Бичлэгийн тоо 5,522
Тэргүүн хунгын дэвэлтэнд
Тэнгэр ганхах нь худлаа юм
Даарна гэдгийг нь мэдсээр байж
Дагаж уйлдаг нь хүмүүс л юм
Гархин хээний бидэрт
Горхи сэмрэх нь худлаа юм
Гомдоно гэдгийг нь мэдсээр байж
Гортиг үлдээдэг нь хүмүүс л юм
Сүүн сарны гэгээнд
Сүүдэр нуугдах нь худлаа юм
Хоосон гэдгийг нь мэдсээр байж
Хорвоог зүхдэг нь хүмүүс л юм
Ялгуун намрыг хүлээж
Яргуй өтлөх нь худлаа юм
Буцна гэдгээ мэдсээр байж
Бурханаас гуйдаг нь хүмүүс л юм

Харах нүдээ чилтэл хайртай бүхнээ санадаг ч
Сүү шиг сайхан үгсийг биедээ бага хэлэх юм даа
Сүүдрээн хүртэл муулах нь холгүй
Сүүтийтэл бид алхах юм даа
Ордны албат шивэгчин эмс
Олиггүй үгс хэлэлцэх шиг
Ховын хар ховоогоор сэтгэлийнхээ онгоцыг дүүргэчихээд
Худал үнэний хооронд шоргоолж мэт мөлхсөөр байтал
Хүн чанарын минь дээл аль хэдүйнээ цоорчихжээ
Хүсэн тэмүүлэх сайхан амьдралаа бид сөөм сөөмөөр нь мэрсэн байна
Чамайг хүн хайрлаж байвал
Чадлынхаа хэрээр хайрлаарай!
Чамайг хүн гомдоож байвал
Чагнаагүй л юм шиг хаячихаарай!
Монгол хүний нас дэндүү ахархан юм шүү
Модон өргөст шилбүүрээр биенээн бага ороолгоё доо...