“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн мягмар гаригт хуралдаж, гүйцэтгэх захирлаараа “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбишийг түр томилжээ. Уг албан тушаалын сонгон шалгаруулалт зарлахад гадаадын нэгэн иргэн өндөр үнэлгээ авсан бөгөөд хөдөлмөрийн нөхцөлийг нь хараахан тохироогүй байгаа тул түүнийг түр томилсон аж.
Харин ТУЗ-ийн даргаар ТӨХ-ны дарга Д.Сугар, гишүүдэд ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв нарын төрийн төлөөлөл багтжээ.
Төрөөс хараат бус гурван гишүүнд мэргэжлийн холбоодын төлөөлөл хэмээн ШУТИС-ийн зөвлөх профессор, доктор, Монголын маркшейдерийн холбооны тэргүүн Д.Дондов, иргэний нийгмийн төлөөлөгчөөр Ж.Батзандан, хөрөнгө оруулалтын “Морган Стэнли” банкны уул уурхай, металл хариуцсан захирал Петер Баккус нар томилогдсон байна.
Олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гаргахад үнэт зөвлөгөө өгнө хэмээн Петер Баккусыг үнэлж буй аж. “Будаг нь ханхалсан” шинэхэн компани айсуй он гармагц бизнес төлөв- лөгөөгөө боловсруулж, удтал хүлээлгэсэн их бүтээн байгуулалтын ажилдаа орох биз ээ.