Moderator: mgl_300
"Өвлийн өвөө надаа төрсөн өдөр өгөх юм чинь" - Цэцэрлэгийн нэг өдөр сурвалжлага
Уншсан 1392 vote 0 2011.01.02 16:24:52“Хүүхэд тань цэцэрлэгтээ өдөржин юу хийдэг бол?” гэх асуултад бат нот хариулчих эцэг, эхийг олсонгүй. “За байз...” гэж ирээд л алдуурсан бага насныхаа ой дурсамжийг тархиныхаа нугалаа юугаас эрэн тэмтчих нь хүүхдээсээ ч инээдтэй харагдсаныг нуугаад яахав. Галт тэрэгнээс аль хэдийнэ хоцорчихоод. Хүний амьдралын хамгийн үнэн, хамгийн гэгээлэг... тэд бол цав цагаан цаас. Бурхан, чөтгөрийн аль нь ч түүн дээр арван янзын ааш аягаа туршиж зүрхлээгүй тунгалаг, цэв цэвэрхэн “амьтад” шүү дээ. Манай “Нэг өдөр”-ийн баатар Т.Одончимэг. Гэхдээ тэр одоо болтол өөрийгөө “Бүжээ” гэдэг нэртэй гэж итгэдэг.
Тэр ... дугаар хорооны тансаг зэрэглэлийн байрны хамгийн дээд давхарт амьдарч, өдөр бүр тас хар өнгийн “Хаммер” жийпээр гэр, цэцэрлэгийн хооронд хүргүүлж, “Burberry”-гийн шинэ загварын хувцсаар гангалдаг хүүхэд биш. Улайм цайм дөрвөн хуруугаа гозойлгочихоод “Би гуравтай” гэж хэнбугай ч үнэмшмээр эгдүү- тэй хөөрхөн харцаараа ятгаж дөнгөдөг гэр хорооллын жирийн л нэг хүүхэд.
Өглөөний 07.30 цагт биднийг очиход мань хүн сүүгээ хөхөж байна гэж зүүдэлж буй хошуугаа цорволзуулан нойрсож байлаа.
Ээж нь эрт босоод галаа түлж, өглөөний цайг нь бэлдэж дуусаад “Бүжээ, миний охин босоорой” гэчихээд сувгаа “Shaun the sheep” хүүхэлдэйн кинон дээр тааруулахад тэр сэрлээ. Даахиа авахуулаад удаагүйг илтгэх халимаг үс, хэдий нойрмог ч “хэргийн эзэн” гэдгийг нь хэнээс ч нуухааргүй том алаг нүдтэй тэр, сэрээд л уйллаа.
Бараг унтаагаараа шахуу нойр мог амьтан ээжийнхээ хөхийг тэмтчиж олоод л... таван минутын дараа гэхэд тэр үймүүлдэг дээрээ бэлэн болжээ. Эхлээд Бүжээ манай гэрэл зурагчин, бид хоёрыг харж хэсэг томоотой сууснаа тэсгэл алдаад тавагтай чихрээс хамгийн томыг нь авав. Ээжийнхээ “Яаж байна” гэсэн харцанд тэр “Ганцхан л” гэж хариулаад зурагтын өмнө таг суулаа. Хулгайн нүдээр байн байн хараад л, хачин эгдүүтэй инээгээд л... Усанд орох цаг болжээ. Ванн дотроо гурван шар нугасаа хийгээд,
-Агаа, би усанд орохдоо уйлдагг үй ш дээ.
-Тийм үү, ямар мундаг юм бэ.
-Би бас мээмнээсээ гарчихсан...
-Худлаа яриад л, чи түрүүн мээмээ идээд л байсан ш дээ.
-Үгүй, би нэг мээмнээсээ гарчихсан, нөгөө мээмнээсээ маргааш гарчих юм чинь. Толгой дээр нь ус хийж өгч буй намайг харж, инээдээ барж ядах зуураа нүд рүүгээ хөөс оруулчихлаа. Тэр дороо л уйлах тактикт шилжих гэсэн ч түрүүхэн надад “томорсноо” санаад мэгшиж гарав. “Хөөх, чи нүд рүүгээ саван оруулчихаад уйлдаггүй юм байна ш дээ” гэж доргиовол толгой дохиж байна.
Цагийн зүү хэдийнэ 08.30- ийг зааж буй нь цэцэрлэгээсээ хоцрохын цондон болох тул, бушуухан биеийг нь арчаад ээж нь түүнийг хувцаслалаа. Энэ зуур надад шинэ жилээр цасан охин болохдоо өмсөх цагаан даашинз, титмээ заавал өмсөж үзүүлнэ гэж зөрж, бас л уйлдаг дээрээ тулан байж, “Агаа энэ хар аа, гоё цэцэгтэй. Өвлийн өвөө намайг цасан охин болгоно гэсэн юм чинь” гэж надад гайхуулах эрхтэй болов. Бүжээг хувцаслаж дуусаад, гарахаар завдтал “Ахаа та миний ёолкон дээр мөнгө тавихаа мартчихсан байна ш дээ” гэдэг байгаа.
08.45 цаг. Тэр анх удаагаа цэцэрлэг рүүгээ машинтай явж байгаа нь энэ. Гэрээс нь хоёр буудлын зайтай болохоор автобусанд суух, дулаанд бол алхахаад сурчихсан Бүжээ маань “Агаа, энэ зам биш ш дээ... өө бид нар төөрчихлөө... Ээжээ, гүүрээр гарахгүй юм уу” гэхчлэн ер ам хуурай явсангүй.
08.55 цаг. Бид СБД-ийн 36 дугаар цэцэрлэгийн үүдэнд ирсэн байв. Би цэцэрлэгийн амьдралын тухай анхан шатны мэдэгдэхүүнгүй хүн л дээ. Цэцэрлэгт хүмүүжих насандаа эмээтэйгээ “хашааны манаач” хийж өссөн болохоор найзууд маань “шар будаатай каш”- ны амтыг нүдэнд харагдтал дүрслэхэд төдийлэн таашаал авдаггүй байсан юм. Харин өнөө- дөр Бүжээ надад хүүхэд насны галт тэргэнд суух тийз өглөө.
09.00 цаг. Бид ялимгүй хо жигд чихож. Өдийд төрийн дуу лал дуулахад бэлдэх ёстой байтал, хувцсаа сольж зогссон юм. “Хонь хурга нийлэх” гэх зүйр үгэнд хамгийн тохирох үйл явдал цэцэрлэгийн хувцас солих өрөөнд өрнөдөг юм билээ. Энд
нэг нь уйлаад л, тэнд нөгөө нь мээмээ идэж, наана нь Бүжээ бид хоёр хувцсаа солих гэж ядах зуур, хажууд хэн нэгэн өрөөсөн гутлаа хайж байх жишээтэй. Энэ бүх адал явдлыг царцааж орхисон нэг үйл явдал цэцэрлэгийн тухай төсөөллийг минь шууд л нурааж орхисон доо.
“Ээж ээ, та намайг эрт ирж аваарай” гээд уйлах хүү- гийн хэлсэн үг, яг тэр агшинд ямар хүчтэй, бас өрөвдөлтэй сонсогдсон гээч. Харин манай баатар, өглөө босоод огт шалтгаангүй хэчнээн дусал нулимс гарзадсанаа мартчихсан “Агаа би ингэж уйлдаггүй ш дээ, уйлдаг хүүхэд муухай тийм ээ” гэж байна. Цагаахан ч амьтан бол доо. Муу хүүхэд гэж байдаггүй юм гэнэ лээ. Харин муу эцэг эх л байдаг гэсэн шүү.
-Агаа та явахгүй юм уу?
-Би өнөөдөр танай цэцэрлэг дээр, чамтай хамт өнжинө шүү дээ.
-Худлаа яриад л...
-За за, тэгвэл би явъя даа...
-Та муухай, за юу. “Одноо, сандлаа авчраад суугаарай” гэж багшийгаа хэлэхэд тэр огло харайгаад гүйлээ. Ангийнхан нь яаж зүггүйтэх, баг шийн эсэрг үүцсэн бүхнийг хийх “хүч”-ээ нүдэндээ асаачихсан амьтад, царай царайгаа хараад л инээд урлаж гарав. Төрийн дууллаа дуулахад бэлэн болжээ. Энэ хэсэг хамгийн гоё нь. 26 бяцхан гар зүрхэн тус газраа тамгалж (зарим нь зүүн суган дотроо тавьчихсан харагдав), хамгийн чангаар, үнэн сэтгэлээсээ тэд Төрийн дууллаа дуулж байна. Үг нь ямар утгатайг мэдэх байтугай, дуугаа бүрэн цээжилсэн нь ховор гурван настнуудаас эх оронч сэтгэл л үнэртэж байсан. Тэгээд л болоо. Өөр юу хэрэгтэй юм бэ?
09.10 цаг. Нэг, хоёр, нэг хоёр... Бүжээ ба түүний нөхөд өглөөний дасгалаа хийж байна. Багшийнхаа тоолохыг ч үл анзааран ёстой зоргоороо, хөндлөн гулд алхацгаана. Энэ чинь л эрх чөлөө байх даа. Дүрэм зөрчих нь дандаа буруу сонголт байдаггүй юм чинь. Харин манай Бүжээ хачин үнэмшилтэй алхаж байна. Намайг явчихаж уу, үгүй юү гэж нүднийхээ булангаар сэмхэн харна аа бас. Яагаад байн байн ийм үйлдэл хийснийг нь “Ээж, аав хоёр цэцэрлэгт хүргэж өгөөд л явчихдаг болохоор...” гэж хэлснийх нь дараа л ойлгосон. Хүүхдүүд их уйдамхай болохоор таван минут алхаад л үймүүлэх төрх рүүгээ шилжиж байна. Амралтын цаг.
-Агаа та яагаад Төрийн дуулал дуулж байхад гараа эндээ (зүрхэн тус газраа) тавихгүй байсан юм, багш загнавал яана.
-Заавал тэгэх ёстой байдаг юм уу?
-Яагаад гэвэл би монгол хүн юм чинь гэж тэр хачин үнэмшилтэй, нүүрний хувиралтай хэлэхэд нь өөрөөсөө ичсэн шүү. Биднээс алхам алхмаар холдсоор байгаа эх оронч үзэл ирээдүйгээс минь ийм хүчтэй үнэртэж байгаа нь сэтгэл хөдөлгөсөн. Дараа нь харин яасан гээч. Тэр ангийнхныгаа уриалж намайг гижигдсэн. Эмэгтэй хүүхэд гэхэд нэлээн хөдөлгөөнтэй нөхөр байна шүү.
Ашгүй багш ирж, өглөөний цай бэлэн болсныг дуулгалаа. Сарнайгийн царай нэг л тавгүй оргиод байсан болохоор багш нь шалгахад, хүндээр бие засах шинж тэмдэг илэрсэн тул шууд л ариун цэврийн өрөө зүглэлээ. Энэ хоорондоо ангийн хүүхдүүд сандлаа булаацалдаж, багахан “дайн” дэгдээж амжив.
Бүжээгийн нохойтой сандлыг Батука булаасныг мэдээд, түүнийг уйлахыг ч үл тоон түлхэж унагаачихаад хээв нэг миний хажууд ирээд суучихав.
“Агаа, Би Сарнай шиг өмдөндөө баадаггүй ш дээ”. Батукагийн багшдаа ховлож байгааг тэр анзаарах ч сөхөө алга. Буруу зүйл хийх болгонд нь зохих шийтгэл оноодог бидний дийлэнхийн арга барилын үр дүн энэ байх. Батука сандлыг нь булаасан бол түүнийг түлхэж унагаах, уйлахад нь нулимсыг нь арчих албагүй. Яг л бидний араншин.
09.30 цаг. Тэд өлсчээ. Сарнайгаас бусад нь өглөө гэрээс гарахдаа юм идээгүй бололтой (Энэ зүгээр л таамаг). Хоёр бүсгүй ширээнд суугаад гуравдагч этгээдийг муулж эхэлдэг бол хүүхд үүдийн хоолны ширээнд ямар яриа өрнөдөг бол. Ширээний цаана 26 ертөнцийн хаалга байна. Бүгд нээлттэй. “Манай ээж аавын нүдийг ёоёо болгочихсон”, “Аав надаа гоё машин авч өгнө гэсэн”, “Тэгвэл манай ээж надаа гоё хүүхэлдэй авч өгсөн юм чинь...”, “Манайд зөндөө тоглоом байгаа”, “Манай аав машингүй болчихсон. Ээж аавыг мөнгө олж ир гэж загнасан, аймаар...”, -Манай эмээ бурхан болсон ш дээ. Тэнгэр дээр байгаа гэсэн.
-Аль?
-Тэнд байгаа (бүгд цонх руу гүйлдэн, ...-ийн хуруун чиг хачин үнэмшилтэйгээр харж зогсоно. Бурхан хүүхдэд л харагддаг гэдэг үнэн юм болов уу?) Миний хэзээ ч амсаж байгааг үй, цэцэрлэгийн жороор бэлтгэсэн шар будаатай каш. Үнэр нь ёстой гоё. Багад манай найзууд яагаад тэгтлээ тамшаалж ярьдаг байсныг нь ойлгох шиг боллоо. Анги чив чимээгүй.
Тэгснээ нэгэн зэрэг “Тавтай сайхан цайлаарай”. Хоолны ширээн дээр чимээгүй байх хууль үйлчилнэ гэдгийг багш сануулав. Хүүхэд л юм хойно, бидний хориглосон болгоны эсрэг зүтгэх нь даанч адтай. “Миний шээс хүрээд байна”, “Би шар будаанд дургүй”, “Багшаа, Тэмүүлэн хоолоороо тоглоод байна шүү”... дүнгэр дүнгэр гэх чимээ намжих янзгүй. Бүжээ надад уралдаж идэх санал тавилаа. Хоёр том халбагадахад л түүний хоол дуусахаар байсныг тэр мэдээд ингэв бололтой.
-За тэгье, нэг, хоёрын гурав аа... (хоёр гурван халбаганы дараа)
-Агаа би дуусчихсан. Энэ хар аа. (Амаа байдгаараа том ангайх зуураа, хоосон аягаа харуулж байна)
-Мундаг юм аа.
Тэр хоолны ширээний ард чимээгүй байх “хуулийн заалт”-ыг зөрчсөнийхөө төлөөсөнд багшаасаа таагүй харц, бас чимээгүй суухыг ухуулсан хэдэн үгээр “шагнуулав”. Тэр
түрүүхэн ярьж байснаа ор тас мартаад, жижигхээн долоовор хуруугаа уруулныхаа тэхий голд аваачаад, нүдээрээ нэг юм хэллээ. Аяга цай уусны дараа нэг цагийн эрх чөлөө.
09.55 цаг. Хүчтэй нь хүчг үйгээ гэх байгалийн хууль хүүхд үүдэд ч бас үйлчилдэг юм билээ. Бүжээ охин хүүхэд гэлтгүй, багшийнх нь хэлснээр ангийнхаа овгор нь аж. Ангийнх нь охид барби, хүүхэлдэй сэлтхэн эргүүлж байхад Бүжээ маань хөвгүүдтэй цор ганц хувь байдаг цэнхэр морь булаацалдаж зогсоно. Хоёр хөвгүүн “эвсэл” байгуулан, нэг нь хөлнөөс нь хазаж, нөгөө нь цамцнаас нь чангаасаар түүнийг унагаж орхилоо. Хүүхдүүд цагаа тулвал хамгийн харгис байдаг аж. Бүжээ нулимсаа барьж ядан,
-Агаа, Тэмүүлэн, Батука хоёр намайг зодсон... (эхэр татна)
-Яадаг, муу хүүхдүүд вэ.
-Та тэр муу хоёрыг “бай, бай” гээд өг... (Эхэр татсан хэвээр). Тэдний дотор үзэн ядалт, өшөө авах үзэл ийм хүчтэй оршдогийг өмнө нь ер анзаарч байсангүй. Би тэр дүрсгүй нөхдүүдийг хашраах санаатай “бай чи, бай чи...” гэж нуруун дээр нь зөөлхөн цохиод, “Одоо болсон уу” гэж асуувал тэр толгой дохиж байна. Бидний л тарьсан үр шүү дээ. Бүжээ надаас залхах янзандаа оров бололтой. Орилоод л гүйнэ, диван дээр гарч үсэрнэ. Номиотой ширээн дор нуугдаад, өөрсдийнхөө нүдийг дарсны дараа “намайг олоорой” гэнэ.
Хачирхалтай нь, хачирхаад байх ч юу байх вэ дээ, “бусдынх амттай” гэх зарчмыг бурхан хүн болгонд ижил тэгш заяасныг эндээс харж болох юм билээ. Дөнгөж сая “дайн” болж, нулимс, хүч хоёроо гарздан байж авсан ачааны машинаас, өөр нэгний буу илүү сонирхолтой харагдана. Тийш гүйж, дахиад л тэмцэх хэрэг гарна.
11.00 цаг. Энэ бол авьяас хөгжүүлэх цаг. Удахгүй шинэ жил болох учраас өвлийн өвгөнөөс бэлэг авахын тулд бүгд ямар нэг “роль” гүйцэтгэх ёстой. Тэгэхгүй бол өвлийн өвгөн бэлэг өгдөггүй гэж багш нь хэлсэн учраас тэд хачин идэвхтэй байна. Хүүхдүүд дуртай юмандаа, бүх сэтгэлээсээ ханддаг. Дургүй байсан ч бид хүчилдэг л дээ. Гэхдээ л... Эдний анги уул нь 50 гаруй хүүхэдтэй гэж байгаа. Хоёр долоо хоногийн өмнө ... ангид “салхин цэцэг”- ийн үрийг “суулгаснаас” өнөөдөр ирсэн нь ердөө 26. Шинэ жил болох гэж байдаг, цасан охид, баавгай,чоно ихэнх нь алга. ...Жижигхэн гацуурхан
Өвөл хүйтэн байна даа
Тэртээ ойгоос гацуурхныг
Гэртээ бид нар авчирлаа... Хэзээ ч хөгширдөггүй энэ дууг Бүжээ өглөөхөн надад үзүүлсэн цагаахан даашинзтайгаа дуулна. Тэр их эвлэгхэн бүжиглэдэг юм билээ. Тэд дахиад ядарчихаж. Үймүүлэх хүч нь улам бүр саарч байх шиг. Динг, динг. Үдийн хоолны цаг.
12.05 цаг. Өнөөдөр хагас цагаан хоолтой өдөр гэнэ. Боорцог, ногоотой шөл, бас бэрээс. Бүжээгийн нүд анилдаж байгаа ч хэр чинээгээрээ л үймүүлэхийг хичээнэ. Багшийгаа хоол аягалах зуур
-Би танд “Баяраа ойрдоо”-г уншаад өгөх үү?
-Тэг л дээ. -Баяраа ойрдоо ажил ихтэй. Байшин бариад амралт багатай... Бүжээгийн уншихыг сонссон ширээнийхэн нь би танд “Маамуу нааш ир” дуулаад өгөх үү “Маамуу...”, “Би тэгвэл “Гацуурхан”-ыг мэдэх юм чинь”... “Жижигхэн гацуурхан...”. Толгой эргээд, амаргүй байсан ч аль алиныг нь “Чимээгүй!” гэж унтраах хүсэл надад байсангүй.
12.25 цаг. Унтлагын цаг эхлэх нь. Охидын ихэнх нь “нойрсож буй гүнж ажиллагаа”-ндаа ороход бэлэн болжээ. Багш тэднийг хоолоо идэж дуусахаас нь өмнө ор засаж амжив. Ура! Бүгд гүйлдлээ. Цэцэрлэгийн уурын зууханд асуудал гарсны улмаас анги бүхэлдээ хүйтэн.
Хөөрхий тэдний гар цэв хүйтэн, арьс нь бэржийчихсан байна. Бүжээгээс бусад нь орондоо ороод авлаа. Манай хүн намайг хуга панаалдсаны хүчинд ээжтэйгээ утсаар ярина. “Ээжээ, би Сарнай шиг өмдөндөө баагаагүй ш дээ..., би танд “Баяраа ойрдоо” уншаад өгөх үү..., “Агаа бид хоёр уралдаж хоол идээд би түрүүлсэн ш дээ...”. Ээж ажилтай учраас утас тасрав. Гэвч тэр үнэмшилтэй нь аргагүй ярьсаар л. -Агаа, ээж надаа хайртай гэжийнэ.
-Чи ээждээ хайртай юм уу?
-Хайртай ш дээ. Би ээждээ, эмээдээ, Мө ахдаа, Ийка ахдаа бас хайртай. Би одоо том аниа болж байгаа. Надаа Мө –агаагийн Оюука дүү байгаа. Бас Отгоо аниагийн гэдсэнд миний дүү байгаа. Би тэгээд, ийм олон дүүтэй болно. (есөн хуруугаа гозойлгов).
13.10 цаг. Хүүхдүүдийг унтах хооронд би коридорт зогсов. Оройн хоолонд өгөхөөр бэлдэж буй жигнэмэг, зөвхөн хүүхдээс л үнэртдэг тэр гоё үнэр энүүгээр нэг үнэртэнэ. Энд зогсох уйтгартай байна. Сэм шагайвал, Бүжээ, Номио хоёроос бусад нь хэдийнэ унтчихаж. Гэхдээ тэд намайг хараад хүчээр нүдээ аниад, хөнжлөө нөмрөөд унтчихсан. Тэд одоо ээжийнхээ халуун өврийг үгүйлж байгаа гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна.
14.30 цаг. Бүгд унтаж байна. Багш надад ангийнхнаа даатгаад түр гарч одлоо. Унтаж байгаа хүүхдүүд эгдүүтэй харагдах юм. Хацар нь яв ягаан. Заримынх нь уруулд инээмсэглэл тодорчихож.
15.30 цаг. “Ээж ээ, би ээжийгээ санаад байна”. Нэг мэдсэн би унтчихаж. Тэгээд энэ чимээнээр сэрчихэв. Сарнай ээжийгээ санаад байна гэсээр эхэр татуулан уйлж суув. Энэ чимээнээр ангийн хамгийн бөх нойртой хүүхэд ч сэрж. Учир нь тэдний үзэл бодол нийлж байна. Тэд ээжийгээ санаж байна. Нүүрэндээ нэг их ухаалаг, хэрсүү царай тодруулаад... арай ч дагаад уйлчихгүй юм. Бүжээгээс эхлээд хачин дуулгавартайгаар ариун цэврийн өрөө орцгоолоо. Босох цаг болж дээ.
15.45 цаг. Сарнайгийн уйлсан нь одоо болтол толгойноос нь гараагүй бололтой. Байн байн хаалганы зүг харцгаана. Үдийн хоол боов, хар цайтай. Гэвч ихэнх нь энэ цэсэнд дургүй шинжтэй. “Хоолоо идэхгүй байгаа хүүхдийг цэцэрлэгт нь хонуулна шүү” гэж багш сүрдүүлж байна. Өрөвдөлтэй нь, тэд жинхэнээсээ гэж итгээд “Багшаа би боорцгоо идчихсэн..., намайг хар даа, би дуусчихсан” гэж ам уралдан хэлцгээв. Миний хажууд суусан Бүжээ маань дутуу хазсан боорцгоо надад сэмээрхэн өглөө. “Багшаа би дуусчихсан”.
16.20 цаг. Гурван настай хүүхдүүд тоо мэдэх нь юу л бол. Гэхдээ л тэд цагийн зүү тавын тоотой давхцахад гэр рүүгээ харих нь тодорхой болдог гэдгийг гадарладаг бололтой. Цаг, хаалга руу зэрэг зэрэг харцгаах нь ... цэцэрлэг ер нь ямар зориулалттай газар юм бэ?
16.30 цаг. Удахгүй болох шинэ жилийг тэд мартжээ. 30 минутын дараа ирэх ээж, ааваа л тэд хүлээнэ. Түрүүхэн өвлийн өвгөний тухай хачин үнэмшилтэйгээр “Шинэ жилээр өвлийн өвөө ирээд, тэгээд надаа гоё бэлэг өгнө. Бас надаа төрсөн өдөр өгөх юм чинь (бялууг хэлж буй бололтой)” гэж хэлсэн Бүжээд хаанаас ирэх нь үл мэдэгдэх өвлийн өвгөн яг одоо бол сонин биш. Ангиараа шинэ жилээр эцэг эхдээ үзүүлэх “Манжин” үлгэрийг давтаж байна.
17.00 цаг. Ура!. Надад нэг зүйл сонин санагдсан. Яадаг юм, огт таалагдаагүй гэчихье. Өдөржин хамт байсных тэд эцэг, эхээ яаж догдлон хүлээж байсан билээ дээ.
Сарнайг уйлсны дараа ангийнхан ямар нүүрний хувирал үзүүлэн хэвтэж байсныг эцэг эхчүүд хараагүй болохоор ... зүгээр л хувцсанд нь баглаад аваад явчихна. Одноог эмээ нь нэлээн хожуу ирж авсан. Ангид гуравхан хүүхэд үлдлээ. “Эмээ би танд “Баяраа ойрдоо”-г уншаад өгөх үү?”
Ж.Тэгшжаргал
hn