Америкийн
“Таймс” сэтгүүлийн сурвалжлагч хэдэн жилийн өмнө Монголд явж байгаад
говьд машин нь эвдэрч. Хайж хайж нэгэн айл олоод туслахыг гуйтал малчин
залуу “Бид одоо телевизээр Солонгосын “Чангун” үзэж байгаа болохоор
хүлээж бай” гэж хэлсэн гэдэг. “Чангун” киног 2007 онд Ираны телевиз
үзэгчдийн 90 хувь нь үзэж байсан гэдэг. Тунист солонгос хүнтэй
уулзахаараа Чангун сайхан шүү хэмээн гар бариад салдаггүй гэнэ.
Калькуттагаас онгоцоор 2 цаг нисэж хүрээд, ширэнгэн ой дундуур дахиад гурван цаг давхиж хүрдэг Энэтхэгийн уулын мухрын нэгэн хотод “Солонгос дуу хэн сайн дуулах вэ” уралдаан болж, 10000 хүний багтаамжтай танхим дүүрсэн байж. Бөмбөрцгийн нөгөө талын Чили оронд гэхэд л солонгос жүжигчдийн фэн клуб 50 гаруй байна. Энэхүү Солонгосын хэнээрхлээс ард түмнээ аврахаар зарим орон хөдөлж эхлээд байна.
Жишээ нь Тайвань. Өнгөрсөн жилийн Гуанжоугийн Азийн наадмаар Тайванийн тамирчин солонгос шүүгчийн буруугаас болж хасагдсанаар Солонгосын эсрэг үзэл гарч эхэлжээ. Гэсэн ч Тайваньд телевизийн гурван суваг бүтэн өдөр солонгос драм гаргасаар л... Амралтын өдрийн хэн ч зурагт үздэггүй цагаар л тайвань кино гаргадаг гэнэ.
Гэхдээ Тайваньд “Үндэсний нэвтрүүлэг 20 хувиас дээш гарсан байх ёстой” гэсэн хууль байдаг болохоор л тэр. Тиймээс уржигдар Тайванийн парламентын гишүүд 40 хувь болгон нэмэх санал гаргаж, Засгийн газар нь ч дэмжиж байгаа гэнэ. Ард түмний ухамсар, нутгийн жүжигчин, дуучдыг дэмжих зорилготой энэ хууль удахгүй батлагдана. Манайд ч гэсэн ийм хууль гарвал..