
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний бүтээмжийн шагналыг өргөжүүлж, сар шинийн өмнө “Төрийн гэрэгэ” шагнал олгох зарлиг гаргасан билээ.
Нэр хүндтэй энэ шагналд Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэлээс эхлээд, шинээр баригдсан бурхан шашны төв, спортын ордон, цанын бааз, Цонжин болдог дахь түүхэн цогцолбор гэх мэт олон бүтээл дэвшсэн. Тэдгээр бүтээлээс Монгол Улсын болон хүн төрөлхтний оюун санааны их өв мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч “Британника” ширээний нэвтэрхий толийг шалгаруулж, 2010 оны Үндэсний бүтээмжийн дээд шагнал “Төрийн гэрэгэ”-г олголоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол түмний үндэсний их баяр Цагаан сарын шинийн нэгний өмнөхөн Монголын Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн гэрэгэ” олгож байгаадаа баяртай байна. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, улам ихийг бүтээн туурвихын ерөөл дэвшүүлье” гэв.
“Британника” ширээний нэвтэрхий толийг анх удаа монгол хэлээр бэлтгэн, хэвлэх ажилд томоохон хувь нэмэр оруулсан хүмүүсийг энэ үеэр шагнав. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор тус толийг бэлтгэн хэвлэх төслийн ерөнхий редактор Г.Цогт, Алтан гадас одонгоор “Непко” ХХК-ийн редактор Д.Батбаяр, дизайнер Б.Болд, зөвлөх редактор Х.Дондог, редактор, толь зүйч Н.Туул, Хөдөө аж ахуйн их сургуулийн зөвлөх Н.Маньбазар нарыг шагнав. Хөдөлмөрийн хүндэт медалиар Боловсролын их сургуулийн багш Ч.Болдбаатар, “Непко” ХХК-ийн орчуулагч, редактор Ё.Доржжигжид, Д.Хүрэлхүү, дизайнер Ч.Мөнхбаяр, мэргэжилтэн В.Уянга нар шагнагдав.