Эдгээр иргэдээс өнөөдрийн байдлаар гадаад паспортоо хаяж үрэгдүүлсэн болон гэрээ (виза)-ний хугацаа дууссан ч нууцаар ажиллаж, амьдарч байсан 10 гаруй Монголчууд Солонгосын цагаачлалын
албаны албадан гаргахаас өмнөх түр саатуулах байранд саатуулагдаад байна. БНСУ-ын Албадан гаргахын өмнөх түр саатуулах байр нь 1992 онд Хууль зүйн яамныхаа харьяанд анх байгуулагдсан. Түүнээс хойш үйл ажиллагаагаа улам өргөжүүлж 1997 онд “Хуасон” түр саатуулах байр нэртэй болж, 2002 оноос одоогийн шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Энэ албадан гаргахын өмнөх түр саатуулах байранд нэг зэрэг 1000 гадаад иргэн хүлээн авах багтаамжтай 61 өрөө (камер)-тай. үндсэн 94 ажилтантай. Хууль зөрчсөн гадаад иргэдийг хамгаалах 96 албан хаагчтай гэнэ.Өнөөдрийн байдлаар энэ байранд 300 гадаад иргэн саатуулагдаад байгаагын 10 орчим нь Монгол. Тэднээс 3 нь эмэгтэй, үлдсэн нь эрэгтэйчүүд байлаа. Нэг иргэнийг нутаг буцаахын өмнө түр саатуулах байранд байх нэг өдөрт багадаа 20.000-25.000 вонныг зарцуулдаг. Хэрвээ тухайн иргэн нутаг буцах зардалгүй бол Солонгосын засгийн газраас шийдвэрлэн онгоцны билет зэргийг авч өгдөг байна. Төрөлх эх оронруугаа буцах хүсэлгүй иргэд түр саатуулах байранд байх хугацаандаа Солонгос улсад цагаачлах хүсэлт гаргадаг ч цагаачлах зөвшөөрөл нь 1-2 жилийн хугацаанд шийдэгддэг. Энэ хугацаанд саатуулах байранд байсаар 4 жил ч болох тохиолдол гарч байжээ. Тэр ч бүү хэл нутаг буцах хүсэлгүй, Солонгос улсад ч амьдрах боломжгүй болж саатуулагдсан иргэд амиа хорлохыг олонтаа оролдож байжээ. Тэд амиа хорлох гэж хувцасаа урж олс ээрч, элдэв эм бэлдмэл уух, шил, хуванцарын хагархай зэргийг хэрэглэж байсныг саатуулах байрныхаа илрүүлэн хураан авсан байна. Харин Монгол улсын иргэд саатуулах байранд байхдаа нэг ч удаа цагаачлах хүсэлт өдгөөг хүртэл гаргаж байгаагүй юм байна. Албадан гаргахын өмнөх түр саатуулах байранд байгаа хууль бус гадаад иргэдийг 365 өдрийн 24 цагийн турш хяналтын камераар харж байдаг. Зугтах ямар ч боломжгүй тул нэг л баригдан саатуулагдсан бол нутаг буцахаас өөр аргагүй болдог байна. Монголын гадаадын иргэн харьяат, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар болон тагнуулын ерөнхий газрын албан хаагчид саатуулах байртай танилцах үед саатуулагдсан Монгол иргэдтэй юм ярихыг хориглож, зураг авч, видео бичлэг хийхийг хориглож байсан юм.