Жил бүрийн арванхоёрдугаар сард өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө амь насаа зориулсан алба хаагчдынхаа баатарлаг үйлсийг мөнхжүүлэн дурсаж “Бид мартахгүй” өдөрлөг зохион байгуулдаг.
Энэхүү хүндэтгэлийн өдөр өчигдөр тохиож дотоодын цагдаагийн бие бүрэлдэхүүн болон талийгаачдын ар гэрийнхэн, Цагдаагийн академийн өмнөх талбайд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан 54 алба хаагчийн гэгээн дурсгалыг мөнхжүүлж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр талийгаачдын баатарлаг үйлсийн тухай ном, товхимол, богино хэмжээний кино, нийтлэл, нэвтрүүлгийг танилцуулжээ. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир амь насаа бусдын төлөө өгсөн зарим цагдаагийн ар гэрийнхэнд тусламжийн зүйлс гардуулав.