Монгол Улс 2020 он гэхэд атомын цахилгаан станцтай болно хэмээн “Синьхуа” агентлаг дамжуулав. Манай улсын газар нутагт 20 компани уран олборлож буй бөгөөд Засгийн газар ураны нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэлтэй байгаа талаар Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн дарга Т.Баярбаясгалан ярьжээ.
Олборлосон ураныг Монголдоо баяжуулж, заримыг нь атомын цахилгаан станцдаа ашиглаж, үлдсэнийг нь экспортлох аж. “Энэ нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн дэмжлэг болно” хэмээн тэрбээр өгүүлээд, ураныг зөвхөн энхийн зорилгоор ашиглана гэдгийг онцолсон байна.
Дашрамд сонирхуулахад, манай улс ураны баялаг нөөцтэй бөгөөд Олон улсын атомын энергийн агентлагийн судалгаанаас үзэхэд монголчууд “шар бялуу”-ны нөөцөөр дэлхийд 16 дугаарт бичигддэг бол Ази тивдээ Казахстан, Узбекистан, БНХАУ, БНЭУ-ын дараа ордог юм. Гэвч бид эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг нүүрснээс гарган авдаг билээ.