнууд таг чиг. Урсаж буй голын эрэг дээр худаг малтсан нь ямар учиртай юм бүү мэд.
Худаг гаргах нэрээр халхавчлан тэр булшийг тонох гэсэн ч байж мэднэ. Уг нь тэр нь VII-IX зуунд холбогдох Уйгурын үеийн язгууртны булж аж. Язгууртны булшин дотор янз бүрийн үнэт зүйлс заавал байдаг нь булш ухагчдын хорхойг гозолзуулсан биз. Дэлхий дээр энэ цаг үеийн ийм баримт дурсгал ердөө 30 гаруй л үлджээ.
Орхоны хөндийн түүх соёлын дурсгалыг ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэж авчихаад байхад харин бид хажууд нь харсаар байгаад сүйтгээд, сүйтгүүлээд байх ч гэж дээ. Олз хайж энд тэнд доншуучлагчид энэ хөндийг орвонгоор нь эргүүлж байна гэхэд хилсдэхгүй.
Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутагт орших Уйгарын Хар балгасны хамгаалалтын бүсэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн, “Газар тариаланг дэмжих сан”-гийн захирал тариа тарих зорилгоор 400 га газар хагалуулжээ. Орхоны хөндийг сүйтгэж буй энэ мэт жишээ баримт дэндүү олон.
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЯС ҮЛДСЭН ҮҮ
Хуучнаар Улсын мэргэж - лийн хяналтын газар, ШУАийн Палеонтлогийн төв хамтарч, Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авсан палеонтлогийн олдворт газруудын хадгалалт, хамгаалалтын байдлыг 2009 онд шалгажээ. Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн 10 сумын нутагт орших үлэг гүрвэл болон эртний хөхтөн амьтны олдворт 24 дурсгалт газарт сум, аймгийн удирдлага нь ямар ч хаалт хамгаалалт бариагүй, машин явахыг хориглосон тэмдэг тавиагүй, ядаж харж хандаж байгаарай хэмээн нутгийн оршин суугчдад захиагүй байж.
Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг, Төгрөгийн ширээ, Алаг тээг, Авдрантын олдворт газрууд нь аймаг, сумын төвтэйгээ ойрхноос гадна, аялал жуулчлалын маршрутад орсон, хамгаалах, жуулчдад үзүүлэхдээ ямар ч зохион байгуулалт хийгээгүйгээс хүний хөлд дарагдан, сүйдэж байна. Энэ газрууд бас л олз хайгчдын нүдэнд өртжээ. Ойр хавьд нь нутагладаг хүмүүс ч энэхүү хорлон сүйтгэх ажиллагаанд багагүй хувь нэмэр оруулсан байна.
Дорноговь аймгийн Мандах суманд орших Сүйхэнтээс иргэд олон төрлийн чулуужсан мод хууль бусаар ухаж авсаар бараг юм үлдээгээгүй байна. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Гучингийн нуруу орчимд хатуу элсэн чулуунд хадгалагдаж үлдсэн үлэг гүрвэлийн чулуужсан яс салхины нөлөөгөөр газраас цухуйжээ.
Сумын Засаг даргын Тамгын газраас түүнийг хамгаалах санаагаар эргэн тойронд нь чулуугаар хашлага хийсэн ч тэр нь хамгаалалт болж чадсангүй. Хэн ч юм балар эртний түүх хүүрнэх байсан тэр аварга амьтны ясыг байрнаас нь хөдөлгөж, зарим хэсгийг нь хулгайлан авч оджээ.
Аймаг, сумын Засаг дарга нар нутаг дэвсгэртээ байгаа түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалж, хадгалах үүрэгтэй ч хэрэгжүүлэх нь байтугай нутаг орныхоо хаана ямар түүх “хэвтэж” байгааг мэддэггүй аж.
ШУА-ын Палеонтлогийн төвөөс 2001 оны зургадугаар сард Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ-ын даргатай гэрээ байгуулж, жуулчдад үзүүлж сурталчлуулах зорилгоор нэлээд үзмэр хүлээлгэж өгсөн ч өнөө дарга тэрийг нь алга болгосон байх юм. Өмнөговьь аймгийн Манлай, Ханбогд сумын заагт орших Шар цавд үлэг гүрвэлийн чулуужсан мөр бий. Гадаадын жуулчид түүнийг ихээхэн сонирхож, баримтат кино хүртэл хийсэн байдаг. Тэрхүү мөрнүүдийн хоорондын зай нь хэдэн арван метр. Дэлхий дээр үлэг гүрвэлийн өндөг, зарим улс орноос олдож байснаас бус чулуужиж үлдсэн мөр өөр хаана ч байхгүй. Монгол-Японы хамтарсан палеонтлогийн экспедиц түүнийг 1995 онд илрүүлж, 1996, 2001 онд нарийвчлан судалгаа хийжээ.
Үүний дараа хамгаалах арга хэмжээ аваагүй байтал олон нийтэд мэдээлж, сурталчилснаас болоод тэнд хүн, машин байнга шавдаг болж, сүйтгэж эхэлсэн байна. Монгол Улсыг, биднийг тэр нандин баримтаа хамгаалж чадаагүй суутал хүмүүс хэд хэдэн газар зүсэж, мөрийг нь ховхлон авчээ. Үлэг гүрвэлийн чулуужсан мөрийг гадаадын хүн авч явсан, монголчууд өөрсдөө гадаадад гаргаж, өндөр үнээр худалдсан гэх хоёр янзын таамаг бий ч хэрхсэн нь тодорхойгүй.
ЧУЛУУЖСАН МОД БОЛ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН НОМ
Өмнөговь аймгийн БаянОвоо сумаас 55 км зайтай орших Налих гэдэг газраас 13.4 метр урт чулуужсан мод олдож, бөөн дуулиан тарьсан юм. Олон мянганы туршид байгаль дэлхий хэрхэн хувирч өөрчлөгдсөн талаар сонирхолтой түүх өгүүлэх тэр “ном”-ыг улсын музейд яаралтай шилжүүлэхээр МХЕГаас тус аймгийн Засаг даргад 2007 оны аравдугаар сарын 19- нд 1/3735 тоот албан бичгээр хандсан ч музейд шилжүүлээгүй байна. Ийм олдвор өмнө нь манай улсаас олдож байгаагүй тул судлаачид Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалд хамруулах үндэслэлтэй гэж үзэж байгаа аж.
Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрынхан уг модыг алга болохоос сэргийлж, 2009 оны зургадугаар сард сумын ЗДТГ-ынхаа үүдэнд авчирч байрлуулсан ч мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, заавар зөвлөгөө авалгүй өөрсдөө дур мэдэн гар хүрснээс 30 гаруй хувь нь эвдэрч гэмтжээ.
Өөрсдөө хамгаалж чадахгүй хэрнээ музейд өгдөггүй, түүхийн үнэт баримтыг жалга довондоо өмчлөх гэсэн тэр хүмүүсээс болоод хосгүй үнэт нэгэн дурсгал ийн сүйджээ. Өмнөговь аймгийн Булган сумын соёлын төвийн эрхлэгч Ц.Зоригт “Музейн үзмэрийг ашиглах тухай түр гэрээ”-гээр Орон нутаг судлах танхимын палеонтлогийн холбогдолтой үзмэрүүдийг 2006-2007 онд сумынхаа иргэн Г.Эрдэнэ-Очирт өгчээ.
Тэр нь үзмэрүүдийг Баянзагт аваачин жуулчдад үзүүлэхдээ гэмтээж, бүрэн бүтэн байдлыг алдагдлуулжээ. Орон нутаг судлах танхимын эрхлэгч Г.Отгонжаргал, иргэн Г.ЭрдэнэОчир нарын байгуулсан гэрээнд Соёлын өвийн хууль, дүрэм музейн стандартад нийцэхгүй заалт тусгаж, ямар хугацаагаар ашиглуулахаа ч заагаагүй, хүлээлгэж өгсөн, авсан үзмэрийн жагсаалт байхгүй, тоо ширхэг нь тодорхой бус, түүнийгээ тэмдэглэж ч аваагүй зэрэг олон зөрчил шалгалтаар илэрчээ.
Зарим сумын удирдлага олдворыг хамгаалж байгаа нэрээр дур мэдэн цуглуулж, өрөө тасалгаандаа тавьдаг байна. “Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар Япон руу үзэсгэлэнд гаргах нэрийдлээр динозаврын чулуужсан өндөг авч яваад буцааж авчраагүй. БСШУЯ, ШУА-аас зөвшөөрөл өгсөн байсан. 5000 ам.долларын үнэтэй тэр өндгийг авчрах хугацаа 2010 оны дөрөвдүгээр сарын 18-нд дууссан” гэж ГЕГ-ын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Ч.Алтантуяа ярив.
БСШУЯ-ны Соёл урлагийн газар Соёлын өвийн тухай хууль, “Палеонтлогийн олдворт газрыг хамгаалах, хайгуул, малтлага судалгаа хийх журам”-аа зөрчиж, Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүй, Боловсрол, соёлын сайдаас зөвшөөрөл ч авалгүйгээр “Монгол динозавр судлалын хүрээлэн” төрийн бус байгууллагад 2008 онд Монголын доод цэрдийн 26 олдвор, динозаврын толгой, чөмөгний дээж өгч, АНУ руу явуулжээ.
Лабораторийн шинжилгээ хийлгэж, он цагийг нь тогтоолгох зорилгоор буцаж ирүүлэх нөхцөлтэйгээр гаргасан гэх боловч тэрийг эргүүлж авчраагүй аж. Уг нь палеонтлогийн олдвор малтах зөвшөөрлийг БСШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн газар өгөх ёстой байтал Соёл урлагийн газар дур мэдэн өгсөн байх юм.
Түүх соёлын дурсгалаа хамгаалах, хойч үедээ үлдээх талаар санаа тавьж, бүхий л арга хэмжээг авч, хөөцөлдөж байх учиртай яамных нь ажилтнууд ингэж хүйтэн сэтгэл гаргаж байхад бусад нь яах болж байна аа.