Хүний амьдралын утга учир юу вэ? Энэ үгийн хариултыг олон хүн сонирхдог. Харин гэр бүлийн аз жаргал л хүний амьдралын утга учир байдаг гэж судлаачид дүгнэдэг. Гэхдээ гэр бүлийн аз жаргалыг бий болгоно гэдэг хамгийн хэцүү зүйл. Гэр бүлээ насан туршдаа аз жаргалтай хэвээр байлгана гэдэг ч тийм амар зүйл биш. Тэгвэл яаж гэр бүлийн аз жаргалыг бий болгох вэ гэсэн асуулт аяндаа урган гарч ирнэ.
Аз жаргалтай амьдаръя гэвэл ханиа л зөв сонгох хэрэгтэй. Амьдралын ханиа хэр зөв сонгож чадсанаас таны амьдрал аз жаргалтай байх уу? Үгүй юу? гэдэг шийдэгдэнэ. Гэвч ханиа зөв сонгоно гэдэг бас л хэцүү асуудал. Ханилан сууж байгаа эр эм хоёр хэдийгээр бие биедээ хайртай, үнэнч байж болох ч тэдний хооронд санал зөрөлдөх асуудал олон гардаг. Хамгийн наад зах нь ханилан суусан эр эм хоёр, хоёр өөр ахуй нөхцөлд өсч хүмүүжсэн байж таарна. Тэдгээрээс гадна эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил гээд таарч тохирохгүй зүйл олон. Мөн түүнээс гадна шашин шүтлэг, хобби, хүсэл сонирхол гээд олон асуудлууд гэр бүлийн аз жаргалыг цогцлоох замд хөндөлсөнө. Үүнийг хэрхэн яаж даван туулж аз жаргалтай гэр бүлийг бий болгох бий болгох вэ?
Энэ талаар Эрэгтэйчүүдийн “Гарьдманлай” эмнэлгийн захирал, эмч Б.Цэгмидийн зөвлөгөөг хүргэж байна.
-Бие биеэ чин сэтгэлээсээ хайрлаж чадвал гэр бүлийн аз жаргалыг бий болгох магадлалтай. Хайр гэдэг нь хоёр хүн бие биеэ хүндэтгэсэн хүндлэл, итгэлээс үүсдэг хэмээн сэтгэл судлаачид үздэг. Итгэл хүндлэлээс үүссэн хайр л жинхэнэ аз жаргалтай амьдралыг бий болгодог. Гэхдээ ихэнх хүмүүс анхны харцаар бие биедээ дурладаг гэдэг. Үнэндээ ийм хайр бат бэх амьдралыг бий болгож чаддаггүй. Эе эвийг хичээсэн, хамгийн бат бэх гэр бүлүүдийн нууцыг судалж үзэхэд бараг 90 хувь нь эр нөхрөө ихэд хүндэлж харьцдаг болох нь тогтоогдсон. Гэхдээ энэ нь эр нөхрөө бурхан шиг тахь гэсэн үг биш шүү.
Харин аливаа зүйл дээр нөхрийнхөө шийдвэрт ач холбогдол өгч үгийг нь сонсдог, нээлттэй ярилцдаг, зөвлөлдөж чаддаг байх хэрэгтэй гэдгийг л хэлээд байгаа юм. Ертөнцийн хаана ч гэсэн эмэгтэйчүүд эр нөхрөө бусдаас дээгүүр тавин харьцдаг. Энэ нь ч их утга учиртай. Учир нь ийм хүндлэлээр хүрээлэгдсэн эр хүн өөрийнхөө хүч чадал, оюун ухаан, эрдэм мэдлэгийг дээд зэргээр мэдэрдэг. Харин тэр их хүндлэлийг эхнэрээсээ хүлээхийн тулд эр хүн хамтын амьдралынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулж чаддаг. Амьдралын туршлагаас харахад эр хүн өөртөө хэр зэрэг хүндлэл хүлээж авч чадаж байна тэр хэмжээгээрээ гэр бүлийн амьдрал нь өөдрөг байдаг. Иймд эр нөхрөө хүссэнээрээ байлгая гэвэл түүнийг хүндэлж байгаагаа мэдрүүлэх л хамгийн чухал юм.
-Ихэнх бүсгүй ханхүүтэй суух гэж мөрөөддөг нь нууц биш. Энэ талаар?
Тиймээ. Хүүхнүүд цөм л үлгэрийн ханхүү шиг бүх талаараа тэгш өөгүй эр хүнийг мөрөөддөг. Гэвч хувь тавиланг урьдчилан мэдэж болдоггүй. Зарим нь гадаад төрхөөрөө аятайхан харагддаг. Яг тулаад ойртож байж л жинхэнэ нүүр царай нь танигддаг. Ийм эрчүүдийн дотор сэхүүн зантай, уймраа, үглээ, эрх мэдэл хөөцөлдөгч, дээдсийг дуурайгч, харамч, шуналтай гээд бүтэлгүй толгойтууд олон.
Хамгийн харамсалтай нь ерөөс хайр сэтгэлтэй болох мөчид хүний тархи, хараа, бүхий л мэдрэхүй манан будантай байдалд ордог. Тиймээс шилж шилж суусан нөхөр чинь хамгийн олиггүй муу хүн байхад нэг их гайхаад хэрэггүй. Мунхаг эрд сайн болчихсон бол энэ үнэхээр дурлал уу, эсвэл шохоорхол уу гэдгийг олж ялга. Өөрөө түүнд сайн болохоосоо өмнө шүү дээ. Түүний юунд нь боловоо гэж өөрөөсөө асуу. Эртхэн зайгаа авах талаар бод. Гэвч зарим хүүхнүүд сэтгэл зовж шаналж байж таашаал, тайтгарлын хоёуланг нь авдаг гэж үзэх сэтгэл зүйчид бий. Харин бурхан энэрэнгүй хүүхнүүдийг амьдралын золионд хаядаг. Ажилсаг өрөвч хүүхнүүдэд ихэвчлэн бие сул, үргэлж халамж шаарддаг эрчүүд тохиодог. Энэ нь бурханы тэнцвэржүүлэлт байх л даа.
-Сүүлийн үед хүүхнүүд баян хүнтэй суух бодолтой болж?
-Баян хүнтэй суусан хүүхнүүдэд хайр дурлал бус тэвчээр л хэрэгтэй. Нууц амрагаас эхлээд тэдний олон янзын зан авирыг тэвчих хэрэг гарна гэдгийг бодох хэрэгтэй. Хорголоо тоолсон нүнжиггүй баячууд ч олон. Түүнээс хариу хайр нэхэж, ёс дүрэм ярих нь илүүц. Зарим гэр бүл эрс тэс сонирхолтой түүнээсээ болоод үргэлж хоорондоо тэсрэлдэж байдаг. Энэ хоёр ч удахгүй сална даа гэж бодтол салдаггүй. Учир нь ийм хосын ганц зохицох юм нь секс. Энэ нь эр эмийн явдал нь эвгүй зан араншинг номхотгож өгдөг гэдгийн нотолгоо юм.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”