Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
“Шинэ үе” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Ундармааг “Бямбын ярилцлага”-даа урилаа. “Хүнд хар муу саналгүй өмнөх ажлаа хийж явбал ажил үйлс аяндаа бүтдэг” хэмээсэн энэ бүсгүйтэй ярилцаж суухад эрч хүч, эерэг энерги мэдрэгдэж байсан юм. Хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр амжилтад хүрч, сайн сайхан явдаг жишээг түүнээс олж харсан. Тэрбээр продакшндаа уран бүтээлээ туурвихын зэрэгцээ “Анун” мебелийн дэлгүүрт ажиллаж ирсэн нь дайчин махруу занг нь илтгэнэ.
-Шинэ оны мэнд. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Нэг хэсэг амралтаа авсан гэж байсан. Ажилдаа хэзээ оров?
-Манай продакшн цагаан сар, эмэгтэйчүүд, инээдмийн баярт зориулсан тоглолтынхоо бэлтгэлд ороод байна. Энэ сарын 7-ноос 14 хоногийн турш өнгөрсөн онд хийсэн бүх уран бүтээлээсээ хамгийн шилдэг гэсэн үзүүлбэрүүдийг нэгтгээд тоглолт хийнэ. Хамтлагийнхаа бүхий л тоглолтод оролцдог. Өнгөрсөн жилийн тоглолтод ажилтай байсан учраас орж амжаагүй юм.
-Таныг Эрдэнэтийн Хүүхэлдэйн театраас ажлын гараагаа эхэлсэн гэж сонссон. Яаж яваад “Шинэ үе” продакшнд орчихов?
-СУИС-ийг 1992 онд төгс өөд Эрдэнэт хотын театрт ажилласан. Энэ хугацаанд хүүхэлдэйн, инээдмийн, драмын жүжгийн туслах болон гол дүрд тоглож, маш их зүйл сурч авсан гэж боддог. Гурван жил ажиллаад хошин урлагт хүчээ сорихоор шийдсэн. Тэр үед залуу жүжигчдийг их дэмждэг, мэргэжлээрээ ажиллах боломж олгодог салбар бол хошин урлагийнхан байсан.
-Хошин урлагийн
продакшнууд дотроос “Шинэ үе”, “Х-тҮц” хоёрыг бусдаасаа санаа сайтай юм болов уу гэж боддог. Гэхдээ сүүлийн үед эрчүүд нь эмэгтэй хувцас өмсдөг ч юм уу хэтэрхий нэг загварт орчихож. Орчин үеийн үзэгчид залхаж эхэлж байна шүү дээ.
-Чиний ярьсантай санал нэг байна. Гэхдээ нэг талаас нь харж болохгүй л дээ. Бүх салбарт сайн мэргэжилтэн байхад ажилдаа хойрго, чадваргүй ажилтан байдагтай л адилхан шүү дээ.
Манай салбарын онцлог бол хэн ч үзээд бидний ажилд дүн тавьж үнэлэх боломж нээлттэй.
Үзэгчид маань аль сайн уран бүтээлээ л сонгож үздэг. Тиймээс тухайн хамт олон мөн хувь хүнээс асар их хөдөлмөр, хариуцлага шаарддаг. Бид хичээж, хөдөлмөрлөж, чармайж байгаа, тэр чинээгээр үзэгчид нэмэгдсэн.
-Тухайн улсын урлаг нь нийгмийн хөгжлийг жолооддог. Манай улсынх төдийлэн сайн биш учраас Монголын нийгэм хөгжихгүй байгаа гэвэл та санал нийлэх үү?
-Би үүний эсрэг саналтай байна. Хэн, юу үзэхийг хүсэж байна түүнийгээ л үздэг. Нийгэм хөгжихгүй байна гээд хүн бүр бухимдахгүй байгаа нь ойлгомжтой.
Үнэхээр чадвартай, мэргэжлээ зөв эзэмшсэн, ажилсаг хичээнгүй аавын охин, хүү сайхан амьдарч, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад л явж байна шүү дээ.
Хошин, сонгодог, драмын урлаг бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой үзэгчтэй. Үзэгчид тоглолт үзэж тэндээсээ гоо зүйн таашаал авч байна.
Хошин урлаг өндөр түвшинд хөгжсөн улс орон олон. Тухайлбал, Англид хатан хаанд зориулсан тоглолтод хошин урлагийн 2-3 жүжигчин заавал оролцдог. Үзэгчид нь түүнийг ойлгож, хүлээж авдаг болчихож.
Гэхдээ бид хийх ёстой ажлаа хийгээд л явж байгаа. Өрсөлдөөнөөс үзэгч хождог.
Театр, продакшнууд сайн уран бүтээл хийхийг зорьж өрсөлдөх тусам эцсийн дүндээ хэрэглэгч энэ бүхнээс хожиж байна. Би хүмүүст онцгүй бол битгий үз гэж хэлмээр байна.
Тэд сонголтоо л зөв хийх ёстой. Үзэх эсэх нь таны эрхийн асуудал шүү дээ. -Нэг үе Амбий, Бооёо, Хүрлээ та дөрөв хамтарч уран бүтээл хийдэг байхад танай продакшн үзэгч олонтой байсан. Та нарыг мөнгөний асуудлаас болж салсан гэдэг юм билээ.
-Тэр дээр үеийн асуудал. Би хүмүүст, байгууллагынхандаа ч гэсэн “Хүн хүнээр дутдаггүй юм аа” гэж хэлдэг. Яагаад гэвэл цаана нь нөхөх хоёр, гуравдугаар Ундармаа байж л байдаг.
Тэгэхээр энэ тэр гарлаа гэж ярих дургүй. Харин ч манай продакшн өмнөхөөсөө илүү чадвартай уран бүтээл хийж байгаа гэж боддог шүү.
Би эхэлсэн ажлынхаа үр дүнг харж, илүү туршлагажиж, хамт олонтойгоо гар нийлж нэг баг болж хамтран ажиллахыг хүсдэг.
-Урлагийн тайзан дээр 10 гаруй жил ажиллалаа. Сонгодог урлагийн, драмын дүр бүтээе гэж боддог уу. Энэ дүрийг л бүтээх юмсан гэсэн хүсэл байдаг уу?
-Урлагт 17 жил ажиллаж байгаагаас гурван жил Эрдэнэтийн хүүхэлдэйн театр ажиллахдаа долоон жүжгийн гол дүрд тогложээ. “Шинэ үе” продакшндаа ирээд сонгодог хоёр жүжгийн гол дүрд тоглосон. Би илүү харах дургүй.
Өмнөх ажлаа алдаа гаргалгүй сайн хийж, ширээн дээрх хоолоо зөв цэвэрхэн идэх дуртай. Продакшныхаа уран бүтээлд анхаарлаа хандуулдаг. Драм дээр очоод би танай жүжигт тоглоё гэвэл утгагүй биз дээ.
-Хэчнээн кинонд тоглосон бэ.
-5-6 орчим. Сүүлд продакшныхаа бүтээсэн “Буруу эргэлт” кинонд цагдаагийн ахмад, “Үлгэрийн хайр” кинонд тоглосон.
-Та хошин урлагийн дунд үеийн төлөөлөлд орох байх. Нас явж байна. Шинэ залуу жүжигчин олноор гарч ирлээ. Тэднийг хараад хааяахан залуу насаа бодоод шүүрс алдах тохиолдол гарч байсан уу?
-Яана аа, би ерөөсөө нас явж байна гэж боддоггүй ш дээ. Миний хийх юм урд байна гэж хардаг. Би залуусынхаа дунд нь ороод тоглох үедээ инээж ханиагаад явдаг. Залуу насыг сахилгаг үйгээр нь хэмждэг бол би цэл залуугийн тоонд орно шүү. Ахмад нь гээд хойморт залраад хүндлүүлмээрг үй байдаг. Онгирсон л болох байхдаа.
Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг болоод ч тэр үү атаархал энэ тэр юманд дургүй. Би “Шинэ үе”-ийнхээ охидод хайртай. Тэдэнд маань сайхан сэтгэл, сайхан бие, авьяас зүтгэл гээд сайн чанар олон байдаг.
-Цаашид ямар уран бүтээл дээр ажиллах вэ. Урлагийн тайзан дээр хэдэн нас хүртлээ ажиллая гэж боддог вэ?
-Ямар ч жүжигчин он удаан жил тайзан дээр байхыг хүсдэг байх. Миний хувьд болохоосоо болохгүй хүртэл явна. Болохгүй үеэ хүн мэдэрнэ шүү дээ. Гэхдээ эмэгтэй хүн тайзан дээр удаан байвал хэцүү юм болов уу гэж боддог.
Шинэ залуу үеэ гаргах хэрэгтэй биз дээ. Тиймээс бусдад боломж олгож, өөрөө ч гэр бүлдээ цаг зав гаргаж, ач, зээгээ харах гээд эмэгтэй хүнд ажил мундахгүй шүү дээ. Хүн намайг болчихсон, яваасай гэж бодож байгаа бол би хажууд нь удаан байхыг хүсэхгүй. Гэхдээ тэр үе хол байна.
-Олон шавьтай болсон биз дээ?
-“Шинэ үе”-д байгаа охиддоо мэддэг чаддагаа зааж өгөхийг боддог.
-Хэдэн жилийн өмнө шар хэвлэлээр таны эвгүй зураг гарсан. Ийм мэдээлэл гарсны дараа “Эхнэр минь болооч” гэж санал тавьсан хүнд та юу гэж хэлж байсан бол?
-Тэр явдлыг хүмүүс жаахан дэвэргэсэн. Өөрийнх нь хүүхэд болохгүй байхад тэс ондоо хөндлөнгийн хүний хүүхдэд санаа тавиад байдаг манайхны зан л байхгүй юу. Надад бол хэцүү зүйл огтхон ч байгаагүй. Тэр үед миний амьдрал эхэлчихсэн байсан.
-Таныг гаднаас нь харахад авхаалжтай сэргэлэн, их зөв бодолтой хүн шиг санагддаг. Амьдрал дээр Г.Ундармаа гэж ямар бүсгүй байдаг бол?
-Баярлалаа. Би зарчимч тал руугаа. Хариуцлага хүлээх чадвартай гэж боддог. Ямар нэг ажил бүтээхийн тулд ов мэх гаргахыг хүсдэггүй. Аливаад туйлбартай, үнэнч шударга ханддаг. Тэр хэрээр миний ажил үйлс бүтдэг байх. Яг одоо өөрийнхөө тухай хэлэх гэхээр сайн чанарууд нь санагдаад байх юм. (инээв)
-Таныг мебелийн дэлгүүр ажиллуулж байгаа гэж сонссон. Бизнес эрхлэхэд олонд танигдсан байдал тань тодорхой хэмжээгээр нөлөөлдөг үү?
-Ажиллуулдаг биш ажиллаж байсан. “Анун” компанид худалдагчаас нь авахуулаад борлуулалт хариуцсан захирал хүртэл ажилласан. “Шинэ үе”-д ажиллахынхаа хажуугаар хийж байлаа. Тэр үед ажлын ачаалал даадаг байж дээ. Өглөөний 08.00-18.00 цаг хүртэл “Анун”-даа ажиллаад орой нь тоглолтдоо оролцдог байсан.
Аль алинд нь сайн ажиллавал миний амьдрал ахуйд хэрэгтэй юм даа гэж боддог байсан үе. Аливаа ажлыг чанартай хийхийг эрмэлздэг. Харин одоо эзэмшсэн мэргэжлээрээ “Шинэ үе” продакшндаа ажиллаж их зүйл бүтээмээр байна. Тиймээс дэлгүүрийнхээ ажлыг одоогоор хийхгүй байгаа.
-Та аль нутгийнх вэ. Нууц биш бол гэр бүлээ танилцуулаач?
-Говь-Алтай аймгийн Алтай хотынх. Одоогийн Есөнбулаг сум. Тэнд миний хүүхэд нас өнгөрсөн. Нутгаа хааяа их санана. Хүний зүүдэнд ордог юм билээ. Аль болох нутаг руугаа явахыг хичээдэг. Ярилцлага өгөх бүрт гэр бүлээ танилцуулсаар байгаад улиг болох нь.
-Хэзээ ээж болохоор төлөвлөж байна вэ. Оройтож байна гэж боддог уу?
-Цаг нь ирэхээр болох байх аа. Бас их бэлдэж байгаа шүү.
-Та сүүлийн үед нэлээд жин нэмсэн байсан. Эргээд хуучин хэвэндээ орчихож. Нууцаасаа хуваалцаач?
-Тасралтгүй ажиллаж байсан хүн чинь ажлын ачаалал багасаад ирэхээр биед илт мэдрэгддэг юм билээ. Чөлөө авсныхаа дараа гэртээ нэг сар амарсан. Тэгээд нэг хэсэг жин нэмсэн дээ. Хоолоо зохицуулж бас их ажиллаж байсан болохоор бие махбодьдоо эрх чөлөө өгсөн юм. Гэхдээ цагийн юм цагтаа байдаг учир хоолоо зөв дэглэмд нь оруулсны дүнд хүссэн жиндээ хүрэх гэж байна.
