Өнгөрсөн
амралтын өдрүүдэд манай хоёр сүмоч хуримлажээ. Дээд зиндаанд хүч сорьж
буй Мооконами хэмээх Г.Базарсад, Коорюү Э.Мөнх-Оргил нар хуримын ёслолоо
Токио хотноо хийжээ. Сонирхолтой нь манай хоёр бөхийн гэргий нар хоёул
Одгэрэл гэдэг нэртэй, адилхан 29 настай гэнэ.
Маэгаширагийн 12 дугаарт бичигддэг Мооконами нэгдүгээр сарын 29-нд Токиод хуримын ёслолоо хийж, Хакүхо, Харүмафүжи тэргүүтэй 240 зочин оролцжээ. Хосууд 2007 онд гэрлэлтээ батлуулсан ч хуримын ёслолоо хийж амжаагүй байж. Мооконами “Ийм сайхан өдөр ирэхийг хүлээж байлаа. Одоо комүсүби цол хүртэхийн төлөө зүтгэнэ” хэмээн ярьжээ.
Мооконамигийн хуримын маргааш нь буюу нэгдүгээр сарын 30-нд Коорюүгийн хурим боллоо. 380 хүн цугласан хуримын ёслолд мөн л Хакүхо, Харүмафүжи тэргүүтэй зочдоос гадна Сүмогийн холбооны ерөнхийлөгч Ханарэгома, Япон улсад суугаа Элчин сайд Р.Жигжид нар хүрэлцэн ирсэн.
Р.Жигжид сайд Коорюүд олон хүүхэдтэй болохын ерөөл тавин, монгол бөхийн зодог шуудаг бэлэглэв. Коорюү “Хуримын ёслол барилдахаас илүү хэцүү юм, сандарч байна” хэмээсэн бол эхнэр нь “Нөхрөө озэки болоосой гэж хүсдэг” гэж сэтгүүлчдэд ярьжээ.